УИХ-ын гишүүн Я.Санжмятав энэ өдрүүдэд Завхан аймагт ажиллаж байгаа. Тэрбээр өнөөдөр Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн хамт тус аймгийн Биеийн тамир, спортын газарт зочиллоо. Учир нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөр хэрхэн үр дүнгээ өгч буйг хууль тогтоогчдод харуулахаар Завхан аймгийн хүүхэд багачууд энд цугларсан байсан юм.
Тус аймагт хүүхэд хөгжүүлэх гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр нь компютер, шатар, морин хуур аж. Үүний дагуу аймгийн хэмжээнд хүүхэд бүрийг морин хуур, шатар тоглуулж сургасан нь хүүхэд багачуудад хүмүүжлийн асар том хичээл болдог гэдгийг энэ үеэр багш нар нь хэлж байлаа. УИХ-ын гишүүн Я.Санжмятав тус аймгийн Засаг дарга байхдаа 2011 онд Завхан аймгийн нийт 25 сумаас шалгаруулсан авьяаслаг 1000 хүүхдийн морин хуурын тоглолтыг зохион байгуулж байсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан билээ. Үүнээс гадна “ӨСВӨРИЙН МОНГОЛ ШАТАР –9999” тэмцээнийг өнгөрөгч оны есдүгээр сард Улиастай хотноо зохион байгуулж байсан зэрэг Завхан аймагт хүүхэд хөгжүүлэх гурван тулгуурт бодлого хэрхэн үр дүнтэй хэрэгжиж буйг харуулж байгаа юм.
Өнөөдөр болсон арга хэмжээний үеэр 450 хүүхэд морин хуурын тоглолт үзүүлж, бага сургуулийн сурагчид анги бүрээрээ бүжиг бүжиглэж, 500 хүүхэд гимнастик хийсэн нь “Авьяас” хөтөлбөр болон аймгийн хүүхэд хөгжүүлэх гурван тулгуурт бодлого үр дүнтэй хэрэгжиж буйг харуулж байна хэмээн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нар хэлж байлаа.
Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чойжилцэрэн:
-Манай аймагт Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нар ирж ажиллаж байна. Биеийн тамир, спортын газарт 450 хүүхдийн морин хуурын тоглолт, 500 орчим хүүхдийн гимнастикийн тоглолт, бага сургуулийн 300 орчим хүүхдийн бүжгийн тоглолт болж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр морин хуур тоглож, гимнастик хийх, бүжиг биелгээ үзүүлэхээр 1500 гаруй хүүхэд цуглараад байна. Завхан аймагт аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн зөвлөл ажилладаг. Манай аймаг үеийн үед хүүхдийн төлөө, хүүхдийг эрүүл зөв хүн болгохын төлөө олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Хүүхдийн төлөө төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа нь өнөөдрийн энэ үйл ажиллагаагаар харагдаж байна.
Сурагч П.Баасандорж:
-Чи хэдэн настай вэ, морин хуур хөгжмийг тоглож сураад хэр удаж байна?
-Би 12 настай, морин хуур тоглож сураад нэг жил гаран болж байна. Анх “Булигаар хүрэн цүнх”, “Дуут нуур”-ыг тоглож сурсан.
-Өмнө нь чи ямар нэг тоглолтод оролцож байсан уу?
-Үгүй, би анх удаагаа ийм тоглолтод орж байна. Их гоё байна.
-Сургууль дээрээ морин хуурын дугуйланд явдаг уу?
-Явдаг. Би цаашдаа морин хуураар хичээллэнэ гэж бодож байгаа. Ээж аав маань бас их тусалдаг.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав:
-Завхан аймгийн гурван тулгуурт бодлогын нэг морин хуур гэж байна. Өнөөдрийн арга хэмжээнд 450 хүүхэд ирж морин хуур тоглолоо. Энэ бодлого бас их үр дүнгээ өгчээ гэж харагдаж байна?
-Завхан аймагт хүүхэд хөгжүүлэх гурван тулгуурт бодлого нь компьютер, шатар, морин хуур байдаг. Би анх аймгийн Засаг дарга байхдаа хүүхдүүдийг морин хуурт сургах ажлыг эхлүүлсэн. Одоо бол 4000 гаруй хүүхэд морин хуурчидтай болсон. Морин хуур бол монголын уламжлалт, үнэтэй өв. Үүнийг бид зөвхөн Завхан аймагтаа төдийгүй улс орон даяар ойлгуулж чадсан. Энэ ажилд эцэг эх, багш, сурагчид маань бүгд оролцсон. Тухайлбал, хүүхдийг морин хуурт сургахад морин хуурын тал мөнгийг нь эцэг эх, тал мөнгийг нь аймгийн Засаг дарга өөрийн хөрөнгөнөөс гаргадаг, тоглолтын хувцасыг ч мөн ялгаагүй ингэдэг. Энэ ажил их үр дүнгээ өгсөн. Айл бүрт морин хуур нь тоосонд дарагдсан биш тоглодог болсон, хүүхэд хүртэл морин хуур тоглоод суухаараа тэвчээртэй болж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөр бол Завхан аймгаас эхлэж амжилттай хэрэгжиж байна.
“Авьяас” хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна хэмээн үзлээ | ||
Үзсэн: 2009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.