Өнгөрсөн долоо хоногт “Монос” эмийн сангийн эм олгогч Ланадексон, Ланасорбид гэсэн эмийг сольж өгснөөс болж найман хүүхэд хордлогод орсон талаар мэдээлж байсан.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гуравдугаар сарын 19-нд “Дексаметазон”(худалдааны нэршлээр Ланадексон) эм дууссан тул 20-ны өдөр “Монос фарм трейд” ХХК-ний нөөцийн агуулах руу эмийн захиалгыг утсаар өгөхөд, 5 мг тунтай зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэглэдэг “Ланасорбид” шахмал эм захиалгаас солигдож ирснийг эмнэлгийн эм олгогч анзааралгүй, шалгалгүйгээр хүлээж авчээ. Гуравдугаар сарын 28-ны өдөр тус эмийг эмнэлгийн эм олгогчоос “Дексаметазон эмийн савлагаа өөрчлөгдсөн байна” гэсэн тайлбартайгаар Цусны эмгэг, хавдар судлалын тасагт нийлүүлж, тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан найман сартайгаас 15 хүртэлх настай найман хүүхдэд 28-30-ныг хүртэл нийт 188 ширхэг шахмал эмийг хэрэглүүлсэн байна.
Улмаар 30-ны өдөр тус эмнэлэгт үйлчлүүлэгчийн мэдээллийн дагуу эмийн андуурлыг мэдэн шуурхай арга хэмжээ авч, хүүхэд нэг бүрийг үзлэгт хамруулан, Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран хордлого тайлах эмчилгээг яаралтай хийснээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирчээ.
Дээрх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д эмийн хордлого гарсан тухай мэдээллийн дагуу НМХГ, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллагыг шалгажээ. Шалгалтаар “Монос фарм трейд” ХХК-ний мэргэжилтэн нь ЭХЭМҮТ-д эмийг олгохдоо эмийн сангийн албан ёсны захиалгыг үндэслээгүй утсаар захиалга авсан, улмаар захиалснаас буруу эм олгосон, ЭХЭМҮТ-ийн эм зүйн тасгийн эм бэлтгэгч, олгогч нь эм хэрэгслийг хүлээн авахдаа захиалгын дагуу эмийн нэр төрлийг шалгаж аваагүй, улмаар эмчилгээний заалттай бус эмийг эмчилгээнд хэрэглэсэн ноцтой зөрчил дутагдал илэрсэн байна. Мөн ЭХЭМҮТ нь “Удирдамж заавар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 274 дүгээр тушаалын дагуу эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд ноцтой алдаа зөрчил гарсан тохиолдолд Төрийн захиргааны холбогдох байгууллагуудад (ЭМСЯ, МХЕГ,ЭМХТ) мэдээлээгүй зөрчил гаргажээ. Энэ нь тус байгууллагууд ажилдаа хариуцлагагүй хандаж, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомж, оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллаагүй, байгууллагын дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүй байгаатай холбоотой юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЭХЭМҮТ, "Монос фарм трейд" компанид “Эрүүл мэндийн тухай” хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, анхааруулга, албан шаардлага хүргүүлэхээр боллоо. Дашрамд дурдахад, харшил, үрэвсэл, хордлого, шокын эсрэг хэрэглэдэг 0.5 мг Дексаметазон шахмал эмийг ЭХЭМҮТ жилд дунджаар 12 мянган ширхэгийг хэрэглэдэг аж.
"Монос фарм"-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно | ||
Үзсэн: 1477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.