Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн гурван чиглэлийн хүрээнд хэрэгжиж байна.
Тус хөтөлбөрийн I үе шат 2012 оны аравдугаар сараас 2014 оны долоодугаар сар хүртэл амжилттай хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрийн эхний үе шатыг хуучнаар ЭЗХЯ хэрэгжүүлсэн бол II үе шатыг Аж үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа ажээ.
Хөтөлбөрийн зорилго нь үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхийг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход оршдог аж. Тус хөтөлбөр нь өнгөрсөн 2011-2014 онд ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Мэркэлийн 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан Монгол-Германы Ашигт малтмал, технологийн салбарын хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа билээ. Мөн эдийн засгийн сайн засаглал, компанийн нийгмийн хариуцлага, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, Япон улстай чөлөөт худалдааны гэрээг байгуулах багийг чадавхижуулах, төрийн хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийн тооцоо, дүн шинжилгээ хийхэд хүний нөөцийг бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Монгол Улсын төмөрлөгийн салбарын судалгаа хийхэд чиглэж үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар энэхүү хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд өнгөрөгч 2014 оны есдүгээр сарын таванд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Аж үйлдвэрийн яам нь ЭТИС хөтөлбөрийг хамгийн үр өгөөжтэй хэрэгжүүлж болох яам бөгөөд олон сэдэв, чиглэлээр хамтарч болох саналаа тус хөтөлбөрийн зүгээс хүргүүлээд байгаа аж.
“Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ | ||
Үзсэн: 1522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.