Өнгөрсөн долоо хоногт Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох ажлын хэсэгт даалгасан билээ. Тус ажлын хэсгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахалж Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар ажиллаж байгаа юм. Энэ нь Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох зорилготой. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд 80 мянган айл өрх хамрагдсан байна. Зээлийн үндсэн төлөлт гэж жилд 480 тэрбум төвлөрдөг бөгөөд эргэн төлөлт сайтай зээлд багтдаг аж. Засгийн газраас хэрэгжүүлж буй дээрх ажил хэрэгжихэд ямар нэгэн мөнгөний хөдөлгөөн хийгдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Уг ажлыг эхлүүлэхийн тулд эхлээд Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд ингэснээр тус санд байгаа хөрөнгөөс тодорхой хэмжээний бонд босгоод үүгээрээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлэн баталгаа гаргаж байгаа. Ингэснээр иргэд эхлээд зөвхөн 10 хувиа төлөх нөхцөл бүрдэх юм.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох талаар иргэд ихээхэн сонирхож байна?
-Манай яамнаас гаргасан орон сууцны найман хувийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг буулгах саналыг Ерөнхий сайд дэмжиж, Сангийн яам, ХАХНХЯ-тай хамтран ажиллахыг үүрэг болгосон. Учир нь энэхүү саналыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Тиймээс Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн сангаа санхүүжүүлж, бонд босгон, орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх юм. Ингэснээр орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлэн баталгаа гаргаж, харин иргэд зөвхөн 10 хувиа төлөөд орон сууцанд орох боломж бүрдэх юм.
-Энд арилжааны банкуудтай хэрхэн уялдаж ажиллах вэ?
-Зээлийн 10 хувийг иргэн төлөөд, 20 хувьд нь төр баталгаа гарган өгч иргэдэд үүсдэг дарамтыг арилгаж байгаа болохоос энэ нь бэлэг биш. Тиймээс иргэн энэхүү 20 хувийн төлбөрөө зээл төлөх урт хагцаандаа шингээгээд төлөөд явна. Бид нэн түрүүнд Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт өргөн барьсан байгаа. Үүний зэрэгцээ энэхүү зээлийн үндсэн нөхцөлд өөрчлөлт орж байгаа болохоор санхүүгийн шинж чанартай олон зүйлийг эргэн тооцох шаардлага гарч байгаа. Тиймээс зээлийн хөнгөлөлтийг хэрэгжүүлэхэд үүсч болох бүхий л асуудлыг Сангийн яам, Монгол банк, арилжааны банкууд хоорондоо ярилцаж байгаа.
-20 хувийн урьдчилгааг урт хугацаанд нь шингээхээр сар бүр төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ. Тэгэхээр иргэдийн цалин, орлогын хэмжээ хүрэхгүй болох юм биш үү?
-Энэ бол банкуудын тавьдаг шаардлага бөгөөд зүй ёсны шаардлага. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүй иргэнд зээл олгох тухай асуудал энд яригдаагүй. Харин урьдчилгаа 30 хувиа өнөөдөр шууд гаргаад төлчих боломжгүй ч урт хугацааны зээлээ бол төлөөд явах боломжтой иргэдэд уян хандаж, зээл олгох асуудал яригдаж байгаа юм. Түүнээс биш өнөөдөр тогтмол орлоготой бус, орлогын хэмжээ нь урт хугацааны зээлийн графикийн дагуу төлөх чадваргүй иргэдэд зээл олгохыг банкуудаас шаардаж болохгүй.
-Хэзээнээс эхлэн хэрэгжих боломжтой вэ?
-Засгийн газарт хуулийн төслөө өргөн барьсан байгаа. Шийдвэрүүд нь шат шатандаа гараад явна. Үүнд хэдий хугацаа шаардагдах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Аль болох яаравчилж ажиллана.
-Энэ хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр орон сууцны үнэ өсөх байх гэсэн таамаглал бас яваад байна л даа?
-Энэ бол эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа үед тодорхой хэмжээний дэм үзүүлэх гэж байгаа арга хэмжээ болохоос барилгын илүүдэл нийлүүлэлтийг зохион байгуулалттайгаар бүгдийг нь борлуулах арга хэмжээ биш. Өөрөөр хэлбэл, зах зээлд байгаа 30 мянган орон сууцны илүүдэл нийлүүлэлт хэвээрээ байж л байна. Тэгэхээр нийлүүлэлт илүүдэлтэй байгаа үед зах зээлийн зарчимаараа үнэ өсөх боломжгүй.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.