Шууд Chart

29 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ

2015-03-24 12:45:04

Уул уурхайн сайд Р.Жигжид өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд  тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу зургаан удаагийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ.

Сонгон шалгаруулалтын дүнд 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. Мөн таван талбайд шинээр оролцогч аж ахуйн нэгж шалгарч өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжид гаргасан зардлыг нь буцаан олгож хохиролгүй болгосон бол найман талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь шаардлага хангаагүй тул өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлжээ. Түүнчлэн энэ сарын гуравны өдөр ээлжит сонгон шалгаруулалтыг нэр бүхий 13 талбайд зарлаж, ирэх дөрөвдүгээр сарын хоёрны өдөр нээхээр сонгон шалгаруулалт зарлаад байгаа аж.
 
Мөн Уул уурхайн сайд Р.Жигжидийн мэдээлснээр алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг алт олборлолтод шаардлагтай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр Монголбанкны удирдлагуудтай уулзаж, зарчмын асуудлаа тохирсон байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулсан ажлын хэсэг  дээрх хуулийг хэрэгжүүлэх журам, гэрээний загварыг боловсруулж, уг төслүүдэд яамдаас санал авахаар хүргүүлсэн байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

29 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй