Шууд Chart

Эрчим хүчний салбарынхан ололт амжилтаа дүгнэлээ

2013-08-22 14:35:42

Өвөлжилтийн бэлтгэл хөдөө, хотгүй ид өрнөж буй өнөө үед Эрчим хүчний салбарын ажилчдын баярын өдөр 8 дугаар сарын 15-нд тохиолоо. Гэвч баярын хурал даруухан болсон төдийгүй, хийсэн ажил, цаашид хийх ажлаа ярилцаж, эрчим хүчний салбарын 200 гаруй ажилчдыг шагнаж урамшуулсан юм. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ярихдаа “бидэнд тийм ч их баярлаад байх цаг зав алга, учир нь өвлийн бэлтгэл ид өрнөж байна, хөдөө орон нутагт манай ажилчид бас шуурхай ажиллаж байгаа. Тиймээс энэ хурал дээрээ мөн л ажлын амжилт, алдаа оноогоо ярилцах нь зүй ёсны хэрэг” гэсэн юм. Тус салбарын өнгөрсөн жилийн мөн үеээс өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлсэн дараах ажлууд байгаа аж. Үүнд: 
-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцыг энэ оны эхээр ашиглалтад хүлээн авснаар Өмнийн говь төвийн эрчим хүчний системд холбогдсон.
-Тавантолгойн ордыг түшиглэсэн 450 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станц барихаар байгаль орчны ерөнхий үнэлгээг хийж байна. Хуулийн зөвлөх компани болон санхүүгийн зөвлөх компаниудыг сонгосон бөгөөд оролцогч компаниудын саналыг аваад байна.
-Могойн гол-Тэлмэн-Улиастайн 110 кВ-ын шугамыг төвийн эрчим хүчний системд холбож, олон жилийн турш эрчим хүчээр дутагдаж ирсэн Завхан аймгийн сумд эрчим хүчний хязгаарлалтгүй боллоо.
-250 мВт-ын Салхитын цахилгаан станцын эхний ээлжийг энэ оны зургадугаар сард ашиглалтад хүлээн авснаар 30 гаруй мВт-ын эрчим хүчийг Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж эхлэв.
-Нийслэлийн өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангах “Амгалан” дулааны станцыг эргэн төлөгдөх, түлхүүр хүлээлгэн өгөх нөхцлөөр гэрээ байгуулаад газрыг чөлөөлүүлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
-Эрчим хүчний яамнаас 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жил” болгон зарлав. Эрчим хүчний зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх хуулийн төслийг олон нийтэд хэлэлцүүлээд УИХ-д өргөн барихад бэлэн боллоо.
-Улаанбаатарын цахилгааны V эх үүсвэрийн байршлын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.
-Нийслэлийн шинэ эх үүсвэр ашиглалтад ортол өнөөгийн хэрэглээний өсөлтийг найдвартай хангахаар ДЦС-4 ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт, ДЦС-3 ХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар өргөтггөх төслийн ажлыг эхлүүллээ
-Улаанбаатар хотын гэр хорооллын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулахад 8,1 тэрбум, хотын цахилгааны кабель шугамын өргөтгөл шинэчлэлд зориулан 6,8 тэрбумын 20 багц бүхий хөрөнгө оруулалтын ажлын барилга угсралтын ажлыг хийж, эхний хэсгийг ашиглалтад хүлээн авахаар улсын комисс ажиллаж байна.
-Эрчим хүчний салбарт 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих эрчим хүчний төсөл, арга хэмжээг Худалдан авах ажиллагааны газартай хамтран зохион байгуулж Эрчим хүчний яамнаас нийт 27 төсөл, арга хэмжээний гэрээг байгуулаад байна.
-Зүүн хойд Азийн Сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын хурлыг МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион явууллаа. Энэ хурлаар Монгол орны говийн бүсэд нарны том чадлын цахилгаан станц барих улмаар БНХАУ, БНСУ, Япон улс руу цахилгаан экспортлох, Азийн супер сүлжээ барих боломжийн талаар ярилцаж бүс нутгийн орнууд дэмжсэн нь чухал ач холбогдолтой боллоо.
-Улаанбаатарын цахилгаан дулааны V станцын газрын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 191 дүгээр тогтоолыг гаргуулаад байна.
-Эрчим хүчний яамнаас 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт үр ашгийн жил” болгон зарлаад байна.
-Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээнд “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” “Оюутолгой” ХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан зэрэг ажлууд багтаж байна.






Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эрчим хүчний салбарынхан ололт амжилтаа дүгнэлээ   
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй