![](/uploads/201503/news/thumb/2206a5c5307381fb821485a99a66682d_x3.jpg)
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Үндэсний супер лиг"-ийн шувтаргын тоглолтууд өрсөлдөөн дүүрэн өрнөж байна.
Өчигдөр Увсын "Эрдэнэдрийлинг Ригс", Төв аймгийн "Төв ургац" багууд тоглосон. Хоёр багийн тоглолт эхнээсээ тэнцүүхэн өрсөлдөөнтэй болж, хамгаалалт өндөртэй өрнөсөн юм. Эхний хагаст Ригсээс Will Giddings багаа оноо авалтаар тэргүүлж, довтолгооны гол тоглогч нь болж байсан бол "Төв ургац"-аас Frank Holmes мөн сайн тоглолтыг үзүүлж байлаа.
Харин хоёрдугаар хагаст багуудын довтолгоо сэргэж, харилцан довтолж эхэлсэн бөгөөд Ригсийн тоглогчдын шидэлтүүд удаа дараа амжилттай болж, хурдан довтолгоонд Б.Батжавхлан амжилттай оролцсоноор оноогоор бага зэрэг холдож эхэлсэн. Мөн Н.Золжаргал, С.Өрнүүнбилэг нар ч өөрийн тоглолтыг гаргаж эхэлсэн.
"Төв ургац"-аас D.Boone үе, үе хэрэгтэй оноог авч явсаар тоглолтын үндсэн цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Boone холын зайн шидэлтээ оновчтой болгож, багтаа нэмэлт цагт авчирсан юм. Гэсэн ч нэмэлт цагт "Төв ургац" довтолгоогоо тун тааруу гүйцэтгэсэн тул Ригс баг улирлын 12 дахь ялалтаа авч, хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Гэхдээ лхагва гарагт болох тоглолтоос хамаарч Ригсийн байрлал өөрчлөгдөх учиртай.
Тус тоглолтод Ригсээс Will Giddings багаа тэргүүлж 23 оноо, 17 самбар авсан бол Н.Золжаргал 16, М.Бадрах 14 оноо, 10 дамжуулалт, С.Өрнүүнбилэг 13 оноо, Б.Батжавхлан 11 оноо, Chris Moore 10 оноо, 13 самбар авч багаа хожилд хүргэлээ.
"Төв ургац"-аас F.Holmes 27 оноо, 16 самбар, D.Boone 23 оноо, 7 самбар, Ц.Пүрэвдорж 14, Д.Дэлгэрням 11 оноог авсан ч баг нь хожигдол хүлээлээ. Одоогоор "Төв ургац" баг хүснэгтийн долоодугаарт бичигдэж байна.
Супер лиг: "Ригс" 12 дахь ялалтаа авлаа | ||
Үзсэн: 1269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.