УИХ-ын гишүүн Я.Санжмятав өөрийн санаачилгаар Монголын ахмадын чөлөөт холбоотой хамтран Завхан аймгийн Улиастай хотод “Ахмадаа сонсъё” чуулга уулзалтыг гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Завхан аймгийн Улиастай хотод болсон тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нараас гадна Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ариунаа болон холбогдох бусад албаныхан оролцсон юм. Түүнчлэн тус чуулга уулзалтад Завхан аймгийн бүх баг сумдаас ирсэн нийт 400 гаруй ахмад настнууд оролцож, өөрсдийн байр суурь санал бодлоо илэрхийллээ.
Чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр, “Эрхэм хүндэт ахмад, азай буурлууд, хүндэт зочид оо, УИХ-ын гишүүний хувьд Завхан аймгийн ахмадуудтай, тэр дундаа сумдуудын, багуудын ард иргэдийн дунд ажиллаж амьдарч байгаа ахмадуудтайгаа уулзаж өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй энэ үед боловсрол, нийгмийн харилцаатай холбоотой олон чухал асуудлууд явагдаж тодорхой үр дүн гарахуйц хэмжээнд шийдэл гарган ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна. Би өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайдын хувьд, та бүхний дундаас сонгогдсон гишүүний хувьд хатуу хэцүү амьдралыг туулсан та бүхнийхээ Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөөлөх үнэтэй санал бодлыг биеэр болон бичгээр авахын тулд мөн энэ уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалтыг гэхдээ би ганцаараа зохион байгуулж байгаа юм биш, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан болон зарим гишүүд хамтарч орон нутагтаж байгаа ахмадуудынхаа аж байдалтай танилцахаар мөн ирсэн. Өнөөдрийн уулзалтад мөн Ардчилсан намын удирдах ажилтнууд оролцож иргэдийнхээ үгийг сонсож байгаа. Өнөөдөр энэ танхимд цугларсан ахмадууд монгол улсынхаа хөгжил дэвшил, сайн сайхан, үр хүүхдээ хөгжүүлж, хүмүүжүүжүүлэх чиглэлээр хийсэн олон ажлын ачаар бид гурван саяуулаа болж, гурван сая иргэд маань улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийж бүтээхээр зорьж яваа. Өнөөгийн нөхцөл байдалд бидэнд хийж байгаа зүйлүүд байгаа ч гэсэн бас эв дангаа олж эвлэрэлдэн нэгдэх зайлшгүй шаардлага байгаа учраас хэлэлцэн ярилцаж байж эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ахмадуудаа урт удаан наслуулах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх гээд олон чухал зүйлүүдийг ярилцана. Бид нам гэдэг зүйлээ хойш нь тавиад аймгийнхаа төлөө, улс орныхоо төлөө, ирээдүй болсон энэ хүүхдүүдэд хэрэгтэй зүйл юу байна гэдэг талаар ярилцаж бодлогоо боловсруулахын тулд та бүхнийг үнэтэй сайхан зөвлөгөө өгнө байх гэж бодож байна. Бид өнөөдрийн энэ хуралдаанаас гарсан шийдвэрийг төрийн бодлого болгохын тулд ажиллах болно, зарим нэг асуудлын шийдлийг аймгийн удирдлагуудад чиглэл болгож өгөх болно. Эдийн засаг багагүй хүндрэлтэй байгаа учраас төсөв танагдсан, Засгийн газраас байшин барилга барих гэх мэт илүү зүйлд төсөв зарцуулахыг эсэргүүцэж оронд нь эрүүл мэнд, боловсролын салбар болон тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс гэх мэт нийгмийн халамжийн үйлчилгээг нэмэгдүүлж байгаа. Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч Засгийн газраас энэ оны эхэнд тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх шийдвэр гаргаж нэмсэн. Ард иргэдийн амьдрал хэвийн байгаа тохиолдолд эдийн засгаа урагшлуулахын тулд гадаад дотоодын хэлцлүүд хийх, хөрөнгө оруулалтыг татах, таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд төрийн тэргүүнээсээ эхлээд Засгийн газар, УИХ-ын гишүүд ажиллаж байна. Эдийн засгийн хүндрэл бол зөвхөн Монголыг дайрсан юм биш, дэлхийн бүх улс орнуудад байгаа. Энэхүү чуулган бол бүтэхгүй, болохгүй зүйл байна гэж зовлон тоочиж суух хурал биш, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, хүүхэд залуучуудад зөв гарц, замыг нээж өгсөн ийм хурал болно гэж бодож байна. Өнөөдрийн энэ хуралд хүрэлцэн ирсэн та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт хүсье” гэсэн юм.
Харин үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа ахмадуудад Хамтын тэтгэврийн тухай хууль болон нийгмийн халамжийн тухай холбогдох хуулийн төслүүдийн талаар товч танилцууллаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ахмадуудад хандаж үг хэлсэн. Түүнчлэн Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нийт ахмадууддаа зориулж олон улсад ахмадын байгууллага ямар зарчмаар ажилладаг талаар болон манай улсад ахмадууд өөрсдийн хүрээнд хэрхэн хөгжих, нийгмийн харилцаанд хэрхэн идэвхитэй оролцох талаар сонирхолтой яриа өрнүүлсэн нь ахмадуудын анхаарлыг ихэд татаж байв.
Өнгөрөгч 2014 онд ахмадуудын нийгмийн хэрэгцээнд зориулж тус аймгийн халамжийн сангаас нийт таван тэрбум 939 сая 603 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгосон байна. Мөн өнгөрөгч онд аймгийн хувьд халамжийн салбарт бүтээн байгуулалтын жил байсан бөгөөд шинэ байранд орсон гэдгийг аймгийн нийгмийн халамжийн салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа.
Чуулга уулзалтын үеэр ахмадууд тэтгэвэр, тэтгэмж нэмэх, тэтгэврийн зээлийн хүүг буруулах, тэтгэврийн зөрүүг багасгах гэх мэт нийгмийн халамжийн асуудлуудаас гадна Завхан аймгийг нийслэлтэй авто замаар холбох, УИХ-ын гишүүдийг квотоор сонгодоггүй байх зэрэг олон үнэтэй саналуудыг хэлж байсан юм. Түүнчлэн хуралдааны үеэр ахмадууд өөрсдийн санал бодлыг бичгээр өгсөн бөгөөд үүнд нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав болон холбогдох албаныхан хариулт өгсөн юм.
Тухайлбал, чуулганы үеэр ахмадуудаас тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санал их гарч байсан бөгөөд энэ талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан өнөөгийн нөхцөлд тэтгэврийн зээлийн хүүг шууд бууруулах боломжгүй хэмээгээд дараах тайлбарыг хийсэн юм. Тодруулбал, “Бид тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар Ахмадын чөлөөт холбоо болон холбогдох хүмүүстэй байнга ярилцаж байгаа, хамгийн сүүлд Монголбанкны мэргэжилтнүүдтэй өнгөрсөн долоо хоногт ярилцсан. Тэтгэврийн зээлийн хүүг шууд бууруулж болно, гэхдээ энэ нь сөрөг талтай. Маргааш тэтгэврийн хөгшчүүлийн нуруун дээр ирэх ачаа нь их болчихно. 1998 онд тэтгэврийн зээлийн хүү сарын 2.24 хувь байсан, нэг тэтгэвэр авагчид 275 мянган төгрөгийн тэтгэврийн зээл оногдож байсан, 2010 онд зээлийн хүүг 1.8 хувь болгож бууруулсан. Өнөөдрийн энэ нөхцөлд тэтгэврийн зээлийн хүүг хадгаламжийн зээлийн хүүгээс бууруулвал тэтгэвэр авагчдын нуруун дээр таван сая төгрөгийн өр ноогдох гээд байгаа юм. Тэтгэвэр авагчдын амьдрал ахуйд хэрэглэдэг тэр бага мөнгөн дээр хүүг нь буруулах нь зөв. Гэтэл үүнийг дагаад бусад зээлүүд нь тэтгэврийн зээлд орж ирээд өрийн дарамт нь нэмэгдэх эрсдэл их байгаа учраас банкны зүгээс үүнийг одоохондоо шууд хийх бололцоо муу байна гэж байгаа юм. Харин тэтгэврийн сангийн тогтолцоог өөрчлөөд, энэ санд УИХ-аас хоёроос гурван их наяд төгрөг цуглуулчихвал тэтгэврийн зээлийн хүү аяндаа буурах бололцоотой юм” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав дээрх тайлбарыг банкны мэргэжилтний зүгээс хийж байгаа тайлбар гэдгийг онцлоод цаашид энэ асуудлаар УИХ, Засгийн газрын хэмжээнд ажиллах болно гэсэн юм.
Завхан аймагт “Ахмадаа сонсъё” чуулга уулзалтыг зохион байгууллаа | ||
Үзсэн: 1381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.