Шууд Chart

Хууль тогтворгүй байх нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлдөг

2015-04-03 16:32:11

Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа "Монголын эдийн засгийн чуулган"-ы хүрээнд “Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал бас бизнес” сэдэвт салбар хуралдаан боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Су.Батболд, Ерөнхийлөгчийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Удирдлагын академийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн З.Сүхбаатар нарын хүмүүс оролцсон юм. Оролцогчид манай улсын хууль, тогтоомжууд тогтвортой бус байдаг нь бизнесийн орчинд шууд нөлөөлдөг гэдэгт санал нэгдэж байлаа.

Манай улс 1987 онд 50 гаруй хуультай байсан бол одоо Хууль зүйн яаманд бүртгэлтэй 428 хууль байдаг байна. Түүнчлэн 2000-2006 онд нийт 217 хуулийг шинээр батласнаас 144 нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол 73 нь хүчин төгөлдөр бус болсон байна. 2007-2013 онд 187 хууль шинээр батлагдсанаас 154 нь хүчин төгөлдөр үйлчилж аж. Үүний 33 нь хүчингүй болсон байна. Эндээс батлагдсан хууль тогтоомжууд төдийлөн урт хугацаанд тогтвортой байж чаддаггүй гэдэг нь харагдаж байгаа юм. Тиймээс эхний ээлжинд бизнес эрхлэгчдэд таатай, тогтвортой хуультай байж бизнесийн орчин сайжирна. Гэхдээ бас дүрэм журмуудаа цэгцлэх хэрэгтэй гэдэг санал оролцогчдоос гарч байлаа.
 
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Эдийн засгийн чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ манай улс Оюутолгой гэх мэт мега төслүүдийг цааш нь хэрэгжүүлж явна гэсэн. Харин мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хэд хэдэн чухал шаардлага  байдаг гэдгийг "Sojits Corporation" Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Насанбилэг хэлсэн юм. Үүнд нэгдүгээрт, мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа маш чухал байдаг аж. Учир нь тухайн төсөл цаашдаа тогтвортой хэрэгжих эсэх нь хөрөнгө оруулагчдад ихээхэн чухал байдаг бөгөөд үүнд Засгийн газар баталгаа гаргаж өгөх юм.
 
Хоёрдугаарт, хувьцааг барьцаалах асуудал их чухал байдаг аж. Энэ нь тухайн мега төслийг манай улсад хэрэгжүүлж байсан аж ахуйн нэгж байгууллага нь ямар нэг тохиолдлоор ажиллах боломжгүй болвол хөрөнгө оруулагчид нь өөрсдөө ирж үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн байх асуудал юм. Харин гуравдугаарт аливаа маргааныг хараат бусаар Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх боломжоор хангагдсан байх нь мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нэг шалтгаан юм. Дөрөвдүгээрт,  төсөл хэрэгжүүлэх бүх төрлийн боломж нээлттэй байх ёстой бөгөөд эдийн засгийн болон хөрөнгийн боломж хаалттай байх нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэж буцаахад хүргэдэг байна. Тиймээс манай улс мега төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд дээр дурдсан асуудлуудын эрх зүйн таатай орчин бүрдүүлэх ёстой болж байгаа юм.
 
 
Түүнчлэн бизнес эрхлэгчдэд тодорхой, таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн орныг тогтвортой болгох хэрэгтэй гэдэгт хуралдаанд оролцогчид санал нэгдлээ.
 
Монголын Үндэсний Уул Уурхайн Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Алагаа
 
-Эдийн засгийн, уул уурхайн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх талаар сая ярилцлаа. Манай улсад уул уурхайн салбарын эрх зүйн орчин хэр таатай юм бэ?
-Сая хуралдаан дээр хамгийн тогтворгүй байсан Аж ахуйн нэгжийн татварын болон тусгай зөвшөөрлийн хуулиудыг хамгийн тогтворгүй байсан хуулиуд гэж нэрлэсэн. Тийм л байж ирсэн. Одоо бид тогтвортой байдлыг хүсч байна. Тогтвортой байдлыг хангахын тулд хууль санаачилж боловсруулах нь л чухал. Гэхдээ энэ нь бие биедээ итгэсэн, тогтвортой байдлаар л явах ёстой юм.
-Та энэ удаагийн "Монголын эдийн засгийн чуулган"-аас гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Хөрөнгө оруулагчдыг татсан шийдвэрийг 2012 оноос гаргаж, засаад л яваад байна. Гэхдээ дээд түвшинд засаад байгаа ч гэсэн дунд, доод түвшиндээ хэвээрээ байна. Энэ чуулганаас бид юуг хүлээж байна вэ гэхээр асуудлыг яриад байгаа хэрнээ хэрэгжихгүй их уддаг. Хоёрдугаарт, яриад байгаа асуудлууд нь хол зөрүүтэй, дандаа бие биенээсээ буруу хайсан маягаар ханддаг. Өнөөдрийн энэ ярилцлага дээр бол хүмүүс голлох буруутан нь бид нар өөрсдөө юм байна гэдэгт санал нийлж байна. Тэгэхээр энэ бол нэгдүгээр алхам. Энэ форум "Итгэлцэл" гэсэн уриан дор явагдаж байгаа. Тэгэхээр ойлголцол чинь өөрөө итгэлцэлд хүргэж байна. Итгэлцэлд хүрэх юм бол зөвшилцөл явагдана. Тэгээд зөвшилцөх юм бол дараа нь түншлэл бий болох юм байна гэж харж байна.
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Хууль тогтворгүй байх нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлдөг  
Үзсэн: 1786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй