Шууд Chart

Өвлийн олимпод оролцох тамирчид ирэх сарын эхээр Ванкуверыг зорино

2010-01-19 20:28:57

Өвлийн олимпийн XXI наадам Канадын Ванкувер хотноо ирэх хоёрдугаар сарын 12- 28-ныг хүртэл үргэлжлэх цагаан олимпод манай улс гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчнаа илгээх юм. “Ванкувер-2010” өвлийн олимпийн эрхийн төлөө Монголын шигшээ багийн тамирчид гүйлтийн цана, шорт-трек, уулын цана, тэшүүрийн төрлийн урьдчилсан тэмцээнүүдэд өрсөлдсөн боловч одоогоор гүйлтийн цанын хоёр тамирчин албан ёсоор эрх хүртээд байгаа. Тодруулбал, гүйлтийн цанын төрөлд олимпийн эхний эрхийг Х.Хаш-Эрдэнэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон “Дэлхийн цом”, FIS-ийн уралдаануудад оролцож, 234.97 оноо цуглуулснаар хүртсэн бол  Э.Очирсүрэн 237.10 оноогоор цагаан олимпийг зорих эрх өвөртөлсөн юм.
“Турин-2006” олимпод 15 км-т уралдаж, 99 тамирчнаас 86-д орж байсан Х.Хаш-Эрдэнийн хувьд энэ удаа мөн 15 км-т уралдана. Хоёр тамирчныг гавьяат дасгалжуулагч Л.Дорж дасгалжуулах юм. Одоогоор Монгол улсаас хоёр тамирчин өвлийн олимпийг зорих эрх өвөртлөөд байгаа ч энэ сарын 25-нд уулын цаначдын FIS-ийн эцсийн нэрсийн жагсаалтаас шалтгаалж тамирчны тоо нэмэгдэх боломжтой юм.
Ванкуверын цасан замд уралдах манай хоёр тамирчин дасгалжуулагчийн хамт ирэх сарын 6-нд эх орноосоо мордох бол ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо нарын албаны хүмүүс тэдний араас Ванкуверыг зорино. 
Өвлийн олимпийн пара цанын төрөлд Э.Зориг, Н.Сүхбаатар нар LW6, LW8 ангилалд 1, 5, 10 км-т уралдах эрх аваад байгаа бөгөөд манай тамирчдын тэмцээн гуравдугаар сарын дундуур болох ажээ.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Өвлийн олимпод оролцох тамирчид ирэх сарын эхээр Ванкуверыг зорино  
Үзсэн: 1442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй