Шууд Chart

УИХ-ын гишүүн Д.Батцогт иргэдийн санал бодлыг сонслоо

2015-03-17 13:01:28

УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нар сумдад ажиллаж байна. Тэд энэ сарын 13-наас 16-ны өдрүүдэд Зэрэг, Дарви, Цэцэг, Мөнххайрхан, Мөст, Манхан зэрэг сумдын ард иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.    

Энэ үеэр УИХ-ын эрхэм гишүүн сум орон нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг сонсож, өнгөрсөн онуудад хийсэн ажлаа тайлагнан, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл Шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэн УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжуудыг сурталчлан танилцуулж, цаашид аймаг орон нутгийн хөгжилд анхааран ажиллахаа мэдэгдсэн.

Орон нутгийн оршин суугчид "Малын хулгай ихээхэн газар авлаа. Аймаг болон сумдын Засаг дарга нарыг ард иргэд нь өөрсдөө сонгож байя. Өндөр уулын бүсэд амьдардаг малчдаа дэмжээд мал төллөх үеэр сурагчдыг амраавал сайн байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийн тэтгэмжийг ялгавартай өгч байна. Тэтгэврийн зөрүүг арилгамаар байна гэсэн санал, хүсэлтийг нийтлэг тавьж, аймаг орон нутаг хурдацтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаа"-гаа илэрхийлж байлаа. 

Д.Батцогт гишүүнд хандаж Ховд аймгийн Зэрэг сумынхан малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүлнэ үү, сургуулийн заал шаардлага хангахгүй байна зэрэг асуудлуудыг хэлсэн бол Дарви суманд ирвэс өсч айлын мал руу дайрч байна гэсэн гомдол хэлж байв. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт иргэдийн асуултанд “Бид ирвэс өссөн гээд устгаад байж болохгүй. Харин ирвэсээ гадаадын жуулчдад үзүүлэн тэдний зургийг авч сурталчлан орлогынхоо эх үүсвэрийг бүрдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй" гэсэн юм. 

Хөдөө орон нутагт ажиллах үеэрээ Д.Батцогт гишүүн Хөшөөтийн үйлдвэртэй танилцаж, тус тосгоны иргэдтэй уулзсан. Иргэд “Бид нүүрсний уурхайн хажууд амьдарч байж нэг тонн нүүрсийг 50 мянган төгрөгөөр худалдан авч байна, Үйлдвэрийн тоосжилтоос шалтгаалан цэвэр агааргүй болж, малынхаа гэдэс дотрыг идэх аргагүй болсон. Цалин буухгүй удаж байна. Хятад дарга нартай нь ойлголцож чадахгүй байна” зэрэг санал, гомдол илэрхийлэв. Иргэдтэй уулзсаныхаа дараа гишүүн тус уурхай дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын удирдлагуудтай уулзаж, шаардлага тавьсан юм.

Цаашлаад Мөст сумын дэд бүтцийг сайжруулан, цаашдын хөгжилд анхааран ажиллахаа аймгийн Засаг дарга болон УИХ-ын гишүүн Д.Батцогт нар мэдэгдсэн юм.


Нийтэлсэн: Д.Жамбалдорж

УИХ-ын гишүүн Д.Батцогт иргэдийн санал бодлыг сонслоо  
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй