Шууд Chart

“Их газрын чуулган” олон улсын наадам Дундговь аймагт зохиогдлоо

2013-08-23 10:17:26

“Наранцацралт” сангийн 10 жилийн ойн хүрээнд “Их газрын чуулган” олон улсын соёл, урлагийн наадам Дундговь аймагт зохиогдлоо. Наадмаар Ардын жүжигчин Ж.Дорждагва агсны нэрэмжит “Дуртмал сайхан” уртын дууны уралдаан, яруу найргийн мялаалга, сэдэвчилсэн үзэсгэлэн, галын тахилга, хурдан дааганы уралдаан, театр, чуулгуудын нэгдсэн тоглолт, айрагны баяр зэрэг зориод очсон хэнд ч үзэх, сонсох, бахдах, зүйлтэй сайхан наадам болж өндөрлөсөн юм.
Дундгодь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Их газрын чулуу хэмээх газар нь 70 гаруй км үргэлжилсэн, байгалийн үзэсгэлэнт уулс бөгөөд хад, чулуу бүр нь өөр өөрийн гэсэн өгүүлэмж бүхий дүрстэй юм. Энэ хадны дунд Монголын анхны байгалийн задгай театр гурван өдрийн турш, тэнгэр баясган наадсан юм. Наадамд Япон, Өвөрмонгол, Халимаг зэрэг гадаадын судлаач эрдэмтэд зорин ирж, оролцсон нь монголын соёл, зан заншлыг танин мэдэх ач холбогдолтойгоос гадна бид өөрсдөө хайрлах хамгаалах сэдлийг нэмэгдүүлж байсан гэхэд болох юм. 
Уг наадмын арга хэмжээний талаар “Наранцацралт” сангийн тэргүүн Н.Соёмботой ярилцлаа.
-Энэ наадмыг зохиоход танай “Наранцацралт” сан голлон ажиллаж байгаа гэсэн энэ талаар ярихгүй юу?
-Манай сан Дундговь аймагт зуданд нэрвэгдсэн малчдад туслах, малжуулах, тэмээг өсгөх чиглэлд бодлогын томоохон ажлууд хэрэгжүүлж ирсэн. Энэ жил 10 жилийн ой тохиож байна. Аймаг, орон нутгийнхантай ярьж байгаад ойгоороо Монголын анхны задгай театрт урлаг, соёлын наадмыг зохион байгуулж байна. Монгол ёс, уламжлал баялаг юм. Тэр дотроо айрагны соёл гэж маш том соёл бий. Ялангуяа Дундговьд тогоо нэрдэггүй байсан бөгөөд түүхийн явцад янз бүрийн архи, дарс орж ирж Монголчууд хөндийрсөн байдаг. Тэгвэл архигүй найр, айрагны баяр гэж юу байдаг вэ. Түүнийг сурталчилъя, залуусаа үлгэрлэе, хойч үедээ өвлүүлье гэсэн зорилгоор Их газрын чулуунд өнөөдөр ойгоо тэмдэглэн, наадаж байна.
-Нутгийнхан тань хэр дэмжиж байна вэ?
-Тиймээ мөн бусад орон нутгийн удирдлагууд ихээхэн сэтгэл гарган дэмжиж байна. Дээр нь Зууны манлай уртын дуучид манай нутгийнх байгаа нь тийм ч гайхах зүйл биш юм. Тиймээс л мөн тэдний нэрэмжит наадмыг зохиож байгаа юм. Энэ наадам нь ганц жил болоод өнгөрөхгүй уламжлал болгоно гэж зорьж байгаа.
 
Говийн тэнгэр хур бороогоо хайрлаж, олны хөлд дарагдсан Их газрын чулуу өнгө алаглах ч ирж, очих бүр холоос сэрвийн харагдана. Уртын дуу, яруу найргийн эгшигээр хөглөгдсөн энэ нутагт, Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Цоодол, мөн одоо үед эр бяр нь тэгширч яваа Болор цомын залуухан эзэд, залуу яруу найрагчид, утга зохиолын “Алиус” нэгдэлийнхэн очиж шүлэг яруу найргаа үзэгч олонд өргөцгөөсөн юм. Дундговийнхон угаас л цэцэн ухаан, сэтгэлийн хүч ихтэй улс юм. Яруу найргийн чөлөөт уншлагыг Яруу найрагч Ц.Хулан, Ж.Мөнхбат нар хөгжөөн хөтөлсөн юм.
            Ардын уран зохиолч П.Бадарч “Яруу найргийн наадам гурав дахь удаагаа болж байна. Уншигчидтайгаа уулзах сайхан үе юм. Энэ наадамд манай томчууд оролцдог. Уламжлалын дагуу дуу хууртай найрагчид шилдэг гэсэн шүлгээ уншдаг. Дашрамд хэлэхэд энэ бүхнийг санаачилсан хүн нь Монгол улсын ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт юм. Энэ наадам жилээс жилд өргөн дэлгэр болж байна. Ухаантай хүний үйлс ингэж удамшдаг юм байна. Дундговь аймаг сайхан нутаг, сайхан ч хүмүүс нийлж цогцолсон байна” хэмээн сэтгэлийн үгээ айлтгасан юм.
Наадмын үер нэрт номч Зава Дамдингийн гэр музей ажиллаж, мөн түүх соёлын үнэт олдворуудыг наадамчдад үнэ төлбөргүй дэлгэн үзүүлсэн юм. Мөн үндэсний үзлийг тунхагласан “Домог” хамтлагийн тоглолт уул, толгод, тал нутаг, ард олныг баясган тоглолоо.
Бэлтгэсэн: Д.Жамбалдорж
 
 






Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Их газрын чуулган” олон улсын наадам Дундговь аймагт зохиогдлоо  
Үзсэн: 4598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
CaPaa KaBa [180.235.173.xxx] 2013-08-28 19:09
anuka

Бидэнтэй нэгдээрэй