Шууд Chart

УИХ-ын дарга Польш улсад амьдарч буй Монгол иргэдтэй уулзав

2015-03-20 11:44:51

УИХ-ын дарга З.Энхболд Польш Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч буй Монголын иргэдтэй уулзалт хийлээ. Өнөөдрийн байдлаар БНПУ-д 920 монгол иргэн хууль ёсны эрхтэйгээр ажиллаж амьдарч байна. Энд ажиллаж амьдарч байгаа иргэдийн дотор эмч тэдгээрийн гэр бүл нийлээд 60 орчим хувийг эзэлж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад өвөрмөц онцлог юм. БНПУ-д амьдарч буй иргэд УИХ-ын даргыг Польш Улсад албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

Иргэдийн зүгээс өнөөдрийн Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хоёр иргэншлийг хүлээн зөвшөөрөх боломж буй эсэх, уламжлалт анагаах ухааныг бодлогын хэмжээнд дэмжин ажиллах, Монгол Улс дахь замын хөдөлгөөний аюулгүй байдал, жолооч бэлтгэх курс дамжааны чанарт анхаарч европын стандартыг нэвтрүүлэх зэрэг асуулт асууж, санал хэллээ.
 
УИХ-ын дарга З.Энхболд БНПУ-д амьдарч бус монгол иргэддээ хандан, миний бие ХБНГУ-д албан ёсны айлчлал хийгээд энэ өдрүүдэд БНПУ-д албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр монгол эх орноосоо гарч энэ оронд ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа элэг нэгт монголчуудынхаа төлөөлөлтөй уулзаж байгаадаа баяртай байна гээд 2012 оны сонгуулийн дараах Монгол орны нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
 
Мөн БНПУ-д амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалд хамрагдах асуудал хурцаар тавигддаг байсан бол удахгүй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлэлцээрийн дагуу энэхүү асуудлыг шийдэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл Монгол Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан ОХУ, БНКазУ, БНСУ, БНУУ-ын хувьд "Нийгмийн даатгалын тухай хууль"-ийн 2 дугаар зүйлийн 2-т  "Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж заасны дагуу хэлэлцээрийг мөрдөж ажилладаг бөгөөд Польш Улстай мөн адил хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа тухай Монгол Улсаас Бүгд  Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Ганбаатар танилцууллаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дарга Польш улсад амьдарч буй Монгол иргэдтэй уулзав  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй