Шууд Chart

Нэгдсэн хуралдаан “Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр үргэлжилж байна

2015-04-02 11:35:06

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулган энэ жил “Итгэлцэл” сэдвийн дор өрнөж байна. 

Чуулганыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн. Тэрбээр энэ жилийн Эдийн засгийн чуулган Монгол Улс болоод гадаадын хөрөнгө оруулагчид хооронд итгэлцэл бий болгох зорилгоор явагдаж байгаа гэдгийг онцолсон юм.  Мөн манай улсад итгэлцэл байхгүйн улмаас Оюутолгойн гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа гэлээ. Түүнчлэн дотоодод өрнөж байгаа үйл явдлаас сөрөг талыг олж хардаг хүмүүс олон байгаа учир бүх зүйлийг саарсан мэтээр ярьж байна гээд хөрөнгө оруулагчтай байх нь Монгол Улсад харилцан ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн юм.
 
 
Түүнчлэн энэ жилийн Эдийн засгийн чуулган Монгол Улс дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол бүхий үр дүн гаргана гэж итгэж буйгаа хэлээд форум нээгдсэнийг албан ёсоор зарлаж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Үүний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр “Монголын Эдийн засгийн чуулган” албан ёсоор эхэлсэн юм.
 
 
Нээлтийн дараа нийтлэлч Б.Батбаяр манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавив. Тэрбээр өнгөрөгч 2011, 2012 онд түүхий эдийн үнэ өсч, валютын урсгал нэмэгдсэн зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлттэй гарахад нөлөөлж үүнийг нь төр засгаас эдийн засаг сайн байна хэмээн андуурч байсан гэсэн юм. Харин одоо буцаад хэвийн байдалдаа хүрч байгааг нь хямрал гэж хараад байна. Товчхондоо, Монгол Улс сансарт гарчихаад буцаж бууж байна гэлээ. Тэрбээр мөн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд ард түмнийг ухамсарлуулахаас ажлаа эхлэх нь буруу. Учир нь энэ бол урт хугацаа шаарддаг ажил, харин үүний оронд татвар төлж улсын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байдаг хувийн хэвшлүүдийг сэргээхээс ажлаа эхлэх хэрэгтэй гэсэн байр суурийг өөрийн илтгэлдээ дурдсан.
 
 
Үүний дараа эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Нэгдсэн хуралдаан “Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр үргэлжилж байна.
 
Ч.Ганхуяг: Бид баялгийг бүтээх ёстой
 
-Ерөнхий сайд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ энэ жилийн чуулганаас хөрөнгө оруулагчдыг татсан чухал шийдвэрүүд гарах байх гэж хүлээж байна гэлээ. Та энэ жилийн чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Би бол их өөдрөг хүн. Аливаа асуудлыг болж бүтэж байгаа талаас нь харах гэж хичээдэг. Өнөөдөр Ерөнхий сайдын хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг нь итгэл найдварыг улам батжуулж байна. Эдийн засаг хамгийн доод түвшиндээ хүрсэн хэдий ч эргээд өндийх алхамууд хийгдэж байна. Энэ форумын дараа залгуулаад ирэх ням гарагт Ерөнхий сайд эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, олон улсын харилцааны талаар гаргасан томоохон шийдвэр ахицын талаар телевизээр шууд ард түмэнд хандаж мэдээлэл хийнэ гэдгээ зарласан. Түүнийг хүн болгон харж, хүлээж байна. Өнөөдөр биднийг өнөөгийн энэ байдалд хүргэсэн нөхцөлдөө дүгнэлт хийх гэж нийгмээрээ оролдож байгаа нь Баабар гуайн хэлсэн үгнээс харагдаж байна. Бид хэлж байгаа үйлдэл бүрийнхээ төлөө хариуцлага үүрдэг. Төрийг үймүүлдэг хоосон толгойтой, “хар хэрээнүүд” гэж нэрлэсэн ийм хүмүүсийн хар жагсаалтыг гаргаж байгаад дараагийн сонгуулиар эдийн засаг нийгмийг савлуулж тоглодог байдлыг зогсооё.
Бид баялгийг бүтээх ёстой, түүнийгээ зөв зохистой зарцуулах ёстой. Бэлэн мөнгөөр тараах биш  баялгийг хуримтлуулж түүнээс үүссэн орлогоор ирээдүйд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Орж ирж байгаа уул уурхайн баялгийг заримынх нь мөнгийг хадгалж, заримаар нь хөрөнгө оруулалт хийж, заримыг нь дэд бүтэцдээ ашиглаж, заримыг нь эрүүл мэндийн тогтолцоо, боловсрол, сайн багш нарт зориулснаар бид гурван саяулаа ч ирээдүйд гучин сая ард түмэнтэй өрсөлдөх чадвартай суурийг бий болгох ёстой.
Түүнчлэн энэ жилийн чуулганыг илүү үр дүнтэй болоосой, илүү төвлөрч яриасай, бодлого тогтоож, шийдвэр гаргаж байгаа хүмүүс илүү их оролцоосой гэж хүсч байна.
 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Гол нь форумаас гарах үр дүнг харах ёстой
 
-Энэ жилийн эдийн засгийн форум болон форумаас гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Энэ жилийн форум "Итгэлцэл" гэсэн нэрийн дор явагдаж байна. Сая Ерөнхий сайд болон Б.Батбаяр нарын илтгэлийн сонслоо. Аль аль илтгэл дээр монголчууд өөрсдөө буруутай, гадаадынхны зөв юм шиг санаанууд хэлж байна. Миний харж байгаагаар бол итгэлцэл хоёр тал дээр явагдах ёстой. Итгэлцэл гэдэг үгийг их болгоомжтой хэлэх ёстой. Итгэж байна гээд хоорондоо тохиролцож байна уу, зөвшилцөж байна уу эсвэл бие биенийгээ шүүмжилж түүнийг засч залруулаад итгээд урагшаа хамтдаа явж байна уу гэдгийг харах ёстой. Энэ форум бол их сүр дуулиантайгаар явагддаг. Өнгөрсөн жилийн форум дээр маш олон зүйлүүд яригдаж байсан. Гэтэл бидний алдаа бол нэг зүйлийг гоё ярьж байгаад хаячихдаг. Аливаа ажил бол гүйцэтгэлийн хяналт шалгалттай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хийсэн ажлаа үнэлж дүгнээд дараагийн ажлаа төлөвлөж хийх ёстой. Тийм учраас өнгөрсөн жилийн форумаар юу юу яригдсан, түүнээс нь ямар асуудлыг нь шийдсэн, юуг нь шийдэж чадаагүй гэдгээ эхлээд ярилцах ёстой. Өнгөрсөн жилийн форум үнэхээр үр дүнтэй болсон бол өнөөдөр хямралын асуудал яригдах уу, үгүй юу гэдгийг бодох ёстой. Тийм учраас форум эхлэхдээ өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаа нэг бүрчлэн дүгнэж байж дараа нь хуралдах ёстой байсан гэж бодож байна.
 
Олон улсын тоймч Б.Дашзэвэг: Уул уурхайн баялгийг зөв ашиглах хэрэгтэй
 
-Дэлхийн эдийн засгийн их чуулган Давос хотод жил бүр болдог. Би Европын холбоонд сурвалжлагч байсан учраас олон удаа сурвалжилж байсан.  Тэгэхэд Монгол оронд хандах хандлага 10 гаруй жилийн өмнө огт байгаагүй. Танай улс манай үйл ажиллагааны гадна байдаг гэж зохион байгуулагчид нь надад хэлж байсан юм. Гэтэл сүүлийн жилүүдэд, ялангуяа 2013 оноос хойш манай улсыг бүр онцолдог боллоо. 2014 оны Давосын чуулганд Монголыг онцлож, Монголын өдөр хүртэл явагдсан. Энэ юуг харуулаад байна гэхээр Монгол Улсын дэлхий дахины нэр хүнд өссөнийг харуулж байгаа юм. Нөгөө талаас Монгол орны эдийн засгийн хөгжил, эдийн засгийн байдал түүний дотор газрын баялаг бол дэлхий нийтийн анхаарлыг татаж байна гэсэн үг. Өнөөдөр энэ чуулганыг Давосын уулзалттай харьцуулахад эдийн засаг өсөх нь өсөлттэй хөгжиж байна. Гэхдээ хамгийн чухал зүйл болох эдийн засгийн тогтвор нь муу байна. Манай улсын эдийн засгийн түлхүүр асуудал болсон газрын баялаг уул уурхайг хэрхэн хөгжүүлж ашиглах вэ гэдэг асуудал бол маш чухал. Гэтэл манай төр засгийн удирдлага уул уурхай, түүний дотроос ашигт малтмал, зэс, нүүрс зэргийг ашиглаж боловсруулахдаа хэнтэй хамтарч, яаж ашиглах вэ гэдэгт ихээхэн зөрөлдөөнтэй байдаг учраас их муу байна. Яагаад гэхээр эрх барьж байгаа хүмүүс хуулиар хориг тавих, дундчуул нь гадаадынхан бидний юмыг авах гээд байна гэсэн ухуулга сурталчилгаа хийгээд байдаг. Түүнд нь ард түмэн үнэмшээд эсэргүүцээд байдаг.  Тэгэхээр чуулганаас энэ талаар тодорхой санал зөвлөмжийг гаргах байх гэж бодож байна.
 
Эдийн засгийн чуулган "Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал" сэдвээр явагдаж буй нэгдсэн хуралдааны дараа салбар хуралдаануудаар үргэлжилнэ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нэгдсэн хуралдаан “Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр үргэлжилж байна  
Үзсэн: 3243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-04-02 15:44
Энэ мэтийн үр ашиггүй шоуны арга хэмжээнүүдээ зогсоох цаг нь болжээ. Төсвийн мөнгийг балай зүйлст зарцуулахаа больж үзээч дээ!!!!!!

Бидэнтэй нэгдээрэй