Огноо: 2010/01/19 Уншсан: 3
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл цас зуданд нэрвэгдэж гамшгийн байдалд ороод байгаа Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумдын нутгийн зөвлөлийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, санал солилцов.
Тус аймгийн ихэнх сумын нутагт цас их унаж, өвөлжилт хүндхэн байгаа ч дээрх гурван суманд цасны зузаан зудын байдлаас гурав дахин их буюу гамшгийн байдалд хүрээд байгаа аж. Булган суманд л гэхэд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш 19 удаа цас орж, ууландаа 100-120 см, говь талдаа 35-45 см цастай, одооогоор 35 мянган мал хорогдоод байгаа юм байна. Алслагдсан Байтаг, Хавтагийн орчимд 50 гаруй суурийн 80-аад мянган мал цасанд боогдон, зарим айлын мал хотноосоо гарч чадахгүйд хүрсэн. Сумаас холбоо тасраад байгаа тэр орчмын сууриудад 33 жирэмсэн эх, 152 хүүхэд, хөгшид бий, малчид түлээ түлш, хоол хүнс, эм тариагаар гачигдахад хүрээд байгаа. Мөн ойрын өдрүүдэд цасаар шуурснаас Үенч, Алтай суманд даваа, зам харгуй дахин хаагдаж, байдал улам хүндэрснийг нутгийн зөвлөлийнхэн УИХ-ын даргад танилцуулав.
Иймээс тэд гамшиг нүүрлэсэн энэ гурван сумын байдлыг албаны хүмүүс газар дээр нь үзэж танилцан онцгой байдал тогтоох, хилийн боомтыг түр хугацаагаар нээж өвс тэжээл, хүнс, бэлэн хувцас, бусад шаардлагатай бараа материал авч нөөцлөх боломж бүрдүүлэх, онгоц буулгах, туулах чадвартай машин, бензин шатахуунаар туслах, төвөөс өвс, тэжээл, тусламж хүргэх тээврийн зардлыг хөнгөлөх арга хэмжээ авахад туслахыг УИХ-ын даргаас хүслээ.
Түүнчлэн уулын их цас нуранги үүсгэж мэдэхээр байгаа, улмаар хавар урийн үер буух аюултай тул санаа зовниж буйгаа ч хэлж байлаа. Өвлийн энэ хахир хүйтэнд Булган гол хачирлаж, Булган сумын Баян гол баг болон сумын төвийн нэлээд хэсэг усанд автахад хүрсэн учраас далан босгоход хүрч байгаа гэж байв.
Мөн сумын төвийн цахилгаан эрчим хүчний дотоод сүлжээний найдвартай байдлыг хангах, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах, хүнс, түлээ түлшээр таслахгүй байхад орон нутгийнхан хэр чинээгээрээ санаа тавьж байгаа ч байдал хүндхэн байгааг УИХ-ын даргад дуулгалаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл орон нутгийн нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа, өчигдөр гэхэд цас зудны талаархи мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр сонсож Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн, мөн аймгийн удирдлагуудтай он-лайнаар ярилцаж байдалтай сайтар танилцсанаа хэлээд ойрын үед маршрутын онгоц буулгах, мөн хилийн боомтыг гуравдугаар сарын 1-15 хүртэл түр нээх асуудлыг шийдэхээр холбогдох яамныхан ажиллаж байгаа, ирэх сарын 1-ээс эхлэн иргэдэд хүртээх 70 мянган төгрөгийг эхний ээлжинд гамшгийн байдалд байгаа орон нутгийн иргэдэд олгох чиглэл барьж байгааг дуулгав.
Тэрбээр цас зудны гамшгийг хохирол багатай давахад нь нутгийн олондоо сайхан сэтгэлийн дэм өгч байгаа нутгийн зөвлөлийнхний санал, санаачлагыг Засгийн газарт уламжлахаа хэлээд нутгийн олны цуглуулсан хандив тусламж нь зудын хохирлыг арилгах, хөдөөгийн иргэдийг мөнгөний гачаалаас гаргах, сумын төвийг зутраахгүй байхад ихээхэн тус дэмтэй юм. Гэхдээ хуваарилалтыг оновчтой хийх, асуудалд бизнесийн ухаанаар хандах, хожмын асуудлыг шийдэх гарц олох талаар бодолцох хэрэгтэйг зөвлөлөө.
Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт аймгийн нутгийн зөвлөлөөс гамшигт нэрвэгдсэн сумдын иргэдэд туслах хандивын данс нээсэн, утасны мессеж ажиллуулж байгаа, энэ сарын 30-ний өдрийн 16.00 цагт хандивын тоглолт хийх болсноо дуулгаад төвөөс аль суманд хэдий хэрийн ачаа бараа хүргэх тооцоо судалгааг бодитой гаргаж өгвөл тээврийн зардлыг шийдэх боломжтойг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.
Гамшигт нэрвэгдсэн сумдынхан УИХ-ын даргад хандлаа | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.