Газар хөдлөхийг 1-2 минутын өмнө мэдэх боломжтой. Хэдийгээр энэ нь бага хугацаа ч урьдчилан сэргийлэх арга барилыг хүн бүхэн эзэмшиж чадвал эрсдэлээс сэргийлэхэд хангалттай гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн үзэж байна.
Энэ сарын 9-нд Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумын заагт тав, зургаан магнитуд /7 баллын/-ын хүчтэй газар хөдөлж, хил залгаа сум, орон нутаг, аймгийн төв, нийслэлд мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй. Гэхдээ “Дэрэнгийн” гэх тодотголтой энэ хавьд газар хөдлөлт дахин давтагдаж магадгүй учир ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв нарийвчилсан судалгаа хийхээр болсон байна. Учир нь Дундговь аймгийн Дэрэн суманд 12 жилийн өмнө газар хөдөлж, аймгийн төвийн уурын зуухны барилга, яндан нурж, дөрвөн сая гаруй төгрөгийн хохирол учирч байсан аж. Улаанбаатар хотод ч газар хөдлөх магадлал өндөр. 2004 оноос хойш Хустайн нуруу, Эмээлт, Нисэх, Өлзийт хороолол, Сонгино орчимд газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэж, давтамж нь ойртон, идэвхжиж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Иймээс газар хөдлөлтийн түвшинг нарийвчлан тогтоож, барилга, байгууламжууд хэдэн баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх талаар судалгаа хийхийг гадаадын улс орнууд санал болгоод байна. Газар хөдлөлтийн үед хэрхэн өөрсдийгөө хамгаалахыг иргэдэд зааж сургах, байгалийн энэ үзэгдлийг бүртгэх станцын тоог нэмэх зэргийг даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Засгийн газар ч энэ чиглэлд хөрөнгө мөнгө зарцуулахаар болоод байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нар өчигдөр ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвд ажиллах үеэр дээрх асуудлуудыг хөндсөн юм. Тус төв нь газар хөдлөлтийг судлах, чичиргээний хүч, давтамжийг тогтоож, бүртгэх хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. Манай орны хаа нэгтээ газар хөдлөхөд тухайн мэдээллийг төвдөө 10 минутын дотор хүлээн авах боломжтой аж.
Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжтой | ||
Үзсэн: 3692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.