Шууд Chart

Эдийн засгийн чуулганд 1500 гаруй төлөөлөгч оролцож байна

2015-04-02 16:42:10

Төрийн ордонд "Итгэлцэл" сэдвийн дор үргэлжилж буй "Монголын эдийн засгийн чуулган"-д 1500 гаруй төлөөлөгч оролцож байна. Үүнээс 200 гаруй нь Монгол болон бусад улсаас ирсэн хэвлэлийн ажилтнууд байгаа аж. Харин үлдсэн 1300 орчим  нь гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөгч, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх байгууллагын төлөөллүүд байгаа юм. Энэ жилийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байгаа учир форумаар дотоод эдийн засгийн суурь асуудлыг хэлэлцэхийг чухалчилсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг төдийлөн уриагүй гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Учир нь эхлээд хөрөнгө оруулалтын суурь асуудлаа шийдсэний дараа гадны хөрөнгө оруулагчдад урилга явуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Гэхдээ Монголд үйл ажиллагаа тогтвортой явуулдаг гадны хөрөнгө оруулагч 50 орчим компанийн төлөөлөл энэ форумд оролцож байгаа ажээ.

Форум хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр нэгдсэн болон салбар хуралдаанууд болж байна.
 
“Төрийн хяналт шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл болон УЕПГ-ын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Доналд Макрей нарын төлөөлөгчид оролцож манай улсын төрийн хяналт шалгалт бизнес эрхлэгчдэд нөлөөлдөг талаар ярилцсан юм.
 
Иргэдийн дунд АТГ-аас бизнес эрхлэгчдийг ихээхэн саатуулж, тэднийг хохироодог мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээдэг гэх ойлголт байдаг хэдий ч АТГ бол хуулийн дагуу ажилладаг бөгөөд иргэдийг  хууль бусаар хохироох тохиолдол байдаггүй гэдгийг энэ үеэр АТГ-ын мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн манай улсад зөрчил, гэмт хэрэг хоёрыг ялгах хүртэлх хуулийн зохицуулалт байдаггүй гэлээ. Аливаа нэг аж ахуйн нэгж байгууллага буруутай үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийг улсын байцаагч шалгадаг, шалгаад гэмт хэрэг бол хуулийн дагуу зохицуулагдаж шүүх байгууллагад очдог байна. Харин хуулийн дагуу гэмт хэрэгт хамаарахгүй бол түүнийг зохицуулсан ямар нэг журам байдаггүй байна. Тиймээс үүнийг тодорхой болгож эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг прокурорын мэргэжилтнүүд хэллээ.
 
Түүнчлэн төрийн хяналт шалгалтын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг багасгах илүү нарийн хуулийн зохицуулалттай болоход Хууль зүйн яам болон Засгийн газар бүхэлдээ анхаарч ажиллах хэрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдлээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийн чуулганд 1500 гаруй төлөөлөгч оролцож байна  
Үзсэн: 1952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй