Шууд Chart

Ховд аймагт Алтан Хөхий уулын хишиг барилдаан болов

2015-02-25 17:41:50

Ховд аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан харьяа сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран Алтан Хөхий, Цамбагарав, Жаргалант, Сутай хайрхан, домогт Байтаг богд уулын хишиг барилдаануудыг зохион байгуулахаар төлөвлөн явуулдаг. 

Уг төлөвлөгөөний дагуу 2015 оны хоёрдугаар сарын 24-нд Ховд аймгийн Биеийн тамир спортын ордонд Алтан Хөхий уулын хишиг барилдааныг Мянгад сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, аймгийн спорт хороотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү барилдаанд улсын харцага Г.Алтангэрэл, аймгийн арслан Б.Батмөнх нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Мянгад сумын харьяат бөхчүүд түрүү булаалдаж их шөвөгт шалгарснаас аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан түрүүлж, улсын харцага Ганбатын Алтангэрэл үзүүрлэж, аймгийн заан Д.Уламбаяр, Чандмань сумын уугуул, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр нар шөвгөрчээ.

Энэхүү барилдааныг Аймгийн Үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн баг болох Хүндэт гарын даа Б.Шоовдой, Ахлах гарын даа Б.Сандагсүрэн, н.Мягмарцог, гарын даа С.Загдсүрэн, Бөхийн тайлбарлагчаар Г.Пүрэвганди, хөлийн цэцээр Аймгийн Арслан Б.Батмөнх, засуулаар цолчин засуул Н.Ихбаяр, Лхагвасүрэн, засуул Н.Сүхбаатар, Батжаргал нар ажилласан байна.

Энэ барилдааны бас нэгэн өвөрмөц арга хэмжээ бол хурдан удмын дааганы супер шагналтай азтай үзэгч шалгаруулах сугалааны тохирол байсан аж. Нийт 33 азтанг тодруулсан бөгөөд супер шагнал болох эр хонины азтанаар Ховд сумын харьяат, сумын начин н.Алыплам, Мянгад сумын уугуул бизнесмен н.Уранчимэг нар, Хурдан удмын дааганы азтанаар Дөргөн сумын уугуул, 12 жилийн сургуулийн сурагч Г.Бат-Очир нар тодорчээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ховд аймагт Алтан Хөхий уулын хишиг барилдаан болов  
Үзсэн: 2464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй