Шууд Chart

Өсвөрийн сэлэмчид ААШТ-д оролцлоо

2015-03-11 16:55:15

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 9-нд Туялзуур сэлмийн Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 34 улсын 760 тамирчны дунд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд МТСХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн С.Дэмчигээр ахлуулсан баг, дасгалжуулагч Д.Ганбаатар, Александр Ровнягин болон Э.Нямлхагва, Б.Амарболд, Э.Энхтулга, Т.Анарсайхан, Э.Бат-Эрдэнэ нарын таван тамирчин оролцлоо.

Манай баг тамирчид 17 хүртэлх нас болон 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн хувийн болон багийн төрөлд тулалдсан юм. Тэмцээнийг АНЭУ анх удаагаа зохион байгуулж байгаа.

2015 оны өсвөрийн Улсын аварга Т.Анарсайхан хэсгийн тоглолтонд Узбекистан, Сингапур, Катар, Тайвань, Саудын Арабын тамирчдыг ялж шилдэг 32-т шууд шалгарсан бөгөөд энэ шатанд Сингапурын тамирчинд ялагдаж, 19-р байр эзэллээ. Түүнийг ялсан тамирчин түрүүлжээ.

Харин өсвөрийн УАШТ-ий хошой медальт Б.Амарболд хэсгийн тоглолтод АНЭУ, Ливан, Катарын тамирчдыг ялж, шилдэг 64-т үлдсэн. Шилдэг 64-т Узбекистаны тамирчин, өнгөрсөн жилийн өсвөрийн Азийн аварга Санжар Алимовыг 15-12-оор буулган авч, шилдэг 32-т үлдлээ. Энэ шатанд Японы тамирчин Акира Коматад 15-8-аар ялагдаж, энэ төрлийн тэмцээнээ дуусгасан юм. Түүнийг ялсан япон хөвгүүн мөнгөн медаль авсан юм. Харин манай Э.Энхтулга, Э.Бат-Эрдэнэ нар нэг, нэг ялалттай тэмцээнээ дуусгажээ.

Харин 20 хүртэлх насны ангилалд Залуучуудын улсын хошой аварга Э.Нямлхагва тулалдаж, хэсгийн тоглолтондоо гурав ялан шилдэг 64-т үлдэв. Шилдэг 64-ийн шатанд Хонгконгийн тамирчинг ялж, 32-т үлдсэн ч Иракийн тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Энэ насны багийн төрөлд манай баг тамирчид шилдэг 16-д мөн л Иракийн багт ялагджээ.

Азийн туялзуур сэлмийн холбооноос гурван төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн насанд хүрэгчдийн ААШТ Сингапур улсад долоодугаар сард, Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болох юм. Улаанбаатарт болох тус тэмцээний өмнө Азийн туялзуур сэлмийн холбооны Удирдах зөвлөлийн хурал болон Ерөнхий ассемблей есдүгээр сарын 6, 7-ны өдөр болно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өсвөрийн сэлэмчид ААШТ-д оролцлоо   
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй