Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.
Энэ долоо хоногийн тойм мэдээллээ Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан буюу түүнтэй хамгийн ойр төрсөн Увс аймгийн Улаангом хотноо мэндэлсэн хүүгийн гэр бүлд аймгийн удирдлагууд хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан гэгээлэг мэдээгээр эхэлье. Т.Буян-Өлзий хүү Х.Монголжин охиноос дөрвөн минутын өмнө мэндэлж, Монгол Улсын 2 999 999 дэх иргэн болон бүртгэгдсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт зарлиг гарган зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв. Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн байна. Тэд анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан өр төлбөрөө бүрэн барагдуулсан, эдлэх ялын хугацааныхаа дийлэнхийг биечлэн эдэлсэн хүмүүс юм байна. Мөн бусдад ялимгүй хэмжээний хохирол учруулж гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн эмэгтэй Э.Халиунд уучлал үзүүллээ. Э.Халиун анх удаа хэрэг үйлдсэн, эдлэх ялын хэмжээнийхээ талаас илүүг биечлэн эдэлсэн, өр төлбөргүй, гэм буруугаа бүрэн ухамсарласан тул уучлалд хамруулжээ.
Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан бөгөөд АНУ-ын тойргийн шүүхээс Жастин Каплад уучлал үзүүлэх хүсэлтийг мөн ирүүлээд байсан юм байна. Өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг. “Гадны иргэдэд уучлал үзүүлсэн нь төлөх ёстой татвараас нь чөлөөлчихөж байна гэсэн үг биш. Татварын хохирлыг төлүүлнэ. Харин хорих ялаас нь чөлөөлж байгаа юм” гэж Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлсэн юм.
“Босоо хөх Монгол” ТББ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн хамтарч Сар шинийн баярын өмнөх долоо хоногоос эхлэн 13 хоног хуурай өлсгөлөн зарласан. Тэд нойтон өлсгөлөн зарлах болсноо мэдэгдээд байсан ч хоёрдугаар сарын 23-ны шөнө Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өлсгөлөнгөө зогсоосон юм. Ноён уулын асуудлаар пүрэв гарагийн 11:00 цагаас Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгмийн ТББ-уудын төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон нээлттэй хэлэлцүүлгээр талуудын байр суурийг хүргэсэн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар энэ сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Японы Эдийн Засгийн байгууллагуудын Холбоо /КЭЙДАНРЕН/-ны удирдлага, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-гийн Ерөнхийлөгч бараалхав. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихитод мөн бараалхсан юм. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаа болон Тоёотогийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, устөрөгчөөр ажилладаг "Мираи" автомашиныг сонирхсон байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Японы “Шинжлэх ухааны ирээдүй” ордонтой танилцаж, Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцжээ.
Автомашины албан татварыг улсын дугаар харгалзан төлөхөөр болсон мэдээллийг албаныхан энэ долоо хоногт өгсөн юм. Жолооч та бүхэн энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, шатрын их мастер А.Энхтуул нарын халз тоглолт энэ долоо хоногийн бас нэг онцлох сэдэв байлаа. "CrossFit Chess" буюу шатрын халз тоглолт олон хүний анхаарлыг ихэд татаж байв. А.Энхтуул Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо төвтэй Азийн шатрын холбоонд мэргэжилтнээр ажиллах урилга аваад байгаа юм. Тэрбээр тус улсыг зорихоосоо өмнө эх орондоо шатрын халз тоглолт хийхийн тулд хэд хэдэн эрхмийг урьсан аж. Түүний хүсэлтийг А.Сүхбат аварга дуртайяа хүлээн авснаар энэ халз тоглолт болсон юм. Уншигч та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС хүлээн авна уу.
Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 2022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.