Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-04-04 07:30:00

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.   


Засгийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн чуулган” энэ долоо хоногт Төрийн ордонд болж өндөрлөлөө. Пүрэв гарагт эхэлсэн тус чуулган эхний өдөр "Итгэлцэл" уриан дор болсон. Чуулганд 1500 гаруй төлөөлөгч оролцсоны 200 гаруй нь Монгол болон бусад улсаас ирсэн хэвлэлийн ажилтнууд байлаа. Үлдсэн 1300 орчим  нь гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөгч, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх байгууллагын төлөөлөл юм байна. Энэ жилийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байгаа учир форумаар дотоод эдийн засгийн суурь асуудлыг хэлэлцэхийг чухалчилжээ. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг төдийлөн уриагүй гэдгийг зохион байгуулагчид мэдээлсэн юм. Учир нь эхлээд хөрөнгө оруулалтын суурь асуудлаа шийдсэний дараа гадны хөрөнгө оруулагчдад урилга явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Гэвч Монголд үйл ажиллагаа тогтвортой явуулдаг гадны хөрөнгө оруулагч 50 орчим компанийн төлөөлөл энэ форумд оролцсон. Эхний өдөр хүмүүсийн анхаарлыг татаж байсан нэг салбар хуралдаан нь “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт” сэдвээр үргэлжиллээ. Энэ хуралдаантай холбогдуулан манай сэтгүүлч Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас тодруулга авсан байна. Тодруулгыг ЭНДЭЭС уншаарай. 


“Монголын эдийн засгийн чуулган” хоёр дахь өдрөө “Алсын хараа” уриан дор үргэлжиллээ. Энэ өдөр чуулганы нэгдсэн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг хүмүүсийн анхаарлын төвд байлаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС унших боломжтой.


Эдийн засгийн чуулганыг зарим судлаач хөрөнгө оруулагчдыг татахад чиглэгдээгүй, ярьдгаа л ярьж байна гэж шүүмжилж байлаа. Харин нөгөө хэсэг нь эхлээд дотооддоо “учраа” олж байж гадагшаа хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж, дэмжиж байсан юм. 


Энэ долоо хоногийн “Сайдын цаг” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцов. Эрүүл мэндийн салбарт энэ жил 100 орчим тэрбум төгрөгийн гадны хөрөнгө оруулалт хийхээр болж Засгийн газарт хэлэлцээрийн шатанд байгаа аж. Яамнаас анхан шатны эмнэлэг болон өрх, сумын эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох чиглэл гаргажээ. Сайд анхан шатны эмнэлгүүд түүний хүний нөөц, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн машиныг орон нутагт шийдвэрлэх зэрэг ажлуудыг эрүүл мэндийн салбарт гаднаас орж ирэх 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдсэний дараа хийнэ гэсэн юм. Түүнчлэн “Азийн хөгжлийн сан”-гаас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндийн салбар-VI" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хороолол, хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт өрхийн эмнэлгүүдийг нэмж барина гэв.


ШӨХТГ-аас өнгөрөгч долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын замын хөдөлгөөнд саад учруулахуйц байдлаар зогссон, нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашинуудыг зориулалтын тээврийн хэрэгслээр ачиж, журмын хашаанд байрлуулах төлбөр 70-80 мянган төгрөг гэж тогтоосон нь хууль бус шийдвэр байсан талаар мэдээлж байсан. Харин үүнд НЗДТГ-аас хариу няцаалт хийж, хууль зөрчөөгүй гэж мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд өгч, нэхэмжлэл гаргалаа.


Автомашины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн жолооч нар энэ сард татвараа төлнө. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  уншина уу. 


Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 419 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 123 тохиолдол (29.3%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Тиймээс нийт иргэдэд эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээ хүргэж, зөвлөгөө өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС  уншаарай.  


Нөөцийн махыг энэ долоо хоногоос худалдаалж эхэллээ. Энэ жилийн хувьд үхрийн мах 5950, хонины мах 5750, ямааны махыг 4900 төгрөгөөр тус тус худалдаалж байна. 


Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Маргааш зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи  5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө  7-12 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна   
Үзсэн: 1311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй