Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-03-21 06:55:09

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.


УИХ-ын дарга З.Энхболд  ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийсэн. УИХ-ын даргын айлчлалыг тоймлон хүргэвэл,

2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр:
-УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзсан.
-Мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцсон.
 
2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр:
-УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзсан.
 -“CeBIT-2015” үзэсгэлэн болон "Фольксваген" машины үйлдвэртэй танилцсан.
 
2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр:
-Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел бараалхсан.
-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзлаа.
-Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурлаа.
- Конрад- Аденауэрын санд зочлон, Ардчилсан хөгжлийн тухай илтгэл тавьсан.
 
2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр:
-УИХ-ын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн бараалхав.
-Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав.

УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-д хийсэн айлчлалаа өндөрлөсний дараагаар шууд  Бүгд Найрамдах Польш Улсад /БНПУ/ хийх албан ёсны айлчлал эхлүүлсэн. Тэрбээр БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар тус улсад энэ сарын 18-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд  БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой хэлэлцээ хийж, БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзахаас гадна Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Капла гадаадын иргэн ялтанд уучлал үзүүлсэн. Харин 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан "Саус Гоби Сэндс" компанид уучлал үзүүлээгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр үндсэн хууль зөрчөөгүй, огцрох ямар ч үндэслэлгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэ долоо хоногт “Хурд” агентлагт өгсөн ярилцлагадаа онцлосон. Ярилцлагыг ЭНДЭЭС  сонсоно уу.


Энэ долоо хоногт Аж үйлдвэрийн сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд чөлөөт бүсийн Захирагч нарыг томилж, чөлөөллөө. “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Д.Батсайхан, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимэдсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ингээд П.Тогтохбаярыг “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Д.Баасандоржийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томиллоо.


Энэ долоо хоногт Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой тохиосон юм. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гарган Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал цол олголоо. Мөн Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Доржсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнэ нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ.


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн билээ. Оношлогооны цэгүүдийн зарим байршил, цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  http://mnb.mn/i/49310 уншаарай.



Засгийн газрын ээлжит хуралдаанаас Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулахаар тогтлоо. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн нэр томьёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний жишиг үнийг зарлана. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн экспортлогдох юм.




НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ын төслийг хэлэлцэн баталлаа. Дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС уншина уу.  




Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг сонирхуулъя. Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Маргааш ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна   
Үзсэн: 2145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй