Шууд Chart

Ж.Мөнхбат: МАН нэг байраа буцааж өгсөн, АН нэг байраа хүүхдийн эмнэлэг болгож яагаад болохгүй гэж

2015-04-07 13:43:46

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн билээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал, 2014 оны төсвийн гүйцэтгэлийн талаар хэлэлцсэн байна. Мөн Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээний талаар Сангийн сайдаас мэдээлэл авчээ. Харин өнөөдөр өглөө МАН-ын удирдах зөвлөлийн хурал болж сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулга авч байж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргажээ.
 
Мэдээлэл хийх үеэр УИХ-ын дарга З.Энхболдын чуулганы нээлтийн үеэр хийсэн мэдээллийн талаар асуухад намын дарга М.Энхболд  “Эдийн засаг хүндрэлтэй үед Тавантолгойн орд газрыг ашиглах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн баримт бичигт Тавантолгой болон Оюутолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг иргэд олон нийтэд ил тод, УИХ-ын хяналтанд, одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр явуулна гэж тусгасан. Энэ зөвшилцлийн хүрээнд УИХ-д оруулж ирж танилцуулга хийж, зөвшөөрлийг авч байж энэ гэрээ байгуулагдах ёстой гэж МАН үзэж байгаа” хэмээсэн юм.
  
Түүнчлэн Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Г.Алтан Тусгаар тогтнолын ордныг авах гэж шүүхэд хандсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар ямар ч хүн МАН-ыг шүүхэд өгөөгүй гэдгийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ. Харин Ленины музейг барьцаанд тавьсан асуудал байгаа нь  үнэн үү гэсэн асуултад  намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Төрийн өмчийн хорооноос нэхэмжлэл  гарч, МАН Лениний музейг  улсад буцааж өгсөн. Уг нь үлэг гүрвэлийн музей байгуулна гэж байснаа саяхнаас өөр зориулалтаар ашиглахаар болсон гэсэн сураг байна. Түрүүн би Иргэн Г.Алтан гэдэг хүн МАН-ыг шүүхэд өгсөн асуудал байхгүй гэж хэлсэн. Музейг барьцаанд тавьсан асуудал байхгүй. МАН нэг байраа буцааж өгсөн. Яг  үүнтэй адил улстөрийн намууд өмчөө буцааж өгөх асуудал ярьвал АН-ыг бүрдүүлж байгаа  таван улстөрийн хүчин Нийслэлийн иргэдийн хурал, Засгийн газрын шийдвэрээр авсан дөрвөн байраа буцааж өгч, нэгийг нь хүүхдийн эмнэлэг болгож яагаад болохгүй гэж. Заримыг нь банкны барьцаанд тавьчихсан, зарчихсан зүйл ч байгаа шүү дээ. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр ганц МАН – руу хараа хяналтаа шилжүүлэх хэрэггүй” гэсэн тайлбарыг өгсөн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Яагаад барьцаанд тавиад байгаа юм гэж асуулаа. Үндсэн хуульд хэн ч хувийн өмчөө захиран зарцуулах эрхтэй гэж заасан.  Өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь өмчлөх эрхээр ногдсон байдаг.  Тиймээс  энэ бол асуудал биш. Лениний музейг ямар ч барьцаанд тавиагүй  байсан гэдгийг хэлье” гэсэн юм.
 
Түүнчлэн сүүлийн үед НАМЗХ  хоёр хуваагдсан,  одоогийн Ерөнхийлөгч гэгдэж буй Н.Номтойбаяр гишүүнийг түр орлон  гүйцэтгэгч гэсэн маргаан явж  байгаа билээ. Энэ талаар намын гишүүд 2012 оны сонгуулийн дараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Оюун-Эрдэнэ АНУ-д суралцахаар явсан.  Явахдаа Залуучуудын холбооныхоо Удирдах зөвлөлтэй яриад үүрэг гүйцэтгэгчээр Н.Номтойбаяр гишүүнийг томилсон. Өнгөрсөн онд болсон Залуучуудын холбооны бага хурлаар Н.Номтойбаяр гишүүнийг холбооны Ерөнхийлөгчийн  үүрэг гүйцэтгэгчээр баталсан юм билээ. Үүнээс болоод МАН бужигнасан ч юмуу том асуудал, хагарал үүссэн зүйл байхгүй. Энэ бол албан тушаалаа булаацалдаад байх хэмжээний том асуудал биш. Хувь хүнтэй холбоотой асуудал байгаа. Намын удирдлагууд анхаарч, асуудал шийдэгдэх байх гэсэн тайлбарыг хийсэн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ж.Мөнхбат: МАН нэг байраа буцааж өгсөн, АН нэг байраа хүүхдийн эмнэлэг болгож яагаад болохгүй гэж  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй