-“Цэнхэр дэлгэц-2015” дэлгэцийн богино хэмжээний шилдэг бүтээл шалгаруулах анхдугаар наадам-
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын албанаас санаачлан, анх удаа зохион байгуулж байгаа “Цэнхэр дэлгэц-2015” богино хэмжээний шилдэг бүтээл шалгаруулах наадам өнгөрсөн бямба гарагт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Радио, телевизийн урлагийг хослуулсан богино хэмжээний дэлгэцийн бүтээлийн шилдгийг шалгаруулах анхдугаар наадам гэдэг утгаараа энэ удаагийн “Цэнхэр дэлгэц” тун өвөрмөц болсон юм.
МҮОНРТ-ийн бүx найруулагч, сэтгүүлч, зураглаач, нэвтрүүлэгчид, дууны найруулагчдын дунд зохион байгуулагдсан “Цэнхэр дэлгэц-2015” наадамд нийт 28 шилдэг бүтээл ирсэн байна. Шүүгчид тэдгээр бүтээлээс 16-г нь шалгаруулж хүрэлцэн ирсэн зочид, оролцогчдод үзүүлсэн. Радиогийн их танхимд болсон уран бүтээлтэй танилцах үе хуран цугларсан хүмүүсийн хамгийн ихээр хүлээж, догдолж байсан мөч. Найм, наймаар нь хоёр хэсэг болгон гаргасан бүтээлүүдийг танхим дүүрэн үзэгчид алга ташилтаар мялааж байлаа.
Зохиолч О.Цэнд-Аюушийн “Хайр” бүтээл энд цугларсан хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, зарим нь нүдэндээ нулимстай хоцорсон. “Хайр”-ыг цэцэрлэгийн хоёр хүүхдийн сэтгэл зүйгээр тун сонирхолтой гаргажээ. “Ахын хайр гэж үүнийг л хэлдэг байх” гэдэг үгс энэ бүтээлийн араас хөвөрч байсныг энд онцлууштай.
Энд онцлох бас нэг уран бүтээл бол тэртээ 1952 оны үйл явдлыг өгүүлэх “Нууц” байсан юм. Аливаа уран бүтээлийг хийнэ гэдэг хэцүү ч түүхэн бүтээлийг тэр ахуй, цаг дор үзүүлж, өгүүлнэ гэдэг уран бүтээлчдээс асар их хөдөлмөр зүтгэл шаардана. Наанадаж л орчин, хувцаснаас эхлээд асуудал яригдах нь зүй. “Цэнхэр дэлгэц-2015” наадамд “Нууц” бүтээлээ сойсон багийнхантай уулзахад “Маршал Х.Чойбалсангийн бүрэн тоноглол бүхий хувцас Монголд хоёрхон байдгийн нэгийг олж уран бүтээлдээ оруулсан” гэсэн. Мөн тэд “ “Нууц”-д ОХУ-ын хоёр иргэн, Францийн нэг иргэн, эдүгээ Өвөрхангай аймгийн Баянгол сумд ажиллаж, амьдарч буй жүжигчин Д.Төмөртогтох нарын монгол хүмүүс тоглосон нь өвөрмөц. Манай уран бүтээл гурван улсын хамтарсан бүтээл болсон” хэмээн ярьж байлаа.
Урлагийн төрлүүдийг хослуулан өгүүлсэн “Хунгийн чуулган” бүтээл эдгээр бүтээлүүдээс бас онцлог санагдаж байв. Уран зураг, балет, төгөлдөр хуур гээд сонгодог урлагийг хослуулсан эл бүтээлийг үзэгчид мюзикл төрөлд илүү ойртжээ гэж үнэлж байв.
Харин тус наадмын тэргүүн байрыг эзэлсэн “Би монгол хүн” бүтээл өвөрмонгол эмэгтэйн амьдралын тухай өгүүлэх аж. Тэр эмэгтэй ар Монголд ирснээсээ хойш 44 жилийн дараа Монгол Улсын иргэн болж байсан тухайгаа дурсана.
Уншигч та бүхэн “Цэнхэр дэлгэц-2015” наадмын шилдэг 16 бүтээлийг үзэж, сонирхох боломжтой. МҮОНРТ-ээр өнөөдрөөс /2015.03.23/ эхлээд 19:45 цагаас эдгээр бүтээл цувралаар үзэгчдийн хүртээл болох учир энд дэлгэрэнгүй өгүүлэхийг зорьсонгүй.
Шилдэг бүтээлүүдтэй танилцсаны дараа дэлгэцийн богино хэмжээний шилдэг бүтээл шалгаруулах “Цэнхэр дэлгэц-2015” наадам уран бүтээлийн илтгэлээр үргэлжилсэн. МҮОНРТ-ийн Уран сайхны удирдагч Б.Баяр “Дэлгэцийн урлагийн найруулга зүйн онол”, найруулагч, УГЗ Ч.Дамдин “Дэлгэцийн урлагийн найруулга зүй, онцлог”, жүжигчин СТА Б.Амарсайхан “Монгол жүжигчид олон улсад...” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Үүний дараагаар “Цэнхэр дэлгэц-2015” наадам “Цэнхэр хивсний ёслол”-оор үргэлжилсэн юм. Наадамд бүтээлээ сойсон уран бүтээлчид цэнхэр хивсэн дээгүүр алхаж, хэдхэн минутын дараа эхлэх шилдгийг шалгаруулах ёслолыг сэтгэл түгшин хүлээж байв.
Богино хэмжээний дэлгэцийн бүтээлийн шилдгийг шалгаруулах “Цэнхэр дэлгэц-2015” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааг МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа үг хэлж нээсэн юм.
"Цэнхэр дэлгэц-2015" наадмын шилдгүүд
Шилдэг бүтээл- “Би монгол хүн”
Шилдэг эвлүүлэг: -“Би монгол хүн” бүтээлийн эвлүүлэгч О.Эрдэнэпүрэв
Шилдэг дууны найруулга: “Өвөлжөөний үдэш” бүтээлийн дууны найруулагч Ч.Батхишиг
Шилдэг уншилт: “Би монгол хүн” бүтээлийг уншсан МУСГЗ Ж.Бямбаа
Шилдэг зураглаач: “Өвөлжөөний үдэш” бүтээлийн зураглаач Н.Азжаргал
Шилдэг зохиол: О.Цэнд-Аюуш, Х.Шинэ-Од нарын “Би монгол хүн”
Шилдэг найруулга: “Би монгол хүн” бүтээлийн найруулагч О.Энхболд
Олны таашаалд нийцсэн бүтээл: О.Цэнд-Аюушийн зохиол, А.Болотын найруулга “Хайр”
Дэлгэцийн урлаг бол хамтын бүтээл байдаг. Энэ утгаараа “Цэнхэр дэлгэц” наадамд МҮОНРТ-ийн ахмад уран бүтээлчид, радио, телевиз, сайтын сэтгүүлч, уран бүтээлчдээс бүрдсэн хамтарсан багууд оролцсон нь зочдын талархлыг хүлээж байсан юм. Шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үеэр МҮОНТ-ийн зураглаач Д.Хэрлэн, МҮОНР-ийн редактор Б.Жаргалмаа нар “Радио, телевизийн тэргүүний ажилтан” болж баяр дээр баяр нэмэв.
Мөн өдрийн бас нэг сэтгэл хөдөлгөсөн мөч нь МҮОНРТ-ээр овоглосон ээж, хүү хоёр шилдгээр шалгарсан ховор тохиол байсан юм. МУСГЗ Ж.Бямбаа “Би монгол хүн” бүтээлийн шилдэг уншилт төрлөөр шагнал гардсаны дараа түүний хүү Н.Азжаргал “Өвөлжөөний үдэш” бүтээлээр шилдэг зураглаачийн шагналыг гардан авлаа.
“Цэнхэр дэлгэц-2015” наадмын үеэр зарим уран бүтээлч, зочдын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.
МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь: Манай байгууллагын сан хөмрөгт 28 бүтээл шинээр нэмэгдэж байна
-МҮОНРТ гэх байгууллага өдийг хүртэл олон жилийн архив, түүхийг бий болгосон байна. Олон ч уран бүтээлчдийг төрүүлэн гаргажээ. Манай уран бүтээлчид олон жил бие даасан уран бүтээл хийж, нэгдэж чадахгүй байсныг өнөөдрийн “Цэнхэр дэлгэц” наадам нэгтгэж чадлаа гэж бодож байна. Монголын радиогийн алтан санд хадгалаастай байсан сод бүтээлүүдийг телевизийн уран бүтээлч залуус маань дэлгэцийн бүтээл болгож гаргаж байгаа нь радио, телевизийн уран бүтээлчид хамтарч, нийлж чадвал бүгдийг чадна гэх сэдлийг төрүүллээ. Энэхүү наадамд 28 шинэ, шилдэг бүтээл ирж манай байгууллагын сан хөмрөгт 28 бүтээл шинээр нэмэгдэж байна. Дараа дараагийн наадмынхаа бодлогод ч бүтээлийнхээ тоог нэмэх талаар тусгаж өгнө. Өнөөдрийн наадамд оролцсон бүх уран бүтээлчдэдээ амжилт хүсье.
МУСГЗ Ж.Бямбаа: Нэг тайзан дээрээс хүүтэйгээ хамт шагнал гардан авсандаа баяртай байна
-Өнөөдөр миний амьдралд хэзээ ч мартагдашгүй сайхан тэмдэглэлт өдөр болж байна. Миний насан дээр өчнөөн нас нэмсэн, уран бүтээлийн урмаар тэтгэсэн сайхан үйл явдал болж байгаад сэтгэл өндөр байна. Уран бүтээлчдийг урмаар тэтгэж, амьдралын олон өнгийг харуулсан сайхан бүтээлүүд яах ч аргагүй дутагдаж байж. Яг энэ цаг үед манай удирдлагууд уран бүтээлчдийн дунд их зөв зүйтэй арга хэмжээ санаачилжээ гэж бодож байна. “Цэнхэр дэлгэц” наадам маань жил ирэх тусам өргөжиж, олон олон уран бүтээлчийн урмыг сэргээж, чадлыг сорьсон наадам болох байх. Нэг тайзан дээрээс хүүтэйгээ хамт шагнал гардан авсандаа баяртай байна.
Шилдэг дууны найруулагч Ч.Батхишиг: “Өвөлжөөний үдэш” зохиомжид байгалийн дууг түлхүү ашигласан
-“Өвөлжөөний үдэш” зохиомжийг хийхдээ М.Төгөлдөр найруулагчтай хамтарч ажилласан. Их цас орсон, хүйтэн өдөр натурт явсан. Гол дүрийн залуу маань шөнө цасан дээр явж байгаа зураглал байдаг. Шөнийн дөрөв, таван цаг хүртэл зураг авсан. Маш их даарсан. Зовсны эцэст жаргадаг гэдэг шиг өнөөдөр шилдгээр шалгарсандаа маш их баяртай байна. Бид энэ бүтээл дээр хөгжим нэг их хэрэггүй гэж ярилцаад ихэвчлэн байгалийн дууг ашигласан. Анх удаа зохиогдож байгаа фестиваль гэхэд маш сайхан боллоо. Би МҮОНРТ-д ороод нэг жил гаруй болж байна. Урд нь өөр телевизэд ажиллаж байхдаа хэд хэдэн кино хийж байсан.
Шилдэг зураглаач Н.Азжаргал: Радиогийн зохиолчидтой телевизийн уран бүтээлчид хамтарч ажиллаж байгаа нь анх удаагийнх
-“Цэнхэр дэлгэц-2015” наадмыг зохион байгуулж байгаа нь маш их таалагдаж байна. Яагаад гэвэл радиогийн зохиолчидтой телевизийн уран бүтээлчид ингэж хамтарч ажиллаж байгаа нь анх удаагийнх юм. Ерөнхийдөө радиогийн зохиол бол барьж авахад их хэцүү, хүний чихэнд наалдах үг, өгүүлбэрийн асар өндөр түвшинд бэлтгэгддэг. Радиогийн ийм зохиолоор энэ зохиомжийг хийхдээ найруулагчтайгаа ярилцаж байгаад бодит дүр гаргаж ирье гэж шийдээд бодит дүртэй болгож хийсэн. Энэ бүтээлээрээ наадамд оролцоод шагнал авсандаа их баяртай байна.
Шилдэг эвлүүлэгч О.Эрдэнэпүрэв: Бид нэг хүн шиг ажиллаж чадсан
-Эвлүүлэг хийхдээ их энгийнээр хийх ёстой л гэж бодож байсан. Хийж байгаа бүтээлийнхээ олонд хүргэх гэсэн санааг нь энгийнээр гаргахыг зорьсон доо. Энэ бүтээлд бид нэг хүн шиг ажиллаж чадсан. Нэг баг болж ажиллаж байгаа бол нэг хүн шиг байх ёстой гэсэн зорилгоор өмнөө тавьсан. Түүндээ ч хүрч чадлаа.
Редактор Х.Шинэ-Од: Энэ наадам улсын хэмжээний уралдаан шиг санагдаж байна
-Анх удаа манай уран бүтээлчдийн дунд зохиогдож байгаа энэ наадам улсын хэмжээний уралдаан шиг санагдаж байна. Бид энэ наадамд хоёр ч бүтээлээ сойлоо. Нэг нь 1965 онд хийгдэж байсан радиогийн зохиолоор богино хэмжээний кино хийсэн. Нөгөөх нь “Би монгол хүн” гэх баримтат нэвтрүүлэг байлаа. Зохиолчоо бид их удаан хайсны эцэст олсон л доо. Анх зохиол маань “Ойн хөрөг” гэх нэртэй байсныг бид “Би монгол хүн” гэж нэрлээд хөрөг найруулал хийсэн. Энэхүү бүтээл маань монгол орныг муухай гэж боддог, хөгжилгүй гэж боддог хүмүүст өөр сэтгэгдэл төрүүлж, өөр улсын иргэн энэ улсын иргэн болох гэж 44 жил болж байхад уул, усныхаа эзэн болсон бид эсрэгээр бодож болохгүй гэдгийг харуулахыг зорьсон.
Өнөөдөр бүтээлээ хараад их урам авлаа. Хамгийн чухал нь шагналаас илүү манай хамт олны сэтгэл ханамж 100 хувь байгааг нь харах л байлаа.
Найруулагч О.Энхболд: Ийм сайхан бүтээл өгсөн О.Цэнд-Аюушдаа баярлалаа
-Анхны зүйл гэдэг сайхан байдаг. Уран бүтээлчдийнхээ дунд зохион байгуулсан энэхүү наадмаас анхны гранприг хүртэх сайхан байлаа. Бидэнтэй хамт ажилласан бүх хүнд баярлалаа. Ийм сайхан бүтээл өгсөн О.Цэнд-Аюушдаа баярлалаа гэж хэлье. Энэ гайхалтай зохиолыг дэлгэцийн бүтээл болгохын тулд их хичээсэн. Тэр маань ч амжилт оллоо. Түүнчлэн бүтээлд хамтран ажилласан продюсер Д.Цоодол ахдаа баярлалаа.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь шагнал гардуулах үеэр “Цэнхэр дэлгэц-2015” наадамд хөндлөнгийн ажиглагчийн үүрэг гүйцэтгэснээ хэлээд энэ наадмын шалгаруулалт тун өвөрмөц болсныг дуулгасан. Аливаа арга хэмжээ, шагнал гардуулах ёслол Монголд “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй”-н зарчмаар явдаг байсан бол “Цэнхэр дэлгэц” наадам Оскарын шагнал гардуулах ёслолтой зүйрлэн хэлж болохуйц шүүгджээ гэж хэлсэн юм. Мөн уран бүтээлчдэд нэг байшингийн хэдэн талд суугаад байх бус, цаашид хамтарч уран бүтээл хийгээрэй гэдгийг уриалсан. Ингээд “Цэнхэр дэлгэц” наадмын цаашдын он жилүүдэд амжилт хүсэв. Тус наадам уламжлал болон цааш зохиогдох юм.
“Цэнхэр дэлгэц” наадмыг санаачлагч МҮОНРТ-ийн Уран сайхны удирдагч Б.Баяр “Богинохон хугацаанд ажлын ийм их ачаалал дунд олон, чанартай бүтээл гарна гэж бодоогүй. Уран бүтээлчид нэгдэж нягтраад, сэтгэл гаргаж хандах юм бол манайхаас гарахгүй бүтээл гэж байхгүй гэдэг нь харагдаж байна” гэв.
МҮОНРТ-ийн уран бүтээлчид, зочид төлөөлөгчид өөр өөрийн өнгөтэй олон сайхан шинэ бүтээлээр “амьсгалж”, нэг өдрийг шүлэг яруу найраг, дуу хуур, дурсамж яриа, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Хаана л бол хаана уран бүтээлийн яриа өрнөж, шүүмж, магтаал сүлэлдсэн энэ өдөр дараагийн наадмыг битүүхэндээ хүлээсэн хүн олон байсан биз ээ. Хол мэт санагдах ч, сэтгэлд ойрхон “Цэнхэр дэлгэц”.
Хол мэт санагдах ч, сэтгэлд ойрхон “Цэнхэр дэлгэц” | ||
Үзсэн: 4014 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.