Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өнгөрсөн баасан гарагт уламжлал болгон 2 дахь жилдээ тэмдэглэлээ. Энэ жилийн хувьд Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд 3 дахь жилдээ “Хүүхэд ба Замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдах гэж байгаа аянтай давхцаж байгаагаараа онцлог юм.
Энэ үеэр томчууд бидний хариуцлагагүй үйлдлийн золиос болж зам тээврийн ослоор нас барсан 48 хүүхдүүдийн суух ёстой байсан ширээ, сандал, хэрэглэх байсан дэвтэр, үзэг, тоглох байсан тоглоомуудыг тавьж зул бадамлуулан гэгээн дурсгалыг нь хүндэтгэлээ. Тэд өнөөдөр амьд мэнд байсан бол сургуулийн нэг анги, цэцэрлэгийн нэг бүлгийг дүүргэх байсан. “Эрх чөлөөний талбай”-д эгнүүлэн зассан тэдний ширээ сандал эзгүй, үүнийг харсан хүүхдүүд, томчууд харамсал илэрхийлэн залбирч байлаа.
Мөн тэдэнд зориулж Жанчивдэчинлэн хийдийн лам нар ном айлдан буян үйлдсэн бөгөөд Ерөнхий боловсролын 50, 24, 57 дугаар сургуулийн сурагчид, Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгийн бяцхан багачууд оролцож өөрсдийн дуу хоолойгоо томчууд, авто замын хөдөлгөөнд оролцогчдод хүргэлээ. Хүүхдүүд “Хурдаа хасч ирээдүйгээ гэрэлтүүлцгээе”, “Монголчууд бид цөөхүүлээ”, “Жолооч таны гарт бидний ирээдүй байна”, “Ахаа та дүрэм зөрчихөө болиоч” зэрэг үгтэй лоозон барьж, уриа хэлж “Эрх чөлөөний талбай”-г бүтэн тойрч, томчууд хандаж бичсэн захидлаа илгээн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байлаа.
Зам тээврийн осол, хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд олон ажлуудыг нэн даруй хийх шаардлагатай байгаа ч үүнийг дан ганц Замын цагдаагийн газар хийх ёстой мэтээр ойлгодог, тэгэх ч боломжгүй юм.
Харин эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлэхээс эхлээд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүд, замын хөдөлгөөнд оролцогчид бүгд хамтран осол хэрэг гарахаас сэргийлж бууруулах, огт гаргахгүй байх боломжтой юм.
Бяцхан үрс маань бидний хайхрамжгүй байдлаас амь насаа алдаж, насан туршдаа эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болж ирээдүй нь гуниг харууслаар дүүрэн өнгөрч байгаад тэдний анхаарлыг хандуулах, тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан юм.
УРИАЛГА:
“Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББайгууллага тус газартай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-ийг 100.000-аас доошгүй дэмжигчдэд танилцуулан гарын үсэг зуруулж төрийн дээд албан тушаалтнуудад хүргүүлэн тэдгээрийн санал санаачлага, үйл ажиллагааг хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах шийдвэр гаргуулахад чиглүүлэх, хэрэгжүүлэхийг зорьж байгаа тул Та бүхэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-тай www.SAVEKIDSLIVES2015org цахим хаягаар орж танилцаж нэгдэн хүүхдийн төлөө юу хийж чадахаа илэрхийлээрэй!
ТОМЧУУДАА, ЖОЛООЧ НАР АА, ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭЭ!!! ХҮҮХДҮҮДЭЭ ХАЙРЛАЦГААЯ.
"Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ | ||
Үзсэн: 1159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.