Монгол Улсын шигшээ баг, "Мон-Алтиус Мадимос Шонхорууд" багийн тоглогч Тунгалагийн Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн лиг болох PBA-д тоглох гэрээнд өчигдөр /01.04.15/ гарын үсэг зуржээ.
Ингэснээр Т.Санчир гадны улсын мэргэжлийн дээд лигт тоглохоор болоод буй сагсан бөмбөгийн анхны тамирчин болж байна.
Өмнө нь МУГТ Ц.Шаравжамц АНУ-ын домогт Harlem Globetrotters гэдэг шоу үзүүлбэрийн багт тоглож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж байсан. Гэхдээ Т.Санчирын хувьд сагсан бөмбөгийн эх орон гэгддэг Филиппин улсын мэргэжлийн лигийн багт тоглохоор болж буйгаараа онцлог. Тодруулбал, лигийн олон удаагийн аварга "Barangay Ginebra San Miguel Kings" багт тоглох гэнэ.
Филиппин улсын лигийн PBA нь Ази тивдээ хамгийн анх байгуулагдсан мэргэжлийн холбоо, лиг бөгөөд энэ онд 40 жилийн ой нь тохиох юм. Үүсгэн байгуулагдсан хугацаагаараа дэлхийд зөвхөн NBA-гийн дараа ордог хамгийн ахмад лиг бөгөөд зохион байгуулалт, багуудын чансаа, тамирчдын өрсөлдөөн, мэдээ мэдээлэл, шууд дамжуулалт, шилжилт хөдөлгөөн, бизнес зэрэг олон талаараа Азидаа төдийгүй дэлхийд шилдэгт тооцогддог мэргэжлийн лиг аж.
PBA-д нийтдээ 12 баг өрсөлддөг бөгөөд нэг жилийг тойроод гурван өөр лигийн тэмцээн явагддаг байна.
Т.Санчирын хувьд 2013 оны дэлхийн "Оюутны Universiade" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож, найман тоглолтонд 20.6 оноог дундчилж, шилдэг довтлогчдын нэг гэдгээ олон улсын тавцанд тэр харуулж байв. Дараа нь Зүүн Азийн АШТ-нд гайхалтай байж, шигшээ багаа оноо авалтаар тэргүүлсэн. Хамгийн сүүлд 2014 оны Азийн наадмын шилдэг тоглогчдын нэгээр нэрлэгдэж, мэргэжлийн багуудын скаутуудын хараанд өртсөн.
Дашрамд сонирхуулахад, өмнө нь PBA-д нэг ч Ази легонер тоглож байгаагүй ба Монголын тамирчин Т.Санчир PBA-д хөл тавих гэж буй анхны Ази легионер болж байгаа юм. Учир нь PBA-д өдийг хүртэл зөвхөн Америк легонеруудыг тоглохыг зөвшөөрдөг байжээ.
Юуны өмнө Т.Санчир Манила хотод очин, эрүүл мэндийн үзлэгийг давах ёстой аж. Дараа нь шинэ багтайгаа бүтэн сарын бэлтгэл хийж, шинэ улиралдаа бэлдэнэ.
Т.Санчир Филиппин улсын PBA лигт тоглох болжээ | ||
Үзсэн: 2062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.