Шууд Chart

Ч.Өнөрбаяр: Эдгээр хүмүүст уучлал үзүүлсэн ч төлөх ёстой татварыг нь төлүүлнэ

2015-02-26 14:09:29

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн.

 Энэ талаар Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодрууллаа. 

-Ерөнхийлөгч Жастин Капла нарт уучлал үзүүлчихлээ. Зарим иргэд уг асуудалд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байна. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?
-Бүх зүйл хуулийн хүрээнд хийгдсэн. Ер нь Татвараас зайлсхийсэн хүнийг хорих нь зөв зүйтэй шийдэл биш гэсэн бодлогыг бид барьж байгаа. Ерөнхийлөгч Монгол Улсын иргэдэд ч мөн уучлал үзүүлсэн. Бид цаашдаа хууль эрх зүйн орчноо харах ёстой юм байна лээ. Татвараас зайлсхийсэн хүнээр мөнгийг нь заавал төлүүлэх ёстой. Энэ бол зарчим. Харин барьж аваачаад шоронд хорьчихоор чинь хэн ч татвараа төлөхгүй. Тухайн компани болон хувь хүн татвараас зайлсхийсэн бол тодорхой график гаргаад татварыг нь төлүүлдэг байх хэрэгтэй. Татвар төлж байгаа байдал нь ч тухайн аж ахуйн нэгждээ дарамт багатай байх хэрэгтэй. Төр бол хяналт тавиад татварыг нь төлүүлээд торгууль тавьсан бол түүнийгээ аваад явдаг зарчимтай байвал манай улсын эдийн засагт ч хэрэгтэй. Энэ нь хуулийнхаа бодлого зарчимд зөв юм болов уу гэж бодож байна.

-Жастин Капла нарыг суллаж төлөх ёстой татвараас нь чөлөөлж байна гэдэг ойлголт хүмүүсийн дунд байна?
-Эдгээр хүмүүст уучлал үзүүлсэн нь төлөх ёстой татвараас нь чөлөөлчихөж байна гэсэн үг биш. Татварын хохирлыг төлүүлнэ. Харин хорих ялаас нь чөлөөлж байгаа юм.

-Ерөнхийлөгч олон улс дахь Монголын нэр хүндийг бодож ийм шийдвэрийг гаргалаа гэж байна. Гадны иргэнд уучлал үзүүлэхтэй холбоотой манай улсын бодлого ямар байдаг юм бэ?
-Ерөнхийлөгч уучлал үзүүлье гээд л үзүүлчихдэг юм биш. Монголын нийтлэг эрх ашиг, олон улсын харилцаа, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гадны хөрөнгө оруулалт, манай хуулийн тогтолцооны буруу жишиг гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж уучлал үзүүлсэн. Та бүхэн мэдэж байгаа байх. Жастин Каплагийн хэргийг шүүх хурлын эхний өдөр улсын яллагч, прокурор нь торгох саналтай орчихоод хоёр дахь өдөр нь хорих саналтай орсон. Энэ бол байж боломгүй зүйл. Гэхдээ манай эрүүгийн хуулийн процесс ийм байна. Тиймээс эрүүгийн хууль зэргийг шинэчлэх шаардлага байгаа. Дашрамд сануулахад, Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан юм. Өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ч өөрийн улсын иргэн Дамдинд оногдуулсан цаазаар авах ялыг хэлтрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг БНХАУ-ын даргад тавьж, хүсэлт амжилттай хэрэгжиж байсан билээ. Энэ мэтчилэн иргэнийхээ эрхийг хамгаалах үүднээс уучлал үзүүлж өгөх хүсэлтийг төрийн тэргүүнүүд хоорондоо тавьдаг. 780 орчим байгууллагын татвараас зайлсхийсэн хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тэр 780 байгууллагад бүгдэд нь ял өгнө гэдэг зөв зүйл биш юм. Харин түүний оронд татварыг нь төлүүлэх ёстой нь зүйтэй юм.

-Ерөнхийлөгч жилд хэдэн хүнд уучлал үзүүлдэг юм бэ?
-Ерөнхийлөгч нэг жилд ойролцоогоор 15-20 орчим хүнд уучлал үзүүлдэг.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ч.Өнөрбаяр: Эдгээр хүмүүст уучлал үзүүлсэн ч төлөх ёстой татварыг нь төлүүлнэ   
Үзсэн: 1637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй