Шууд Chart

100 жилд ганц тохиох бөх

2010-01-19 01:56:13

Тувагийн Шамбалыгийн дунд сургуулийн сурагч 18 настай Аяс Монгушийг кураш бөхийн тэмцээнд түрүүлэхэд бүгд л санамсаргүй явдал хэмээн үзэж байсан гэдэг. Түүн шиг залуус олон гарч байсан ч алдар нэрийн оргилд удсан нь үгүй. Ирээдүйтэй тамирчдын олонх нь замын голоос алга болдог бол Аяс Монгуш 18 жил Тувад “хаанчилж” байна.
Тувагийн наадамд 17 түрүүлнэ гэдэг хэр баргийн хүн чадахгүй даваа гэнэ. Тэрбээр Увс аймгийн наадамд ч олон удаа ирж, барилдаж байсан түүхтэй. Нөгөө л Монгуш ирж хэмээн бөх сонирхогчид өгүүлдэг, манай зарим бөх барилдахаас жийрхдэг байсан гээд Курашаас гадна Монгуш сонирхогчийн сүмогоор ч нэр алдраа цуурайтуулсан нэгэн. Тэрбээр долоон удаа Европт, хоёр удаа дэлхийд түрүүлэн, 2001 оны Европын шилдэг сүмоч цол хүртэж байлаа. ОХУ-аас анх удаа сонирхогчийн сүмогийн дэлхийн аварга болсон түүнийг Оросын гавьяат тамирчин цолоор шагнасан билээ. Барилдааныг нь судалж үзсэн Японы сүмогийн мэргэжилтнүүд түүнийг “Зальт Монгуш” гэж нэрлэдэг болсон гэдэг.
Тувад Монгушийг 100 жилд ганц тохиох агуу тамирчин гэж үздэг. Гэвч тэр үргэлж шүтэн бишрэгдэж явсангүй. Монгушийг дарах, хавчин гадуурхах хандлага төрсөн нутагт нь ч байдаг. гишгэсэн газрыг нь өөлөн, сонин хэвлэлээр баалдаг үе байлаа. Цэргийн албанаас зугтсан хэмээн шүүх цагдаа болж, баривчлах шахаж байсан удаа ч бий. Тэгвэл одоо Тува орон хайрт бөхөө буцаан залж эхэллээ.
Энэ сарын 17-нд Монгушийн гэрт Тувагийн БНУ-ын тэргүүн Шолбан Кара-оол зочилсон байна. Кызылийн ойролцоох Кара-Дагт Аясын ээж мал ахуйгаа даган амьдардаг. Монгуш ч боломж гарвал хүрч ирэн ажил төрөлд нь байнга тусалдаг аж. Харамсалтай нь Тувагийн тэргүүн малчин болж байсан аав Семис-оол Соруктевич хүүгийнхээ наадмын түрүүнүүдийг үзэж чадалгүй тэнгэрт хальсан.
Ерөнхийлөгчийг Кара-Дагт ирэхэд Монгушийн Айко охины төрсөн өдөр болж, халуун ам бүлээрээ цугласан байлаа. Монгуш нэгэн хэсэг сүмогоор “өвчилж”, Японыг судалдаг болсон байсан гэх бөгөөд охиндоо Японы гүнж Айкогийн нэрийг өгсөн гэнэ. Тэрбээр дөрвөн хүүхэддээ нэрнийхээ адил А-гаар эхэлсэн нэр өгсөн байна. Шолбан Кара-оол ерөнхийлөгч Тувагийн “гүнж” Айкод тоглоом бэлэглээд “Аяс агуу тамирчин. Түүн шиг бөх 100 жилд нэг төрнө” хэмээн өгүүлсэн гэнэ.
“Би багаасаа хуреш үзэх дуртай байсан. Байнга тэмцээн үзэж, шүтдэг бөхөө дэмждэг байсан маань Владимир, Аяс хоёр хүүд нөлөөлсөн байх” гэж Монгушийн ээж Кайгал-оол ярьж байна. Владимир Монгуш анх бөхөөр хичээллэж, үндсэндээ дүү Аясынхаа анхны дасгалжуулагч байсан гэхэд болно. Хэдийгээр Владимир өөрөө наадамд түрүүлж байгаагүй ч хүү Ай-Демир нь хүүхдийн наадамд хэд хэд тэргүүлээд амжжээ.
Одоо Тувад Монгушийн нэрэмжит бөхийн сургууль байгуулах ажил ид өрнөж байгаа гэнэ. Анх 2004 онд ийм санаа гарсан ч ажил төрөл нь цааснаас хэтрээгүй байсан бол одоо Тувагийн ерөнхийлөгч биечлэн оролцох болсон байна. Шолбан Кара-оол “Залуу тамирчдад шүтээн хэрэгтэй. Агуу тамирчдын жишээгээр өсөж хүмүүжсэн залуус амжилт гаргах нь гарцаагүй. Тэгвэл манайд Монгуш гэсэн алдартан байна. Түүний авьяас чадвар, туршлага, эрдэм мэдлэгийг бид ашиглахгүй бол алдас болно” хэмээн өгүүлэв.
Тувагийн ерөнхийлөгч Биеийн тамир спортын хороондоо Монгушийн нэрэмжит сургууль байгуулах талаар үүрэг даалгавар өгсөнөө хэлээд “Сүбээдэй” спорт комплексийг Монгушийн мэдэлд өгсөнөө зарлав.
Кызылийн баруун хэсэгт баригдаж байгаа шинэ хороололд ерөнхийлөгчийн зарлигаар Монгушт байр өгч, улсаас бүх талаар дэмжиж байгаа харуулжээ. “Монгуш бол Тувагийн од. Түүнийг онцгойлон үзэж, дэмжиж явах ёстой” гэж ерөнхийлөгч хэлсэн байна. Тэрбээр мөн Монголын нэг аварга наадамдаа 13 түрүүлсэн юм гэнэ лээ. Тэгвэл манай Монгуш Бүх Тувагийн наадамд 17 магнайлсан хэмээн бахархан дурсчээ. Тувагийн домог болсон их бөх Монгуш төрийн хишгийг хүртэж эхэллээ.
М.Сугараа

 

Нийтэлсэн: Б.Багабанди

100 жилд ганц тохиох бөх  
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй