Өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг зөвшөөрсөн билээ. Үүний дагуу хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Ингэхэд гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж цаашид үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд хуулийн төлсийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Казиногийн тухай хуулийн төсөл нь найман бүлэг 25 зүйлтэй юм байна. Хууль санаачлагчид Казиног Монголд байгуулснаар ажлын байрыг шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралаас гарах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Тиймээс олон улсын стандартад нийцсэн хоёр томоохон казиног байгуулахаар төлөдвлөөд байгаа аж. Тус хуулийн төслийг намрын чуулганы үеэр УИХ-д өргөн барьсан бөгөөд намын бүлгүүд хэлэлцээд дэмжсэн байна.
Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын хэлснээр өмнө нь өргөн баригдсан хуулиуд дээр зөвхөн Чөлөөт бүсүүд дээр байгуулахаар тусгасан байсан. Гэхдээ энэ удаад казино байгуулах байршлыг Засгийн газар өөрөө тогтооно. Заавал чөлөөт бүс гэж тавих нь зөв биш юм аа гэж үзсэн ажээ. Түүнчлэн “Олон казино байгуулах нь дэмий гэж үзэж байна. Үндэсний аюулгүй байдал, эмх замбараагүй байдал бий болох магадлалтай гэж үзсэн учраас эхний ээлжинд дэлхийн жишигт нийцсэн казиног загвар болгож байгуулахаар болсон. Гэхдээ УИХ хэлэлцүүлгийн явцад тоогоо нэмэгдүүлэх асуудал яригдаж болно. Одоогийн байдлаар казино байгуулах ямар ч хүсэлт ирээгүй. Яагаад гэхээр өнөөдөр Монгол Улсад казиногийн хууль байхгүй байна. Олон улсын жишгээрээ казино тоглох гэж байгаа хүний насыг 21-ээр хягаарладаг юм байна. Тиймээс энэ жишгийг дагасан” гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өмнө нь манайд УИХ-ын гурван чгишүүнээ шоронд хийгээд, нэг нь нас барсан гунигтай туршлага бий. Тиймээс өмнөх туршлагуудаа сайн харах хэрэгтэй. Монгол хүнийг хязгаарлана гэдгээсээ илүү мөнгөн дүнгээр хязгаарлаад, тодорхой мөнгөн дүнгээр тоглодог хязгаарлалт байвал бас зүгээр гэсэн саналыг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Казиногийн хууль гаргах, казино байгуулах нь Монгол Улсын хувьд үнэхээр чухал. Улс орнууд томоохон спортын тэмцээний санхүүжилтийг казиногоос авч байна. Томоохон худалдаа арилжааны төвүүдийг дэргэд нь байгуулж байна. Казиног дагаад олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой асуудал ороод ирдэг учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах үүднээс бэлтгэлтэй байх ёстой. Хэрвээ та нар казино байгуулах гэж байгаа бол аюулгүй байдлын ийм стандартыг хангах ёстой, бүрэн камержуулалтыг хийх ёстой. Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой гэдэг ийм зохицуулалтыг энэ хуулинд оруулж өгөх ёстой. Мөн олон улсын түвшинд төрийн хууль сахиулах байгууллагаас гадна хувийн хэвшилд хууль сахиулах чиг үүргүүдийг давхар оноодог болж эхэлж байна. Тийм учраас казино өөрөө хамгаалалтын албатай байж таараа. Гэхдээ казинод ажиллаж байгаа хамгаалагчид нь тэр казиногийн хувийн зохион байгулалт байж болохгүй. Бүх хамгаалагчдыг төр өөрөө лицензжүүлдэг Австрали улсын туршлагыг авах ёстой. Төрөөс лиценз авчихсан нөхөр хууль сахиулах, хуулиа дагаж ажиллах үүрэг хүлээгэд эхэлнэ. Компани хууль бус зүйл шаардахад “уучлаарай таны шаардлагыг биелүүлэх юм бол би лицензээ алдана. Би ажилгүй болно. Энэ бол миний ажил. Би хууль ёсны шаардлагуудыг биелүүлнэ” гэдэг шинэ стандарт руу орно. Хамгаалалтын албатай холбоотой хуулийг Казиногийн хуультай хамт Засгийн газраас өргөн барьж, хамт хэлэлцүүлэх ёстой. Ингэж байж зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилсан сэргийлнэ” гэлээ.
Казиногийн тухай хуулийг байнгын хороо дэмжлээ | ||
Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.