Хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж буй эдийн засгийн чуулган “Монгол Улсын алсын хараа” сэдвийн нэгдсэн хуралдаанаар үргэлжиллээ. Хуралдааны үеэр оролцогчид Монгол Улсад алсын хараа байдаг эсэх, хэрхэн алсын хараатай болж улс орны хөгжлөө тогтвортой болгох талаараа байр сууриа илэрхийлсэн юм. Хуралдааны оролцогчдоос байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Энэ жилийн эдийн засгийн форумаас гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Энэ чуулган дээр ихэвчлэн Монголчууд ирж асуудлаа нээлттэй ил тод ярилцаж байгаа харагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг ийм чуулганар шууд татах нь юу бол гэсэн эргэлзээ байна. Яагаад гэвэл энд болж байгаа яриа, ярианы хэлбэр, хүмүүсийн асуудлыг авч хэлэлцэж байгаа байдал нь гарц гаргалгаатай, итгэл найдвар төрүүлсэн ирээдүй рүү харсан зүйл байхгүй харин байгаа асуудал, бухимдлаа ярьж байгаа болохоор хөндлөнгөөс харж байгаа хүнд толгой нь эргэсэн байдалтай харагдаад байна. Тийм болохоор энэ хүмүүс өөрсдийнхөө асуудлыг хэлэлцэж шийдэж чадаагүй юм бол би ийшээ орж ирээд яах вэ гэсэн байдалтай харагдаж байна. Энэ фоурм бол асуудлаа ярьж зүг чигээ гаргаж байгаа учраас хэрэгтэй. Энэ удаагийн форумаас хөрөнгө оруулалтыг татаад итгэл найдвар төрөөд, төр засгаас яг ингэх гэж байгаа юм гэсэн зүг чиг сайн харагдахгүй байна.
-Таны бодлоор бид хөрөнгө оруулагчдыг татахын тулд хамгийн түрүүнд ямар асуудал шийдэх ёстой вэ?
-Бид хөрөнгө оруулагчид бол мөнгө өгөөд, ашгаа аваад гардаг гэдэг энгийн ойлголтоор хандаад байгаа юм. Хөрөнгө оруулагчид юу хардаг талаар зарим хөгжилтэй орнуудаар жишээ аваад хэлэхэд, тэнд хийгдэж байгаа бүх зүйл нь өөрсдийнх нь төлөө л байдаг. Чанартай, өөрсдийнхөө төлөө хийж байгаа итгэл үнэмшил, эрмэлзэл нь бусдыг дагуулдаг. Энэ оронд очоод мөнгө хийхэд ямар ч байсан айлтгүй юм байна. Миний оруулж байгаа хөрөнгийг сайн ашиглах юм байна гэсэн итгэл найдвар байдаг. Харин манайх шиг бүх зүйлд сул хандаж байвал хөрөнгө оруулагчид төдийлөн татагдахгүй. Орж ирсэн нь зүгээр нэг өндөр ашигтай, өндөр эрсдэлтэй уул уурхайн нэг том орд олоод тэрийгээ бирж дээр гаргаад мөнгөө олж авдаг тийм л хөрөнгө оруулагчид ирж байгаа. Тэгэхээс биш үйлчилгээний салбарт, боловсролын салбарт бидэнд хэрэгтэй хөрөнгө оруулагчид төдийлөн орж ирэхгүй. Тэгэхээр бид эхлээд дотроо сайн учраа олох хэрэгтэй.
МУГЖ Д.Сосорбарам:
-Өнөөдрийн хуралдаан дээр та нэлээн ширүүхэн үг хэллээ?
-Эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдлын гол шалтгаан нь УИХ-ын гишүүд өөрсдөө сайн ажиллаж чадахгүй байна. Авлигыг ид цэцэглүүлж байгаа гол хүч нь бизнесмэнүүд биш гишүүд юм. Бизнесменүүд ажлаа хийх гээд яах аргагүй тэдний нэхсэн мөнгийг өгдөг эцэст нь өөрөө шоронд ордог.
Алсдаа бид үүнийг зогсоож байж хөгжинө. Хувийн бизнесмэнүүдэд буюу иргэнд халдахгүй байх дархан эрх нь хаана байгаа юм. Гишүүд өөрийгөө хамгаалалтад авчихаад яваад л байдаг. Хууль нь хүнээ өмөөрөхгүй байгаа учир энэ бүхнийг арилгаж байж улс орон маань хөгжинө. Би буруу газар ганцаараа ирчихсэн юм шиг санагдлаа. Бусад маань адил юм ярьж байхад би ганцаараа тэс өөр зүйл ярьчихлаа.
-Таныг АТГ-аас шалгана гэхэд эсэргүүцэж байгаа гэсэн ?
-Надад шалгуулаад байх юм байхгүй.
Нээлттэй мэдлэг боловсрол сангийн тэргүүн Д.Энхбат:
-Биднийг нэгтгэж байгаа нэг зорилго бий. Бид өнөөдөр итгэлцэж байж л цааш улам хөгжих гарцыг олох юм. Алсын хараагаа харж, эмх цэгц, ёс зүйтэй явах хэрэгтэй. Ингэхийн тулд нөгөө л зорилго чухал болчихоод байна. Бид одоо зорилгоо тодорхой болгох хэрэгтэй байна. Үнэхээр бидэнд хамтын зорилго дутмаг байгаа нь харагдаж байна.
Эдийн засгийн чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
О.Содбилэг: Энэ удаагийн форум хөрөнгө оруулагчдыг татахад чиглэгдээгүй байна | ||
Үзсэн: 1599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.