"Монголын эдийн засгийн чуулган" хоёр дахь өдрөө “Монгол Улсын алсын хараа” сэдвийн дагуу нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна. Тус хуралдааныг нээлттэй мэдлэг боловсрол сангийн тэргүүн Д.Энхбат хөтлөж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Академич П.Очирбат, Ардын жүжигчин Д.Сосорбарам болон Залуу үеийн ерөнхийлөгчдийн байгууллагын тэргүүн Ц.Эрдэнэбат нар оролцож байна.
Хуралдааны үеэр оролцогчид бүгд Монгол Улсад алсын хараа байдаг эсэх, хэрхэн алсын хараатай болж улс орны хөгжлөө тогтвортой болгох талаараа байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Академич П.Очирбат нэн түрүүнд Эдийн засгийн чуулганыг Итгэлцэл сэдвийн дор зохион байгуулж буй нь сайн хэрэг хэмээн үзэж буйгаа хэллээ. “Учир нь итгэлцэл гэдгийг хүн өөрөөсөө эхлүүлэх ёстой, өөртөө итгэсэн хүнд бусад хүмүүс ч мөн итгэдэг. Хүн хоорондын, байгууллага хоорондын, улс хоорондын итгэлцэл ч мөн ингэж явагддаг. Манай төр өнөөдөр ард түмнийхээ итгэлийг дааж чадахгүй байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 14 удаа Засгийн газар солигдсон. Ингэхдээ нэг л удаа Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорч бусдыг нь УИХ-аас тарааж байсан. Энэ бол итгэлцэл байхгүй болсны тод жишээ. Бизнес ч мөн итгэлцэл дээр тогтдог. Итгэлцэл байхгүй бизнес хохирол амсдагийн тод жишээ бол Хан Ресурс компани. Итгэл зөрчсөнөө хариуцлага алддаг. Бид нэн тэргүүнд энэ итгэлцлээ бий болгож байж алсын хараатай байх боломж бүрдэнэ. Гэхдээ Монгол Улс огт алсын хараагүй байсан юм биш, төрийн бодлого хөтөлбөрүүд байсан” хэмээсэн юм. Тэрбээр мөн хаашаа явахаа мэддэггүй хүн хаашаа ч явдаггүй гэдэг үгийг онцлон хэллээ.
Харин МУГЖ Д.Сосорбарам "Манай улсад алсын хараа бий. Гэхдээ эхлээд ойрын хараатай байх хэрэгтэй" гэсэн санааг хэлсэн юм. Тодруулбал, алсын хараатай байхын тулд ойрын өдрүүдэд УИХ-аас баялаг бүтээж буй хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох ёстой гэдгийг тэрбээр мөн онцоллоо.
Түүний онцлон ярьсан бас нэг зүйл бол АТГ байлаа. АТГ баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг боомилж байдаг. АТГ-ыг заавал ийм том бүтэцтэй байлгах шаардлагагүй. Нэг яамны салбар нэгж хэлбэрээр байлгаж болно. Мөн АТГ зөвхөн авлига өгсөн хүнийг биш авсан хүнийг ч мөн шийтгэж байх хэрэгтэй гээд эцэст нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд багийн дарга хүртлээ бүгд хариуцлагатай болсон цагт улс орны хөгжил ирнэ гэдгийг хэлсэн юм.
Нэгдсэн хуралдааны бас нэг оролцогч бол "Залуу Ерөнхийлөгчдийн байгууллага"-ын дэд тэргүүн Ц.Эрдэнэбат. Тэрбээр манай улсын Үндсэн хуульд алсын хараатай холбоотой зарим нэг зүйлүүд тусгагдсан байдаг хэдий ч амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй гэсэн байр суурийг илэрхийлээ. Тухайлбал, уул уурхайн салбарын төсөл хэрэгжүүлэгч, татвар төлөгчдийг шалгаж шүүмжилдэг нь бидний хүсдэг, бодит алсын хараа мөн үү гэдгийг бид сайтар ярилцах хэрэгтэй гэлээ.
Тодруулбал, манай улсад алсын хараа байдаг хэдий ч түүнийг зорилго болж хэрэгжүүлэх асуудал бүрхэг байгаад хуралдаанд оролцогчид санал нэгдэж байсан юм. УИХ-аас өнгөрсөн жил Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлахаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг энэ долоо хоногт бодлогын баримт бичгийн анхны хувилбарыг гаргасан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуралдаанд танилцуулсан. Тэрбээр манай улсад дөрвөн жил тутамд сонгогдсон намууд өөрсдийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ажилладаг. Энэ нь тухайн намын мөрийн хөтөлбөр гэхээс илүү төрийн зорилт, чиг үүрэг шиг харагддаг гэдгийг хэллээ. Учир нь манай улсад урт хугацааны бодлогын эрх зүйн орчин байдаггүй учир ийм байдал үүссэн гэдгийг тэрбээр мөн хэлсэн юм. Тиймээс урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсанаар манай улс алсын хараатай хөгжих боломж бүрдэх аж.
Дээрх урт хугацааны бодлогын баримт бичгийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг бодлогыг хэрэгжүүлэх Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаар ч мөн ярина гэдгийг хэллээ.
Урт хугацааны хөгжлийн бодлого батлагдсанаар манай улс алсын хараатай болно гэв | ||
Үзсэн: 1405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.