Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Монгол Улсын Засгийн газар 2008 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл хэрэгжүүлэх 28.8 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулсан. Хөшигтийн хөндийд барих Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийн ажил 2013 оноос эхлэн хэрэгжиж байгаа хэдий ч төслийг хэрэгжүүлэхээр олгосон зээлийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул нэмэлт санхүүжилт авах асуудал хөндөгдөж байсан. Тодруулбал, одоо дахин 36.85 тэрбум иенийн нэмэлт зээл авахаар байгаа. Монгол Улсын Засгийн газраас дээрх нэмэлт зээлийн асуудлыг хүлээлгүй БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн нисэх буудлыг 2016 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа. Энэ нь ирэх 2016 онд Ази, Европын дээд түвшний IX уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбоотой гэв. Хөшигтийн хөндийн нисэх буудлын эхний ээлжийг 2016 оны дундуур ашиглалтад оруулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигтийн нисэх буудал чиглэлийн авто замын байдлыг сайжруулах шаардлагатай байгаа аж. Тиймээс тусгаарлах зурвастай, зургаан эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто замын барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар-Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нөхцөл бүрдэх ажээ.
Энэ долоо хоногт “Сайдын 30 минут” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцлоо. Эрчим хүчний сайд “Манай улсын цахилгаан, дулааны станцууд 1960-1980 онд баригдсан, хуучрахын хэрээр засвар үйлчилгээ, шинэчлэл шаардагдаж байна. Сүүлийн 30 гаруй жилд томоохон цахилгаан станц баригдсангүй. Гэтэл хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж байна. Манай улс нийт хэрэглэж буй цахилгаан эрчим хүчнийхээ 20 орчим хувийг хоёр хөршөөсөө авдаг. Олон жил энэ салбарт яригдсан томоохон төсөл хөтөлбөрүүд бодит ажил болж чадаагүй байна” гэж ярилаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг. Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Засгийн газар Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах шийдвэрийг 2013 онд гаргасан. Эгийн голын усан цахилгаан станц нь Төвийн эрчим хүчний системийн тохируулга хийх, зардал бууруулах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарах, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зорилготой төсөл юм. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор түүхий нүүрсний жилийн хэрэглээг 200 мянган тонноор бууруулж, Улаанбаатар хот болон бусад хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж албаныхан хэлж байгаа. Харин Засгийн газрын өчигдөр хуралдсан ээлжит хуралдааны үеэр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. Төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс дэмжсэн бөгөөд төслийн нийт өртөг 827 сая ам.доллар гэж тооцоолжээ. Эгийн голын Усан цахилгаан станц Улаанбаатар хотоос авто замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барьж байгуулагдана. Суурилагдах хүчин чадал 315 МВт, жилд дунджаар 606 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд 5.7 тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм.
Арилжааны банкуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.
Францын шигшээ багийн дасгалжуулагч Бенау Кампарг 2016 оны Риогийн олимп хүртэл Монголын жүдо бөхийн шигшээ багийг дасгалжуулахаар болжээ. Хэдийгээр Монгол жүдогийн арвин баялаг түүх, уламжлалтай орон ч гэсэн 50 настай энэ франц эрийн дасгалжуулагчийн ур чадварыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг учраас энэ бол бидний хувьд баярт мэдээ юм. Бенау Кампарг Европын хошой аварга болж байсан, дасгалжуулагч болоод ч чамгүй амжилтад хүрсэн бөгөөд шавь Тедди Ринье нь 26-хан настай ч дэлхийн бүх цаг үеийн шилдэг жүдоч хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байгаа аж.
Нийслэлийн сурагчдын III улирлын амралт энэ сарын 28-наас эхэлж, дөрөвдүгээр сарын 6-нд дуусах аж. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс I-V ангийг энэ сарын 21-нээс ирэх сарын 12-ныг хүртэл, VI-IX ангийн сурагчдыг энэ сарын 21-нээс ирэх сарын 5-ныг хүртэл амраахаар болсон байна. Харин Ахлах анги буюу X-XII ангиуд энэ сарын 14-29-нийг хүртэл амарна.
Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 16-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулс, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.