Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг зөвшөөрсөн билээ. Үүний дагуу өнөөдөр концессын гэрээнд Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, хөрөнгө оруулагч талыг төлөөлж “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанийн гүйцэтгэх захирал Ван Шөүхэ нар гарын үсэг зурлаа.
Манай улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор уг төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станц ашиглалтад орсноор импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах чухал ач холбогдолтой ажээ.
“Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг өнгөрсөн 2014 онд зарлаж, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” ХК оролцогчоор шалгарсан билээ. Улмаар Монгол Улсад бүртгэлтэй “Багануур Пауэр” ХХК-тай концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 88 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын газарт олгосон юм. Концессын гэрээний хугацаа 25 жил. Улмаар концесс эзэмшигч нь гэрээ байгуулагдсанаас хойш цахилгаан, эрчим хүч худалдах, худалдан авах, санхүүжилтийн болон бусад дагалдах гэрээнүүдийг байгуулан, байгаль орчинд нөлөөллийн үнэлгээг хийлгэн баталгаажуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.
Энэхүү станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгааны ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр бий болох, бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм. Дашрамд дурдахад, төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 8.9-9.9 сая ам.доллар болохыг хөрөнгө оруулагч тал энэ үеэр мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.