УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Г.Батхүү нарын найман гишүүн энэ оны өнгөрөгч хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан юм.
Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбоотой санал хэлж, асуулт асууж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Зоригт Замын хөдөлгөөний дүрэм, тэмдэг зэрэг олон зүйлүүд нь зүүн талдаа зохицуулалттай байдаг хэрнээ орж ирж байгаа машинуудын ихэнх нь баруун талдаа жолооны хүрдтэй байдаг талаар анхаарах хэрэгтэй гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Зорчигчийн замын хөдөлгөөнд оролцох боловсрол гэдэг зүйлийг хуульчилж өгөх шаардлагатай байгаа талаар санал хэлсэн юм. Учир нь ялангуяа намар хөдөө орон нутгаас оюутнууд ихээр ирсэн үед замын осол их гардаг гэж сонссон. Тиймээс замын хөдөлгөөний боловсролыг нэмэгдүүлэх талаар олон нийтийн боловсрол олгох талаар хуулийн төсөлд тусгасан уу гэдгийг асуусан. Хууль санаачлагч Г.Батхүү зорчигчдын онолын мэдлэгийг дээшлүүлэх талаар заалтууд хуулийн төсөлд нарийн орсон гэсэн юм. Тухайлбал, сургуулийн өмнөх нас болон цэцэрлэг, сургуулийн бүх программд замын хөдөлгөөний талаар суулгаж өгсөн учраас хуулийн дагуу иргэд бага наснаасаа эхлээд замын хөдөлгөөний зөв мэдээлэлтэй болох аж. Түүнчлэн гарч байгаа осол аваарын тодорхой хувь нь явган зорчигчдын буруутай үйлдлээс шалтгаалдаг тул явган зорчигч нарт оногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгажээ.
Харин автомашины зогсоолтой холбоотой зохицуулалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хийх боломжгүй. Харин хот байгуулалтаар л зохицуулах боломжтой гэсэн юм.
Түүнээс гадна хуулийн төсөлд замын хөдөлгөөнд оролцогчдыг бэлтгэх чиглэлээр, жолооч бэлтгэх чиглэлээр жолооны сургалт явуулдаг стандартыг тогтоох, жолоочийг хариуцлагажуулах зорилгоор жолоочийн зөрчилд оноо тооцох арга ашиглах олон нарийвчилсан заалтууд орсон гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Ц.Оюунбаатар: Намар хөдөө орон нутгаас оюутнууд ирэхээр замын осол их гардаг | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.