“Босоо хөх Монгол” ТББ болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүд хамтарч Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх тухай хуулийн төслийг эсэргүүцэж Ноён уулаа аврахаар 13 хоног өлсгөлөн зарласан билээ. Тэд мөн Урт нэртэй хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулж Ноён уулыг тусгайлан дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийг Ерөнхийлөгчөөс шаардсан.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгмийн ТББ-ууд хамтран Ноён уулын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлсэн юм.
“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үеэр Санкт-Петербург хотын Эрмитажийн музейг үзэж сонирхоход доод давхарт нь Ноён уулаас олдсон Казловын археологийн ховор үзмэрүүдтэй танилцсан. Эдгээр дурсгалыг судлах талаар тухайн үеийн Ерөнхийлөгчтэй ярилцсан” гэв. Мөн Ноён уул, Хүннүгийн үеийн булшийг ухаж хөндөхгүй байх Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа гээд хэрэв ухаж хөндөх юм бол мэргэжлийн хүмүүс хийж, холбогдох зардлыг нь даах, олдсон олдворыг нь орон нутгийн музейг баяжуулж, аялал жуулчлал хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна гэлээ.
Харин орон нутгийн зүгээс иргэдтэй уулзаж, санал аваагүй гэдгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү хэлж байлаа. Гацууртын ордыг стратегийн ордод хамруулснаар “Сентарра гоулд” компани тус уурхайд олборлолт явуулахаар болсон. Гэсэн ч нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд эсэргүүцэж байгаа юм. Учир нь Гацууртын орд нь Ноён уулын ойролцоо оршдог бөгөөд ойр орчимд нь Хүннүгийн үеийн булш бунхан, түүхийн дурсгалт олдворууд олноор байдаг аж. Тиймээс түүхийн үеийн булшнуудыг сүйтгэнэ хэмээн үзэж байгаа юм. Харин албаныхны тайлбарлаж байгаагаар Гацууртын орд олборлох газарт ямар ч түүхийн булш бунхан байхгүй гэдгийг хэлж байна. Хүннүгийн үеийн булшнаас Гацууртын орд нь долоон км-ийн зайд оршиж байгаа аж. Тиймээс олборлолт хийгдээд эхлэхэд булш бунхан хөндөхгүй гэдгийг хэлж байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Уул уурхайн ажил иргэдийн саналгүйгээр явахгүй. Тиймээс иргэдийн саналыг сонсох ёстой. Яагаад иргэдтэй уулзаагүй талаар “Сентарра гоулд” компанийнхнаас тодрууллаа. Тус компани “Эхлээд ордыг ашиглах уу, үгүй юу гэсэн төр засгийн шийдвэр гарч байж дараа нь иргэдтэйгээ уулзаж санал солилцож, төсөл хөтөлбөрөө танилцуулж, төслийн хүрээнд сум орон нутагт ямар ажил хийх талаараа танилцуулах ёстой. Түүнээс биш сургаар ингэнэ, тэгнэ гэж ярьж болохгүй байсан. Саяхан л ашиглах шийдвэр гарсан учраас удахгүй төсөл хөтөлбөрөө нутгийн иргэдэд танилцуулна” гэсэн юм.
Ноён уулыг ухахгүй байх Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа гэв | ||
Үзсэн: 1414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.