Шууд Chart

Америкийн конгрессийн хамгийн баян 10 гишүүн

2013-08-22 17:33:46

Америкийн   "The Hill" сонины газраас АНУ-ын Конгрессийн хууль тогтоогчдын дундаас "Хамгийн баян 50 хууль тогтоогч" жагсаалтыг гаргасан байна. Тус жагсаалтын хамгийн эхэнд Калифорни мужийг төлөөлдөг БН-ын гишүүн  Дарриел Исса 355.4 сая долларын хөрөнгөөр бичигджээ. Тэрхүү  жагсаалтад нэр нь орсон  Конгрессийн  хамгийн баян 10 гишүүний 7 нь Ардчилсан намынх, 4 гишүүн нь  Сенатад алба хашдаг ажээ. Жагсаалтад 1 эмэгтэй гишүүн багтсан нь Сенатын гишүүн, хатагтай Диана Фэйнстэйн байлаа. Уншигч та бүхэнд  хамгийн баян 10 хууль тогтоогчийг танилцуулъя. 


1. Төлөөлөгч   Дарриел Исса -$355.4 сая.
"The Hill" сайтаас гаргасан 2012 оны жагсаалтаас үзвэл Исса өнгөрсөн жил 140 сая долларын хөрөнгөөр Конгресийн гишүүдийн дунд 3-т жагсаж байсан бол хөрөнгө нь сүүлийн нэг жилд 2 дахин өсч энэ жилийн жагсаалтыг тэргүүлж байна.  Тэрээр залуу насандаа машин "хулгайлсан" хэргээр ял сонсож байсан нэгэн ажээ. Тэгээд ч түүний ашиг орлого олдог бизнес нь автомашины дохиоллын системийн үйлдвэрлэл ажээ. Тэр ч бүү хэл түүний өөрийн дуу хоолойгоор хэлж бичүүлсэн "шилийн сайр эрчүүдэд"  хандсан анхааруулга бүхий Viper дохиоллын систем байдаг гэнэ.



2. Төлөөлөгч  Миччел МкКаул -$101.9 сая
Өнгөрсөн жилийн жагсаалтыг 290.5 сая доллараар тэргүүлж байсан МкКаулын хөрөнгө энэ жил багассан гэх бөгөөд 101.9 сая доллараар жагсаалтын 2-рт бичигджээ. Тэрээр Конгресийн Дотоодын хэргийг дэд хороог тэргүүлдэг ба "Clear Channel Communications" компанийг үндэслэгч Ловри Майсийн хүргэн ажээ.

3. Сенатор Марк Ворнер - $88.5 сая

Капитол Хилд суугаа хамгийн баян сенаторуудын нэг Марк Ворнер өөрийн сая саяар тоологдох хөрөнгийг технологийн салбараас олдог нэгэн. Тэрээр технолийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг "Columbia Capital" хэмээх компанийг үүсгэн байгуулагч бөгөөд харилцаа холбооны томоохон компани болох "Nextel Communications" -ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг ажээ. 



4. Сенатор Жэй  Рокефелер  - $83.8 сая
Түүний нэр хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хамгийн ойр сонсогдож байгаа биз? Сенатор Рокефелер бол газрын тосны салбараас дэлхийн хамгийн баян тэрбумтан Д. Рокефелерийн ач хүү юм. Дашрамд дурьдахад Сенатор Рокефелер 2014 оны дахин сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлаад байгаа ажээ.

 
5. Сенатор Синтиа Молкин - $76.6 сая
Сенатор Ричард Блүментал насаараа төрд зүтгэсэн нэгэн боловч түүний эхнэр Синтиа Молкин бол харин жинхэнэ чинээлэг айлын хүүхэд гэнэ. Синтиа Молкиний эцэг үл хөдлөх эд хөрөнгийн магнатуудын нэг Петер Молкин бөгөөд тэрбээр нэгэн цагт Нью Иорк хотын төдийгүй Америкийн бэлгэдэл болдог "Empire State Building"-ийг эзэмшдэг байсан гэдэг.



6. Төлөөлөгч Жонн Деланне - $68.4 сая
АНУ-ын Конгрессийн дунд хамгийн баянд тооцогдох Жонн Деланне бол өөрийн хүчин зүтгэлээр энэхүү хөрөнгөө босгосон гэдэг. Тэрээр "Capital Source" болон "Healthcare Financial Partners" хэмээх хоёр ч хувийн компанийг үүсгэн байгуулсан бөгөөд хожим тэдгээр нь олон нийтийн хувьцаат компани болсон юм. Нью-Йоркийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй эдгээр компаниудыг тэрээр 40 нас хүрэхээс өмнө байгуулсан "зайтай эр" гэж тооцогддог нэгэн.


7. Төлөөлөгч Жаред Полис - $60.2 сая 
Төлөөлөгч Жаред Полис ашиг орлогоо мөн л технологийн салбараас босгосон нэгэн. Тэрээр юм юмны зах үзсэн, хийж үзээгүй юмгүй "саваагүй" нэгэн гэх агаад өөрийн эцэг эхийн хамт bluemountainarts.com хэмээх онлайн мэндчилгээний сайт ажиллуулж байсан бол улс орон даяар цэцэг хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг Proflowers.com хэмээх компанийг үндэслэгч ажээ.

8. Төлөөлөгч Скотт Петерс - $44.7 сая 
Тэрээр мөн л Конгресийн танхимын шинэхэн гишүүн хэдий ч саятнуудын клубт хэдийн байр сууриа олсон нэгэн. Тэрээр "Environmental Protection Agency" (Байгаль орчныг хамгаалах Агентлаг)-т эдийн засагч, мөн Сан Дейго хотын Зөвлөлийн Ерөнхийлөгч зэрэг алба хашиж явсан нэгэн. Түүний эхнэр нь  бол "Cameron Holdings" хэмээх үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирлын алба хашдаг гэнэ.  

9. Сенатор  Диана Фэйнстэйн - $41.6 сая    
Конгресийн саятнуудын эгнээнд элссэн цорын ганц эмэгтэй гишүүн бол Сенатор Диана Фэйнстэйн юм. Сан Франциско хотын амбан захирагч асан тэрээр томоохон бизнесмэн, хөрөнгө оруулагч Ричард Блумтэй гэрлэжээ. Ричард Блум бол "Blum Capital Partners" компанийн тэргүүн бөгөөд тэдний гэр бүл Сан Франциско хот дахь "Carlton" зочид буудлын эзэмшдэг ажээ.

10. Төлөөлөгч   Жим Ренасси - $35.9 сая 
Конгресийн баячуудын хамгийн "ядуу" гишүүнээр тодорсон  Жим Ренасси нь өөрийн саятан болох гараагаа "LTC Management Services" хэмээх компаниас эхлүүлжээ. Түүний эзэмшдэг энэ компани улс орон даяар асрамжийн төвүүдийг эзэмшиж, ажиллуулдаг томоохон компани ажээ.

Дашрамд өгүүлэхэд Конгресийн гишүүдийн хөрөнгийн хэмжээг тодорхойлохдоо тэдний хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн нийт хөрөнгийн хэмжээнээс тэдний бүх зарлагыг хасч тооцсон цэвэр ашгаар тооцдог гэнэ. 

Нийтэлсэн: Web admin

Америкийн конгрессийн хамгийн баян 10 гишүүн  
Үзсэн: 2301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй