УИХ-ын Тамгын газар өнгөрөгч 2014 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцууллаа. Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын хэлснээр УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангахад үзүүлэх мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцааг шинэ шатанд гаргахад Тамгын газар гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж. Энэ үндсэн дээр 2013 оны гуравдугаар сард бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, Байнгын хороодын ажлын албыг бэхжүүлэхэд анхаарсан. Одоо энэ албанд мэдлэг, ур чадварын хувьд зохих чадавхитай ажилтнууд ажиллаж байна. Түүнчлэн УИХ-ын Тамгын газар 2012 онд 227 орон тоотой байсан бол одоо 197 хүн ажиллаж байгаа бөгөөд шинээр орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаж бүрдүүлдэг байна.
УИХ-ын үйл сурталчлах чиглэлээр чуулганы нэгдсэн хуралдааныг зургаан телевиз шууд дамжуулан олон нийтэд хүргэдэг. Түүнчлэн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс УИХ-ын үйл ажиллагааны долоо хоног тутмын тойм болон "УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг", "Хуулийн толь" нэвтрүүлгүд бэлтгэж, гишүүдийг адил тэгш оролцуулах зарчим барьдаг гэдгийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлож байсан юм. Мөн Тамгын газрын үйл ажиллагааг оновчтой болгох, хэлтэс, нэгжүүд болон ажилтнуудын ажлын давхардал, хийдэгдлийг арилгах, шат дамжлагыг багасгаж шуурхай үйл ажиллагааг хангах үүднээс Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийг шинээр байгуулан ажиллаж байна гэлээ.
Уг тайланг сонссоны дараа УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Батцэрэг, С.Дэмбэрэл нар УИХ-ын гишүүд болон байнгын, дэд хороодын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргээ Тамгын газар сайн гүйцэтгэж байгааг онцлоод цаашид Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой зарим санал хэллээ. Гишүүдийн санал, байр суурьтай холбогдуулан байнгын хорооны дарга А.Бакей Тамгын газрын үйл ажиллагааны талаар гишүүд сайн үнэлэлттэй байгааг тэмдэглээд цаашид анхаарах асуудлын талаар байнгын хорооны хуралдаанаас Тамгын газарт тэмдэглэлээр зарим үүрэг өгөх болно гэлээ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.