Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Манай улс хамгийн анхны бага оврын салхин сэнсний турбинийг үйлдвэрлэсэн таатай мэдээ байна. “Гэрэгэ Цүүшин” компани япон инженерийн Монголд зориулан бүтээсэн 500 ватт-ын хүчин чадалтай салхин сэнсний патентыг 2013 оноос хамтран ашиглаж эхэлжээ. Ингэснээр дотоодод салхин сэнсний турбин үйлдвэрлэх туршилт эхэлж, энэ оны хоёрдугаар сард анхны загварыг амжилттай үйлдвэрлэсэн аж. Одоогоор Япон улсад дээрх патентаар үйлдвэрлэсэн салхин сэнсийг хурдны зам, гудамжны гэрэлтүүлэг зэрэгт бага оврын цахилгаан үүсгэгч турбин болгон ашиглаж байгаа юм байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан энэ долоо хоногт хэд хэдэн хяналт шалгалтын дүнг сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ үеэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө 70-80 мянган төгрөг төлж ачуулсан машинаа авсан иргэд гомдол гаргаж мөнгөө буцаан авах боломжтой болсныг дуулгасан юм. Учир нь 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө машин ачих үйлчилгээний хөлсийг хууль бусаар тогтоосон байжээ. Тодруулбал, нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг торгуулийн хашаанд хүргэх үйлчилгээний төлбөрийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалын дагуу тогтоох ёстой. Гэвч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль бус захирамж гаргаж, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргад дээрх эрхийг шилжүүлсэн байсан гэлээ. Дашрамд өгүүлэхэд, 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг зөөж, 647 сая 710 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн гэх мэдээ байна.
“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион В.Кажуком нар нийтдээ 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн учир энэ хэмжээний мөнгийг Монгол Улсад төлөх хэрэгтэй гэх шүүхийн шийдвэр гарсан билээ. Харин шүүхийн энэхүү шийдвэрийг тус компанийнхан эсэргүүцэж давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх энэ долоо хоногт хуралдаж, 35 тэрбум төгрөг эргүүлэн төлөх шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгэжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Хууль зүйн сайд Д.Дорлигжавын цагдаагийн алба хаагчдын албан тушаалын цолыг хүчингүй болгох тушаал энэ долоо хоногоос хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, өмнө нь Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа хошууч цолтой алба хаагч хурандаа цолтой ажлын байранд томилогдвол автоматаар хурандаа цолтой болно гэх шийдвэрийг гаргасан байсан юм. Албан тушаалын цолыг хүчингүй болгосноор хурандаа цолтой ажлын байранд очсон хошууч нар хошууч цолтойгоор албан үүргээ гүйцэтгэхээр болж байгаа юм.
Хоёроос дээш давхарт баллон байрлуулахгүй байхыг санууллаа. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Энэ хаврын анхны бороо энэ долоо хоногт Хөвсгөл аймагт орлоо. Өчигдөр Улаанбаатар хотод бороо, цас холилдон орсон юм. Одоо уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг дуулгая. Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байна. Маргааш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 31-нд баруун зүгийн нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун зүгийн нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.