![](/uploads/201001/news/thumb/398e5183fe1055f3aa3012a7e6c8eca1_x3.jpg)
Цагийн байдал улам бүр хүндэрч байгаатай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Улсын онцгой комисс, бусад холбогдох хүмүүстэй өчигдөр уулзав.
Ирэх өдрүүдэд байдал дахин хүндэрч болзошгүй байгаа бөгөөд хэд хэдэн газарт гамшгийн зэрэглэл нэмэгдэх магадлалтай болохыг албаныхан төрийн тэргүүнд мэдээлж байна. Цагийн байдал дахин хүндэрвэл, эхний ээлжинд 5.2 тэрбум төгрөг шаардлагатай байна гэсэн тооцоог Засгийн газар хийгээд байгаа аж. Улсын нөөцийн өвс тэжээл, малын эм, биобэлдмэл багассан тул Засгийн газар холбогдох байгууллагуудад нөхөн бүрдүүлэлт хийх үүрэг өгчээ. Түүнчлэн хавар болтол цагийн хүндрэлийг даван гарахад авах ёстой арга хэмжээний төсөвт 5-8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухай УИХ-ын даргад мэдээлсэн байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч орон нутагт малтай хэдэн өрх, хаагуур өвөлжиж байгаа, эмнэлгийн тусламж, хоол хүнс, унаа тэрэгний асуудлаар хэд нь хүндрэх магадлалтай гэсэн нарийвчилсан тооцоо хийх хэрэгтэй гэдгийг онцолжээ. УИХ-ын чуулган завсарлахаас өмнө өвөлжилтийн асуудлыг дахин хэлэлцэж, улсын нөөцийн нөхөн бүрдүүлэлт болон түүний санхүүгийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Засгийн газрын нөөц хөрөнгө багассан тул түлш шатахуун, хөрөнгө мөнгө гээд яаралтай шийдэх асуудал олон байгааг тэрбээр өгүүлэв.
Түүнчлэн гурил хийхэд шаардлага хангахгүй буудай улсын нөөц болоод тариаланчдын гар дээр нэлээд байгааг цал алдалгүй малын тэжээл болгож, орон нутаг руу явуулах хэрэгтэй гэсэн саналыг Улсын онцгой комиссынхон төр засгийн удирдлагуудад тавьсан байна.
Уулзалтын үеэр төрийн өндөрлөгүүдийн ярьсан нэг гол зүйл нь өнөөдрийн баримталж байгаа мал аж ахуйн бодлогыг шинэчлэх,цаг зуурын бэрхшээлийг давахын тулд ажилдаа дүгнэлт хийх цаг болсныг анхааруулсан явдал байв.
Өвөл хаврын бэрхшээлийг давахад 5-8 тэрбум төгрөг хэрэгтэй | ||
Үзсэн: 1640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.