Шууд Chart

М.Энхсайхан: Бидэнд мега төсөл хэрэгжүүлж байсан туршлага байхгүй

2015-04-03 19:05:44

Эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын сайд М.Энхсайхантай уулзлаа.

-Манай улсад мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчноос эхлээд олон зүйлийг зохицуулах шаардлагатай байгаа талаар салбар хуралдааны үеэр яригдлаа?
-Манай улсад өмнө нь том төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлага байхгүй. Үнэндээ 1990 оныг хүртэл ЗХУ-аас, гаднаас шууд орж ирсэн туслалцаагаар үйлдвэр аж ахуйн газрууд байгуулагдаж байсан. 1990 оноос хойш Оюутолгойг эс тооцвол том хэмжээний үйлдвэр аж ахуйн нэгж байгуулагдаагүй. Оюутолгой бол гадны хөрөнгө оруулагчид зах зээлийн мотивациар байгуулсан ажил. Монголчууд өөрсдөө мега төслийн туршлага багатай учраас бидэнд алдаж байгаа зүйлүүд бий. Гэхдээ өөрсдийгөө голох хэрэггүй. Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл гэвэл их олон чиглэлийн ажил байгаа. Ганцхан хууль тогтоомж, бодлого тогтвортой байх тухай ч биш ерөөсөө дэлхийн зэх зээлийг зөв ойлгодог, дэлхийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө яаж босгодог аргыг сайн мэддэг, тэрэнд тааруулсан сайн төслүүдийг өөрсдөө боловсруулж чаддаг байх, тэрийг бэлдэж чаддаг боловсон хүчнүүдийг шат дараатай бэлтгэх, тэднийг өөрсдийг нь тогтвортой ажиллуулах зэрэг олон чухал асуудлуудыг шийдэх ёстой. Бид мэдээж нэг амьсгаагаар шийдэж чадахгүй. Гэхдээ урагшилж байгаа гэж хэлмээр байна.
 
-Хоёр өдөр хуралдсан Эдийн засгийн чуулганы үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Энэ эдийн засгийн чуулганыг зохион байгуулж буй үндсэн байгууллага нь бол Эдийн засгийн форум гэсэн Төрийн бус байгууллага байгаа. Дэмжин туслаж оролцож байгаа олон байгууллага байгаа. Энэ байгууллагын бидэнд танилцуулсан танилцуулгаас Эдийн засгийн чуулган гэдэг бол юуны өмнө Монголчууд руу хандсан Монголчууд өөрсдөө дотроо явуулж буй эдийн засгийн бодлогын талаар нэгдмэл ойлголттой болох бололцоог үүсгэхийн төлөө энэ чуулган зориулагдаж байгаа. Харин Бизнес Монголиа гэдэг юм уу чуулганууд бол хөрөнгө оруулагч, гадныхан руу хандсан гэж ойлгож байна. Ингэж төрөлжиж байгаа нь бараг зөв болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр бид энэ эдийн засгийн чуулганаас зохион байгуулж буй хүмүүсийн бодлоор харах юм бол юуны өмнө Монголчууд бие биенээ ойлгох, дотроо нэгдмэл ойлголттой болох тал руу явж байгаа. Тэр утгаараа энэ удаагийн чуулганыг би олны жишгээр дээшээ ахисан, эдийн засгийн хүнд байдалд байгаа юм байна, хараагаа зөв тийшээ чиглүүлэх хэрэгтэй юм байна гэдэгт нэгдмэл байдалд хүрэхээр зүйлүүд яригдлаа гэж үзэж байна. Тийм учраас гарцаагүй үр дүн өгнө гэж бодож байна.
 
-Тавантолгойн төсөл хэр явж байна вэ?
-Тавантолгойн төсөл ерөнхийдөө амжилттай байгаа. Ойрмогхон хугацаанд бид асуудлаа шийдээд Засгийн газрын хуралдаанд оруулъя гэсэн бодолтой байгаа. 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

М.Энхсайхан: Бидэнд мега төсөл хэрэгжүүлж байсан туршлага байхгүй   
Үзсэн: 1711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй