Шууд Chart

“УИХ-ын газар”...

2015-04-07 11:31:04

УИХ-ын 2015 оны хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Гэхдээ иргэдийн анхаарал хаврын чуулганы нээлтээс илүү УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарын зүг байсан юм.

Учир нь чуулганы нээлтийн өмнөх өдөр буюу өнгөрсөн ням гарагт Ерөнхий сайд орон даяар мэдээлэл хийж “Оюутолгой, Тавантолгой төслүүдийг хөдөлгөж, бид хөгжлийн том түгжээгээ мулталлаа” хэмээн мэдэгдээд “Тавантолгойн төслийн хэлэлцээрт талууд шийдэлд хүрч, төгсгөлийн шатандаа орсон. Тиймээс төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо. Уг ажил эхэлснээр зургаан жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээр баригдаж дуусна. Мөн энэ жил төсөвт 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулж төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна” гэсэн нь Ерөнхий сайдын яриаг сонссон иргэдийн таалалд нийцсэн билээ.
 
Үүгээр ч зогсохгүй “УИХ зөвшөөрвөл 1072 хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зориулж зөвхөн энэ жил гэхэд л урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Эрдэнэтийн 51 хувь, Оюу толгойн 34 хувь багтдаг “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах боломжтой” гэсэн юм.
 
Эдийн засгийн хүндрэл үүссэн гэдгийг Засгийн газраас зарлаж иргэд нь биеэрээ мэдэрч эхэлсэн байгаа энэ үед Ерөнхий сайдын энэ мэдээлэл иргэдийн чихэнд тунч сайхан сонсогдсон нь ойлгомжтой.
 
Гэтэл Ч.Сайханбилэгийн мэдэгдлийн маргааш буюу даваа гарагт чуулганы нээлтэн дээр УИХ-ын дарга З.Энхболд түүнийг эрс үгүйсгэж, “Засгийн газрыг Тавантолгойг ашиглах талаар алдаатай бодлого явуулж байна” хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Засгийн газар УИХ-аас гаргасан тогтоолын хүрээнд Тавантолгойн ордыг ашиглах талаар явуулж буй хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор батласан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байгаа бөгөөд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлнө. Тиймээс Тавантолгойн хэлэлцээрийг эхлээд заавал УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Хэрэв ингэлгүйгээр хэлэлцээрийг үргэлжлүүлбэл төслийн хэлэлцээрт гарын үсэг зурсан болон зурахыг оролдсон сайд нарыг огцруулна” гэдгээ хэлсэн. УИХ-ын дарга З.Энхболд уг мэдэгдлийг хийхээсээ өмнө өнгөрсөн баасан гарагт энэ талаараа Засгийн газарт албан ёсны хүсэлт хүргүүлсэн аж.
 
“Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь засаглалын хувьд тусдаа байж, улс төр цэвэр явагддаг” гэдэг ойлголтын үүднээс харвал УИХ-ын даргын энэ мэдэгдэл хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондоо шууд хамааралтай болсныг илтгэсэн хэрэг байлаа. Үүнийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ч нотлосон. Манай улсад хэрэгжүүлж буй мега төслүүдийг хариуцан хэрэгжүүлдэг М.Энхсайхан сайд УИХ-ын даргын дээрх мэдэгдлийн дараахан мэдээлэл хийж түүнийг хариуцлагагүй байдлыг буруутгав. Ойлголцолд хүрээд хэрэгжиж байгаа төслийн талаар буруу ойлгож, ард иргэдэд буруу ойлголт төрүүлсэн нь түүний зөвлөхүүдийн чадамжгүй байдалтай холбоотой гэдгийг тэрбээр хэлсэн юм.
 
Нэг өдрийн дотор үүссэн энэ маргааныг хэдий хамтарсан Засгийн газар ч гэсэн олонх болж байгаа Ардчилсан намынхан дор нь намжаалаа. Өчигдөр үдээс хойш намын бүлэг хуралдаж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга бүлгийн гишүүдтэй зөвшилцсөн байх юм. Ингэхдээ бүлгийн гишүүд бүгд намын даргынхаа үгэнд орж Тавантолгойн төслийг УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой гэсэн саналыг Ч.Сайханбилэгт тавьж. Харин Ерөнхий сайд энэ саналыг нь хүлээж авсан ч “үгүй яадахдаа” гэж бодоод УИХ энэ асуудлыг яаралтай 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой хэмээлээ. Товчхондоо бол бид ойлголцолд хүрсэн, одоо 7 тэрбумын коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн хэлэлцээр хэвийн үргэлжилнэ гэдэг ойлголтыг ард түмэнд хүргүүлж байна.
 
Нэгэнт л УИХ-аар орохгүйгээр Тавантолгойн хэлэлцээр урагшлах боломжгүй юм бол энэ хаврын чуулган үүгээр л амьсгалах тодорхой боллоо. Засаглалын алдаатай бодлого манай улсыг урагш гишгүүлэхгүй байгаа талаар хүн болгон хэлдэг хэрнээ Засгийн газар нь УИХ-аас, бүлгийн гишүүдээсээ харьяат болсон байгааг харсан хүмүүс чимээгүй сууж байгаа нь гайхмаар...
 
Засгийн газар бие даасан хараат бус байх ёстой. Гэтэл алхам бүрээ бүлгийн, намын гишүүд, УИХ-аар заалгаж байвал нэг мөсөн “УИХ-ын газар” болчихсон нь дээр бололтой. 
 
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“УИХ-ын газар”...  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй