Шууд Chart

З.Энхболд: Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурахыг оролдсон сайд нарыг огцруулна

2015-04-06 17:10:19

УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газар Тавантолгойг ашиглах талаар алдаатай хэлэлцээр явуулж байна хэмээн шүүмжилж Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дурьдсан заалтуудад нийцүүлсэн гэрээ байгуулахыг шаардсан. Энэ талаараа өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн билээ. Харин тэрбээр өнөөдөр УИХ-ын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгээ мэдэгдсэн юм. Тодруулбал тэрбээр “Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг УИХ-ын зүгээс анхааралтай ажиглаж байна. Үндсэн хуулинд зааснаар “Газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. Засгийн газар УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.

Энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна. Энэ нь 2010 онд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна. Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрийн төслийг өнөөдөр өглөө нэхэж авлаа. Гэрээ, хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүд Та бүхэнд хүргүүлсэн. Та бүхэн эдгээр гэрээг уншаад, Засгийн газар яагаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр, чуулган нээгдэж байгаа энэ өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно.
 
Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай байгаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанартай, зорилт биелэгдээгүй тохиролдолд хүлээх хариуцлага байхгүй байна.
 
Мөн Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан, Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
 
Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий ‘’Deloitte’’, ‘’KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг УИХ  яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” гэсэн юм.
 
Харин үүний дараа Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдэгдэл хийж УИХ-ын даргыг хариуцлагагүй байна хэмээн зарласан. Түүнчлэн Засгийн газарт танилцуулж амжаагүй асуудлаар “гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах асуудлыг тавих болно” гэж мэдэгдсэн нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын харилцааг эвдсэн мэдэгдэл боллоо гэсэн юм.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд: Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурахыг оролдсон сайд нарыг огцруулна  
Үзсэн: 2257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй