Шууд Chart

ЮНЕСКО шагайн харваанд батламжаа гардууллаа

2015-02-27 16:58:29

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Парис хотноо 2014 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд болсон. Тус хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцэж Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авсан юм.

Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн шагайн харвааны батламжийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Засгийн газарт гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Шагайн харваа нь Монголд эрт дээр үеэс уламжилж ирсэн үндэсний соёлын үнэт өвийн нэг юм. Үүний нэг тод жишээ нь шагай харвааны тухай Монголын Нууц Товчоонд Тэмүүжин, Жамуха хоёр анд бололцож бие биендээ шагай бэлэглэдэг тухай, шагайн харваагаар Хубилай хааны үед ч тоглож байсан тухай судар бичгүүдэд тэмдэглэсэн байдаг.

Эдүгээ шагайн харваа нь үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болоод байгаа нь монголчууд бид үндэсний түүх, соёл уламжлалаа уламжлан хадгалж буйн илрэл юм. Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж эртнээс монголчууд хүндэтгэсээр ирсэн ба шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг давуу талтай ажээ.

Өнөөдрийн байдлаар Монголоос ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад долоо, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад тав, Дэлхийн дурсамж хөтөлбөрт гурав, Дэлхийн соёлын өвд хоёр, Дэлхийн байгалийн өвд нэг өвийг тус тус бүртгүүлээд байгаа нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа, монгол хүн бүрийн бахархал юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

ЮНЕСКО шагайн харваанд батламжаа гардууллаа  
Үзсэн: 2277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй