
Энэ сарын 6-ны өдөр Дундговь аймагт “Жүдо бөхийн өсвөрийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцохоор очсон 13 настай охин амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 12 жилийн сургуулийн 6 дугаар ангийн сурагч Ө.Г гэх 13 настай охин барилдах жингээсээ 1.5 кг илүү байсан тул түүний дасгалжуулагч багш жинг нь хасах зорилгоор удаан гүйлгэж, хөлсийг нь гаргасны дараагаар, матраасанд ороож тавиад 10 минутын дараа матраасыг задлахад охин клиник үхэлд орсон байж. Яаралтай түргэн тусламжаар охиныг эмнэлэгт хүргэсэн ч охин 2-3 цагийн дараа амьсгал хураасан байна. Камерын бичлэгийг үзсэн зарим эх сурвалжийн ярьж буйгаар охиныг матраасанд боосныхоо дараа хүүхдүүдээр дээр нь гишгүүлж байсан аж. Харин үүнийг мэргэжлийн байгууллагынхан үгүйсгэж байгаа бөгөөд камерт багш охиныг матраасанд ороогоод дэргэд нь сууж буй дүрс бичлэг бичигдсэн хэмээн тайлбарлаж байна.
Л.Буянтогтох: Мундаг сурагч минь их спортынхоо төлөө явж байгаад харамсалтайгаар амиа алдлаа
Энэ талаар тодруулахаар Эрдэнэдалай сумын сургуулийн захирал Л.Буянтогтохтой утсаар холбогдсон юм.
-Хохирогч охины талаарх тодорхой мэдээллийг өгнө үү. Хэддүгээр ангид суралцдаг байсан, айлын хэд дэх хүүхэд вэ?
-Талийгаач охин сумын төв дээр ээжийнхээ эгчийнд амьдардаг, спортын авьяастай, "Аймгийн аварга шалгаруулах жүдо бөх"-ийн тэмцээнээс хэд хэдэн медаль хүртсэн манай сургуулийн шилдэг сурагчдын нэг байсан. Айлын ууган охин. Манай сургуулийн 6 дугаар ангид суралцдаг байсан юм. Аймагт зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцоод Дорноговь аймагт зохион байгуулагдах УАШТ-д амжилт гаргана гэх зорилготой явсан. Их спортынхоо төлөө зүтгэж яваад харамсалтайгаар амиа алдсанд үнэхээр харамсаж байна.
-Охины гэр бүлтэй холбогдож байгаа юу. Мэдээж гэр бүлийнхнийх нь сэтгэл санаа хүнд байгаа байх?
-Байнга холбоотой байгаа. Сургууль болоод сумын зүгээс охины ажил явдлыг өнгөртөл нь баг гаргаж ажиллаж байна. Гэр бүлийнхний хувьд мэдээж сэтгэл санааны гүн шоконд орсон байгаа. Бид охиныг эмнэлэгт байхад нь ээж, аав, ах дүү нарыг нь авч очиж уулзуулсан. Сумаас машин гаргаж, охины шарилыг авчирсан байгаа. Сургуулийн сурагчид охинд зориулж нэг минут чимээгүй зогсож хүндэтгэсэн. Спортын амжилт гаргах гэж амиа үл хайрлан зүтгэсэн охиныг хүндэтгэсэн, дурссан үйл ажиллагаанууд үргэлжлэх болно.
-Охины аминд хүрсэн багшийн талаар яривал. Энэ багшид ямар арга хэмжээ авах вэ?
-Талийгаач охин энэ багшийн хувьд хамгийн хайртай шавь нь байсан. Энэ багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлснээсээ хойш тогтмол амжилт гаргаж ирсэн. Бид одоогоор шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Энэ багш охины амь насанд санаатайгаар халдаагүй, шавь нарыгаа спортын амжилт гаргаасай гэсэн үүднээс ийм үйлдэл хийсэн гэдгийг мэдэж байгаа хэдий ч багшлах эрхийг хасах ёстой. Багшийн хувьд манай сургуульд ажиллаад таван жил болж байна. Бид сурагч болоод багшийнхаа талаарх тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.
-Багшийг саатуулсан уу. Шүүхийн шийдвэр хэзээ гарах бол?
-Шүүхийн шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй байна. Эцэг, эхийн зүгээс шүүхэд хэрэгтэй материалуудаа бүрдүүлж өгсөн. Тэдний хувьд охин нь спортын төлөө явж байгаад санамсаргүй амиа алдсан тул багшид ямар нэгэн гомдол байхгүй гэх мэдүүлгийг Цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Хохирогчийн ээж сэтгэл санааны хямралд орсон байгаа болохоор охины хойд аав нь энэ хэргийн бүртгэлийг өгч байна. Спортод дэндүү хайртай байсан мундаг сурагч минь ингэж харамсалтайгаар амиа алдсанд үнэхээр их эмгэнэж байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Гүндсүрэнтэй холбогдоход “Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч ийм хэрэг гарсан, шалгаж байна. Шүүхийн шинжилгээний дүн гараагүй. Хэрэгт холбогдож буй этгээдийг дахин хорих үндэслэлгүй гэх шалтгаанаар өчигдөр орой батлан даалтад гаргасан. Эцсийн шийдвэрийг шүүх, прокурор гаргана ” гэлээ.
М.Цолмонбаяр: Матраасанд ороогоод жин хасагдана гэж байхгүй
“6 дугаар ангийн хүүхэд 28 кг жинд барилдах боломжтой эсэх, жинг ингэж огцом хасч болдог эсэх” талаар тодруулахаар аймгийн Биеийн тамир спортын газрын ахлах мэргэжилтэн М.Цолмонбаяртай холбогдлоо.
-Охиныг 28 кг жинд барилдуулахаар тэмцээн эхлэхээс нэг хоногийн өмнө илүү жинг нь хасах үйлдэл хийсэн гэж байна. Тэмцээн эхлэх өдөр тулчихаад байхад жин хасагдах уу?
-Бидэнд мэдэгдсэнээр охин 28 кг жинд барилдахаар ирсэн юм билээ. Тэгээд тэмцээний өмнөх өдөр жинг нь үзэхэд 29.5 кг болсон байсан учир 1.5 кг-ийг нь хасахаар гүйлгэж, дараа нь матраасанд ороосон гэсэн. Бичлэгээс харахад охиныг матраасанд ороогоод хоёр зах дээр нь хүүхэд суулгасан байсан. Охины хувьд нэлээд жижиг биетэй байсан юм билээ.
-Ер нь матраасанд ороогоод жин хасах нь зөв үү. Ингэж хасч болдог хэрэг үү?
-Буруу. Ингээд жин хасагдахгүй. Багш нарын дунд л ийм яриа байдгаас тодорхой үр дүн гардгийг сайн мэдэхгүй юм
Амиа алдсан охины эцэг, эх “гомдолгүй” гэх мэдүүлэг өгчээ | ||
Үзсэн: 4165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.