УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр орон нутагт хийж буй ажлынхаа хүрээнд Оюутолгой уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Оюутолгой уурхай бүтээн байгуулалтын ажлаа дуусгаад анхны баяжмалаа экспортолсноос хойш 19 сарын дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 18-нд олон улсын зах зээлд экспортолсон зэсийн баяжмалын хэмжээ нэг сая тоннд хүрсэн байна. Тус уурхай 2014 онд нийт 148400 тонн зэсийн агууламжтай баяжмал, 589000 унци алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэсэн байна. Ил уурхайгаас олборлосон хүдрийг бутлах, баяжуулах үйлдвэртээ боловсруулдаг бөгөөд 2015 онд 175000-195000 тонн зэсийн агууламжтай баяжмал, 600000-700000 унци алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэн экспортлох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Түүнчлэн Оюутолгой уурхайд хүнд 350 тоннын хүнд даацын Комаци машиныг жолооддог 16 эмэгтэй жолооч байдаг юм байна.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга уурхайн цогцолбор болон ил уурхайгаас олборлосон хүдрийг боловсруулах бутлуурын үйлдвэр, баяжмалын үйлдвэр, бүтээгдэхүүнийг хатааж нягтруулан савлах үйлдвэртэй тус тус танилцлаа. Савлах үйлдвэрт Геологийн Улсын төв лабораторийн мэргэжилтнүүд ажиллаж, эцсийн баяжмалаас авсан дээжийг хатаан, хуурай жинг тодорхойлсны дараа авсан дээжүүдийг итгэмжлэгдсэн лаборатори руу илгээдэг. Ийнхүү тус уурхайн үйл ажиллагаанд Геологийн Улсын төв лаборатори хяналт тавин ажилладаг болохыг уурхайн Баяжуулах үйлдвэрийн техникийн менежер М.Ганболд танилцууллаа. Мөн тэрээр хэлэхдээ, лабораторид нэг уут бүтээгдэхүүний талаарх мэдээлэл тодорхойлогдох бөгөөд ямар нэг маргаан гарсан тохиолдолд бүх талын итгэмжлэгдсэн лабораторийн дээжийн мэдээллийг ашигладаг. Уурхайгаас гарч буй бүтээгдэхүүн бүр энэ хяналтыг дамждаг бөгөөд Монгол Улс Оюутолгой уурхайгаас экспортлож буй бүтээгдэхүүнд бүрэн хяналт тавьж ажилладаг болохыг тус уурхайн лабораторийн мэргэжилтэн хэлсэн.
Оюутолгойд 6500 орчим ажилтнууд байгаагаас 95 хувь нь монгол ажилтан байдаг. Нийт ажиллах хүчний 21 орчим хувь нь Өмнөговь аймгийн иргэд байгаа юм. Мөн Өмнөговь аймгийн бүртгэлтэй ханган нийлүүлэгчдээс 42 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авсан статистик үзүүлэлттэй бөгөөд өнгөрөгч 2014 онд улсад 250 орчим сая ам.долларын татвар төлбөр хураамжийг төвлөрүүлжээ.
Эх сурвалж: Open.parliament.mn
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.