Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн бүрэн эрхийн хүрээнд татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын Залуучуудын холбооноос Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсанд хүсэлт тавьжээ. Тодруулбал, Жастин Каплагийн өмгөөлөгч Н.Цогт хэвлэл мэдээллийн хэрэгслээр татварын гурван байцаагчийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулахад 200 сая ам.долларын нөхөн татвар төлөх ёстой болгосон. Бүр сүүлдээ буураад 80 тэрбум төгрөг болоод эцэст нь 35 тэрбум төгрөг болж хувирсан хэмээн мэдэгдсэн. Иймээс Татварын байгууллага дээрх татварын зөрчлийг баримтаар нотолсон уу гэдгийг тодруулахыг хүссэн аж.
МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын Залуучуудын холбооноос Татварын Ерөнхий газарт тавьсан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Төр оршихуй дор татвар буй гэдэг. Монгол Улсын төрийн төсвийг бүрдүүлэх хүнд ачааг үүрч, хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр сахиж ирсэн та бүхний Удирдах ажилтны зөвлөлгөөнд баяр хүргэж, амжилт хүсье.
Саусгоби сэндс ХХК болон Жастин Капла нарыг татвар төлөөгүйн улмаас шүүж ял оноосон хэрэг, тухайн гэмт хэрэгтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс уучлал үзүүлсэн явдал нь нийгэмд ихээхэн дуулиан тарьж байна. Энэ нь улмаар Монгол Улсын төрийн тэргүүнийг хууль зөрчсөн эсэх талаар, төрийн байгууллагууд тухайлбал Татварын ерөнхий газар хууль зөрчсөн эсэх талаар нийгэмд үл ойлголцлыг үүсгээд байна.
- Жастин Капла нарт уучлал үзүүлсэн ч татвараас зайлсхийсэн хүнээр мөнгийг нь заавал төлүүлэх ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх нь байр сууриа илэрхийлжээ. Саусгоби сэндс ХХК-ийн татварын өр болох 35 тэрбум төгрөгийг төлүүлэх ёстой юу?
- Мөн Жастин Каплагийн өмгөөлөгч Н.Цогт хэвлэл мэдээллийн хэрэгслээр “... татварын гурван байцаагчийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулахад 200 сая ам.долларын нөхөн татвар төлөх ёстой болгосон. Бүр сүүлдээ буураад 80 тэрбум төгрөг болоод эцэст нь 35 тэрбум төгрөг болж хувирсан...” хэмээн маш ноцтой (гүтгэх) гэмт хэрэгт танай Татварын байгууллагыг буруутгасан байна. Танай байгууллага дээрх татварын зөрчлийг баримтаар нотолсон уу?
Татварын байцаагч, түүний шийдвэрийг хянан баталгаажуулдаг бусад дээд шатны байгууллагууд нь бүгд үгсэн тохирч, мөрдөн байцаах байгууллага, прокурор шүүхэд хүртэл хууль зөрчин худал мэдүүлэг өгсөн гэдэгт бид итгэхийг хүсэхгүй байна.
Иймд дээрх асуултуудад нэн даруй тодруулга өгч, монголын ард түмний төрдөө болон татварын байгууллагын шударга, мэргэжлийн ёс зүйтэй ажиллаж Монгол Улсын хуулийг хэрэгжүүлдэг гэдгээ нотолно уу?
Үнэнийг мэдэх эрхтэй Монголын ард түмнийг төлөөлж МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ”
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.