Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хоёрдугаар дугаар сарын 9-11-нд ажлын айлчлал хийсэн билээ. Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр сайд нар Ерөнхий сайдын дээрх айлчлалын үр дүнг хэлэлцлээ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн энэ үеэр Японы Парламентийн Зөвлөхүүдийн танхимын даргад бараалхаж, Парламент дахь Монгол Японы Найрамдлын бүлгийн удирдлагууд, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч, Японы гадаад худалдааг дэмжих байгууллагын ерөнхийлөгч, наротай тус тус уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон. Түүнчлэн “Номура Шоокен”, “Сүмитомо” корпораци, “Мицүй-Сумитомо банк” зэрэг зэрэг Японы томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхсан юм.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, тухайлбал, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, мөн хурдны зам, метро барих асуудалд онцгой анхаарч, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Албан ёсны хэлэлцээний үеэр Ерөнхий сайд Ш.Абэ Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийн нэмэлт санхүүжилтэд 36.85 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ мөн танилцуулсан. Түүнчлэн айлчлалын үеэр хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж, эхний ээлжинд манай дипломат болон албан паспорттой иргэдийн визээс чөлөөлөхөд Японы Парламентийн нөлөө бүхий гишүүдээс улс төрийн дэмжлэг авч ажиллахаар болсон юм.
Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын дүнг хэлэлцлээ | ||
Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.