
Өнөөдөр ИЗНН-ын 15 жилийн ойн арга хэмжээ УИХ-ын гишүүн асан С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж, УДЭТ-т баярын хурлаар үргэлжилсэн юм. Хурлын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янтай уулзаж ярилцлаа.
-ИЗНН-ын 15 жилийн ойн мэндийг хүргэе. Өнгөрөгч 15 жилийн хугацаанд юу хийж бүтээсэн талаараа өнөөдөр ярилцаж хуралдаж байна. Энэ хугацаанд нийгэмд нөлөөлөхүйц түвшинд ямар ямар ажлыг зохион байгуулсан байна вэ?
-Өнөөдөр нэг талаараа манай намын төрсөн өдөр болж байна. Нам маань байгуулагдаад 15 жил болж, эрийн цээнд хүрлээ. Бидний өнөөдрийн хамгийн том ололт бол байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодолдоо үнэнч байж, Монголын ардчилал, эрх чөлөөний төлөө тууштай явсандаа баяртай байдаг. Манай намын хувьд Монгол Улсын хөгжлийн чиглэлийг хөгжүүлэх зорилгоор “Ногоон хөгжлийн чиглэл” гэх том бодлогын баримт бичгийг батлуулж чадлаа. Энэ бидний 2014 онд хийсэн ажлын үр дүн юм.
-Баярын өдрийн хүрээнд ямар, ямар арга хэмжээг зохион байгуулж байна?
-Юуны түрүүнд 15 жилийн ойн хүндэтгэлийн хурлаа зохион байгуулж байна. Үргэлжлүүлээд намын IX их хурал хуралдана. Түүнчлэн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгууллаа.
-Намын IX их хурлаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Энэ хурлаар ерөнхий таван асуудлыг ярьж баталдаг. Нэгдүгээрт, намын дүрэмд өөрчлөлт оруулах, хоёрдугаарт, намын даргын бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, илтгэлүүдийг сонсох, намын хяналтын зөвлөлийн тайлантай танилцах, намын даргыг сонгох гэх мэт ажлуудыг хийх болно. Өнөөдөр манай намын даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Манай намын хувьд гурав хүртэлх тооны даргатай байх ёстой. Түүнийгээ өнөөдөр сонгоно. Хэдэн даргатай болохыг би одоохондоо таашгүй байна. Оройдоо ерөнхийдөө мэдэгдэх байх.
-15 жилийн хугацаанд танай нам хичнээн гишүүнтэй болсон байна вэ. Өнөөдөр гишүүн шинээр элсүүлэв үү?
-Гишүүдийн тоо ярьж уралдаанд ормооргүй байна. Манай нам дүрмээрээ хатуу гишүүнчлэлээсээ татгалзсан. Тиймээс дүрэм дээрээ гишүүдтэй, дэмжигчтэй байна гээд заагаад өгчихсөн байгаа. Бидний бодлогыг зөв гээд дэмжиж байгаа ямар ч иргэн манай дэмжигч байж болно. Дэмжигч нар нь манай гишүүдийн адил сонгуульд өрсөлдөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Монголд анх удаа хатуу гишүүнчлэлээсээ татгалзсан нам ИЗНН. Бидний бодлого зөв явж л байвал дэмжигчид нэмэгдэх нь тодорхой, харин ч эсрэгээрээ буруу яваад байвал гишүүн дэмжигчид цөөрөөд л ирэх байх.
-Намын гишүүд, дэмжигчдэдээ 15 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж болно?
-Манай намын үзэл бодлыг дэмждэг, намын гишүүн дэмжигч иргэддээ 15 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд бидний үзэл бодлыг өнөөдрийн энэ өдөр хүртэл тээж явсан ахмад буурлууддаа баярын мэнд хүргэе. Түүнчлэн манай бодлогыг дэмждэг ТББ-уудтай манай нам хамтран ажиллахад бэлэн байдаг гэдгээ илэрхийлмээр байна.
Б.Хүдэр-Ян: Манай нам дүрмэндээ хатуу гишүүнчлэлээс татгалзах талаар тусгасан | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.