Шууд Chart

Ч.Ганхуяг: Надад айх зүйл байхгүй учраас популистуудад автах шаардлагагүй

2015-04-13 10:31:31

Энэ удаагийн “Редакцийн зочин”-д Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг урьж ярилцлаа.

-УИХ-ын дарга том улстөрчийн зангараг гаргаж чадсангүй-

-Саяхан “Монголын эдийн засгийн чуулган” болж, өндөрлөлөө. Чуулганаас таны хүлээж байсан үр дүн гарав уу? 
-Чуулганы гол зорилго бол манай Засгийн газар, УИХ-ын гишүүд жилд нэг удаа бизнесийн лидерүүд, эрдэмтэн мэргэд мөн өмнөх үеийн туршлагатай хүмүүстэй уулзаж тодорхой асуудлуудаар ярилцаж мэтгэлцэх, мэдээлэл солилцох зорилготой байдаг. Үүнийгээ олон түмэнд нээлттэй явуулж байгаа нь улс оронд болж байгаа үйл явдлууд, манай манлайлагчдын бодож байгаа бодлын талаар хүмүүс тодорхой хэмжээний ойлголт аваад түүнийгээ дор бүрнээ өөр өөрсдийн аж амьдралдаа тусгах боломжоор хангадаг. Ингэж мэдээлэлтэй байснаар иргэд өөрсдийнхөө амьдралд түүнээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд илүү хялбар байдаг. Энэ утгаараа бол форум зорилгодоо бүрэн хүрсэн. Форумын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэнд хандаж үгээ хэлсэн. Том лидерүүд өөрсдийн хийх гэж байгаа, хийж буй ажлаа ард иргэддээ ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч, ингэснээр ажил нь урагштай явах боломжтой болдог. Харамсалтай нь маргааш нь УИХ-ын даргын чуулганы нээлтэн дээр хэлсэн үг бол урам, сэргээш аваад ирж байсан сэтгэл рүү нулимсан явдал болсон. Энд цаана нь улс төрийн эрх ашиг, сонирхлууд явж байна гэж ярьж байна. Нөгөө л нэг бидний амьдралыг хойш нь татдаг популизм явж байна гэх нь байна. Магадгүй харь том гүрний тоглоомонд бид хэт автаад, эцсийн дүндээ өөрсдийнхөө аж амьдралыг өөд нь биш, хойш нь татаад, ирээдүй хойчоосоо амьдралыг нь хулгайлаад байгаа тийм л үзэгдэл боллоо гэж би харж байгаа юм.
 
-УИХ-ын даргын мэдэгдэлтэй холбоотойгоор хүмүүс хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын тусдаа байх зарчим алдагдчихжээ, УИХ Засгийн газрын асуудлыг шийддэг болчихсон юм байна гэсэн яриа гарсан. Тэр орой нь Ерөнхий сайд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мөн хүссэн учраас Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо гэж мэдэгдсэн?
-Тэр бол З.Энхболд арай хэтрүүлснээ ойлгосон болов уу гэж харсан. Арай чангадуулсан, арай их эрдсэн, түргэдсэн. Том улстөрчийн зангараг гаргаж чадсангүйгээ ухаарсан болов уу л гэж бодож байна. Өөрийнх нь намын Ерөнхий сайд, өөрийнх нь бүрдүүлсэн засаг шүү дээ, тэдэнд хэлэх зүйлээ арай өөр байдлаар хэлж болох байсан. Хятад, Орос, Япон, Америкийн элчин сайдуудыг урдаасаа хараад суулгачихаад бүх дэлхийд нээлттэй чуулганаар, дөнгөж өндөрлөсөн Монголын эдийн засгийн чуулганаас тодорхой үр дүн гарсан болов уу даа, энэ хүмүүс асуудлаа шийдсэн байх, тэдэнтэй эргээд ажил яриад, бизнес хийгээд явж болох болов уу гээд ороод ирсэн хүмүүст, дахин сэргээж байсан итгэлцлийг туйлын хариуцлагагүй мэдэгдлээр унагаачихлаа. Мэдээжийн хэрэг ямар ч зүйл хууль журмын дагуу л явагдах ёстой. Гэхдээ тэр үйл явдлаас хувь хүний үүднээс надад хэд хэдэн зүйл ажиглагдсан. Нэгдүгээрт, засаглалын хуваарилалтад зайлшгүй өөрчлөлт орох ёстой. Гүйцэтгэх засаглал гэдэг ямар ажлаа хариуцаж, юун дээр шийдвэр гаргаж тэрнийхээ хариуцлагыг үүрдэг юм, хууль тогтоох байгууллага нь ямар эрх, үүрэгтэй байдаг юм, ямар үед тэр Засгийн газартаа хариуцлага тооцож болдог юм, УИХ-д хэн хариуцлага тооцдог юм гэдэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгч өөрөө хууль тогтоох гүйцэтгэх засаглалын ажилд хэрхэн яаж оролцох юм, шүүх болон бусад гүйцэтгэх алба, шүүх, АТГ, прокурорын даргыг томилдог зэрэг нь зөв тогтолцоо мөн үү биш үү, нэг хүнд хүчний байгууллагын эрх мэдлийг төвлөрүүлчихээр нийгэм зөв голдрилоор явж чадах уу гэдэг чинь асуудал юм байна. Хоёрдугаарт, монголчууд бид өөрсдөө ямар хэмжээний асуудлыг нээлттэйгээр телевизийн камерын өмнө гадаадын бүрэн эрхт Элчин сайд нарыг суулгаж байгаад ярих юм бэ гэдгээ тогтох ёстой. Шиньхуа, Сумитомо гэдэг бол тухайн улс орнууддаа нэр нөлөөтэй, Засгийн газрынхаа дэмжлэгтэй ажилладаг байгууллагууд. Саяхан бид Япон улстай эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа гээд л зарлаад байсан. Саяхан УИХ-ын дарга өөрөө Хятадад очоод даргатай нь уулзаад л сууж харагдсан. Тэгээд тэр хүмүүс нь гэрээгээ зурна гээд баяр ёслолын байдалтай орж ирээд суунгуут урдаас нь 13 дугаар зууны аргаар нүүрэн дээр нь алгадаад, дэвсээд гаргаад явуулчих нь аль ч улсын дипломат ёсонд нийцэхгүй. Тэгвэл манай улсын дипломат бодлогод УИХ яаж оролцох ёстой юм, гадаад харилцааг яаж авч явах ёстой юм гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
 
-Манай улсад УИХ хамгийн их эрх бүхий дээд байгууллага шиг байдаг боллоо гэсэн байр суурийг илэрхийлдэг улс төрчид байдаг. Та үүнтэй санал нэгдэх үү?
-УИХ бол хууль тогтоодог, Засгийн газрыг томилдог байгууллага. Тэрнээс өөрсдөө томилсон, батлаад өгсөн төсөв төлөвлөгөөтэй, хуулийн дагуу үйл ажиллагаа нь явж байхад очиж тэр гэрээнд гарын үсэг зурах үгүйг үг, үсгээр нь хянаж шийддэг байгууллага биш. Компанийн ТУЗ бол жишээ нь төсвийг нь батлаж өгөөд, гүйцэтгэх захиралтайгаа гэрээг нь байгуулаад жилийн эцсээр дүнг нь тооцдог. Гүйцэтгэх захирал нь компаниа итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй цорын ганц хүн. Тэрнээс ТУЗ нь гэрээ болгоныг үг, үсгээр нь хянаж, урдуур нь орж хэлэлцээрийг нь явуулах гэж оролддоггүй. УИХ-ын дарга бол 76-ийн нэг гишүүн. УИХ-ыг бүхлээр нь төлөөлж шийдвэр гаргах эрхгүй байдаг. Энд бол яахав нэг нам улс төрийн хүчний доторх хувь хүмүүсийн тэмцлийн илрэл нь ингэж гарч ирж байгаа юм болов уу гэж би бодсон. Тэмцлийн илрэл нь юм болов уу гэж харагдахаар байгаа.
 
Миний түрүүний хэлж байсан асуудлын гурав дахь нь УИХ өөрөө олон намаас бүрдсэн байдаг. Олон намаас бүрдсэн байгаа УИХ-ын дарга нь нэг намын хүн байх нь хэр зөв зохистой байдаг юм гэдгийг би анх З.Энхболдыг өөрөө Ерөнхий сайд болохгүй УИХ-ын даргаар үлдэнэ гэхэд л хэлж байсан. УИХ бол нэг намын байгууллага биш. Намын дарга нь намынхаа нэг гишүүнтэй УИХ-ын даргын суудлыг ашиглаж мэдэгдэл хийх нь зохисгүй. Намын дарга хүний гишүүндээ хандаж “За би чамтай хариуцлага тооцно” гэж хэлж байгаа үг юм шиг сонсогдсон. Яагаад гэхээр УИХ-ын дарга бол өөрөө нэг гишүүн, нэг саналын эрхтэй, хурал удирдах үүрэгтэй. Харин би сайдад хариуцлага тооцно, огцруулна гэж нээлтийн индэр дээрээс мэдэгдэх нь зохисгүй үйлдэл. Гишүүн бол асуудлыг өргөн барихаас биш дангаараа шийдэхгүй. Надад бол энэ бүхэн их харамсалтай санагдаж байгаа. Би бол бизнес хийж байгаа хүн, гэхдээ би нүүрсний, алтны, зэсийн бизнес хийгээгүй , түүнийг зөөгөөгүй. Цэвэр боловсролын, үл хөдлөх хөрөнгийн, санхүүгийн, банкны, хөрөнгийн зах зээлийн ажил хийж байгаа. Гэхдээ би энэ улсын иргэн, сонгогч. Энэ улсын сан хөмрөгийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж насаараа зүтгэсэн хүний хувьд үгээ хэлж байгаа юм. Өнөөдөр үгээ хэлсэн хүмүүсийг цагдаж хорьдог, ялангуяа бизнес хийдэг хүмүүсийг бизнесээр нь дарамталдаг. Таалагдахгүй бол шүүхэд өгч үгэн дээрээс нь дэгээдэж авч байгаад шоронд хийгээд бизнес, байшинг нь нураачихдаг буруу тогтолцоо руу орчихлоо. Популизм бол ядуурал түгсэн, мэдлэг үгүйлэгдсэн, мэдээлэл дутагдсан нийгэмд дээрээс нь айдсыг оруулж ирж байгаад цэцэглэдэг. Манайд өнөөдөр ядуурал байна, мэдлэг мэдээлэл хомс байна. Үүн дээр нь сүүлийн гурав, дөрвөн жил айдсыг амжилттайгаар бий болгож чадлаа. Популистууд одоо бид сайхан явах нь гэж бодож байгаа бол алдаа. Бизнесменүүд эрүүл улстөрчидтэйгээ нийлж байгаад та хэдийг зогсооно. Камерын өмнө улс орныхоо эрх ашгийг нулимж чадаж байгаа бол та нар дээр очиж байгаад бид хамтдаа хариуг чинь өгдөг болно.
 

 
 
-Миний бүх ажил нээлттэй явж ирсэн-
 
-Манайд томоохон бизнес улстөртэй хамааралгүй явдаг тохиолдол тун цөөхөн юм шиг харагддаг. Тийм болохоор эргээд түүндээ бүдэрч унах нь их амархан байдаг байх?
-Гудамжинд яриад байгаа хэмжээнд, эсвэл тийм хэлбэрээр улс төртэй хутгалдсан гэдэгт бол итгэдэггүй. Гудамжинд Ч.Ганхуяг 200 сая төгрөг төлж байгаад дэд сайд болчихлоо, лифтэнд суугаад карьер хийчихлээ, зөөлхөн суудал дээр очоод суучихлаа гээд үлгэр домог шиг л юм ярьдаг. Би улстөр, бизнес хоёр тийм байдлаар хутгалддаг гэж боддоггүй. Тийм байдлаар албан тушаал авдаг гэдэгт ч итгэдэггүй. Би өөрөө тэгж аваагүй болохоор итгэхгүй байдаг байж магадгүй. Би иргэн хүний хувьд өөрийнхөө ёстой л зөөлхөн суудалтай, хэзээ ч муу хэлүүлж байгаагүй, хамгийн сайхан, гараараа босгосон байгууллагынхаа удирдлагыг хэсэг хүмүүст шилжүүлж байгаад тэр ажилд нь очиж өөрийнхөө халааснаас ажил явуулах боломжийг бүрдүүлэн байж компьютер, машин, туслах, жолоочтойгоо, 800 мянган төгрөгийн цалинтай ажлыг нь хийх гэж чадлаараа хичээж ажилласан. Би тэр суудлыг ажил гэж харсан. Хийх нь миний үүрэг гэж боддог.
 
-Та яагаад дэд сайд болох гэж зорьж очсон юм бэ?
-Би үүргээ ухамсарладаг монгол хүн. Намайг одоо хүмүүс популизм хийж байна гэж хэлж, ярьж магадгүй. Надад тийм шаардлага байхгүй шүү. Би улс төрөөс хөндий байгаа. Надаас асуух бол би ямагт л хэлдэг. Надад нуух, бусдад таалагдах шаардлага байхгүй. Би хувиараа сургууль төгссөн. Ганц ч өдөр тэнд илүү байгаагүй. Хүрч ирээд улсад ажилласан. Өмнө нь хөрөнгийн биржид бас ажилласан. Дараа нь Монголбанкинд ажилласан. Монголын хамгийн том татвар төлөгч байгууллагуудын нэгийг нь босгосон. Өнөөдөр миний удирдаж буй байгууллагын хөрөнгө оруулалтын баазад 20 компани байна. Хэзээ ч миний энэ бизнес аль нэг улс төрч, аль нэг улс төрийн хүчинд үйлчилснээр яваагүй. Бизнесүүдэд нэг гэм байдаг. Юу гэхээр нэг жижигхэн асуудал гарахад улстөрч дээр очиж гуйгаад барьцаанд нь ороод буцаад рекэтлүүлсэн байж магадгүй. Тийм байж болохгүй. Монголд бизнесээ шударгаар явуулж болдог юм, аль ч намын үед. Өөрсдөө татвараас зугтаад, акт тавиулаад, том даргаар аргалуулбал тэр том дарга чинь чамайг эргээд дээрээс чинь нугасална гэдгийг л ойлго. Хэрэв бизнес хийж байгаа бол татвараа цаг хугацаанд нь зөв тодорхойлоод төл. Хувийнхаа татварыг төл. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдгийг л сайн санаж яв. Тийм байдлаар дарамтад орчихсон бизнесүүд байдгийг би үгүйсгэхгүй. Нөгөө талаас улсын тендер дээр нөгөө баялаг бүтээгчдийн бий болгочихсон байгаа татварын орлогыг улс төрчид хуваарилахдаа өөрсдийнхөө бизнес рүү, хамаатан садныхаа бизнес рүү, эсвэл зүгээр тендерт ялчихсан хүнийг шахаж баахан гүйлгэхээр өнөөх нь бүр арга ядаад ашгийнхаа тодорхой хувийг амладаг байдал байдгийг бас үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд ийм юм хараагүй учир дам яриагаар дүгнэлт хийхгүй, тендерт өөрөө оролцож байгаагүй, авч байгаагүй. Би төрд ажиллаж байхдаа ч тендер шалгаруулах үйл явцад оролцож байгаагүй. Тийм учраас би авлига өгч байгаагүй, авлига авч ч байгаагүй гэдгээ нүүр бардам хэлж чадна. Хэрэв надаас авлига авсан, надад авлига өгсөн хүн байвал зоригтой гарч ирээд намайг илчлээрэй гэж хэлж чадна. Надад айх зүйл байхгүй учраас популистуудад автах шаардлага байхгүй.
 
-Таны бизнес улс төртэй огт холбогдож байгаагүй гэж ойлгож болох нь ээ?
-Би тэр намын гишүүн гээд зээл өгч үзээгүй, тэр намын дарга тэг гэсэн гээд хүнийг ажилд авч үзээгүй гэдгийг л хэлж байгаа юм. Бүх ажил төрөл маань нээлттэй явж ирсэн.
 
-Таны ярьснаар Монголд шударгаар бизнес эрхлэх боломж байдаг юм байна. Тэгвэл яагаад олон олон бизнесийн байгууллага улс төрийн болоод улстөрчийн тоглоом болсон байдаг юм бол?  
-Би шударга л хэлж байгаа шүү, надад хүмүүс гомдож магадгүй. Тэр бол өөрсдийнх нь арчаагүй байдал. 20 жилийн дараа тэр нөхөр үнэн хэлсэн байна гэж зарим нь баярлах болов уу гэж бодож байна. Өнөөдөр бизнес нь явахгүй байгаа, намд элсэхээр тендер авна гэж бодож байгаа бол чи амьдралаа үрж байна, амиа хорлож байна, тэнэг арчаагүй байна. Наад бодлоо одоохон хаяад ажлаа хий. Ингэхийн тулд хүн өглөө эрт босох хэрэгтэй, хэлсэн үгэндээ хүрдэг байх ёстой, худлаа ярьж, хүнийг хуурч болохгүй. Үнэгүй юм гэж энэ хорвоод байхгүй. Амжилтад хүрэхийн тулд чи заавал энэ хорвоод өгөх ёстой, өгөхдөө өөрийнхөө цаг, амьдрал, найз нөхөд, гэр бүлийн амьдралаасаа ч золиослоно. Үр дүн гартлаа ямар ч хугацаа орсон уйгагүй ажиллах хэрэгтэй. Амжилт амархан ирдэггүй. Гэхдээ аз жаргал алсын чинь зорилт байж бас болохгүй. Амьдралдаа харамсах зүйлгүй яг одоо, өнөөдөр амьдар. Урсан өнгөрч буй цагийг ухраах боломжгүй.
2000 оноос хойш улстөрчид л буруутай, улс төрд орсон нь л сайхан амьдарч байна гэдэг буруу ойлголтыг залуучуудын толгойд бат бөх хийгээд өгчихсөн. Арга ч үгүй л дээ, дөнгөж сая нэг ахын цүнхийг бариад гүйж байсан найз нар нь том алтан цаг бугуйндаа зүүчихээд, харц нь дээгүүр, бүдүүн дуугаар том, том юм яриад байхаар, залуус “Намайг энд ингээд татварын байцаагч нар дарамтлаад байж байхад энэ нөхөр даргын цүнх барьж гүйж байгаад ийм болчихлоо” гээд бодно. Энэ өөрөө улс төрийн нам, нам доторх боловсон хүчнийг бэлтгэх явц, хамаатан садан найз нөхөд, хамгийн ихээр тал засч чаддаг дээр нь тогтож байгаатай холбоотой. Хүний боловсрол, эрдэм ном, чадал тооцоонд ордоггүй, хамгийн чанга ярьж чаддаг, хамгийн амбицтай, хамгийн долигонуурууд нь өнөөдөр дарга болдог буруу шүүлтүүрийг бид нийгэмдээ тавьчихсан байгаа юм. Энэ чинь өөрөө манай нийгмийг буруу залаад байна.  
 
-Тэгвэл үүнийг бид яаж залруулах боломжтой юм бэ. Үнэхээр мэдлэгтэй, боловсролтой залуус хэзээ төрд гарч ирэх юм бол?
-Би мэддэг байсан бол нэг намын дарга болоод хийчихмээр байгаа юм. Би оролдоогүй гэж хэлэхгүй. Надтай хамт бизнес эрхлээд гадаад, дотоодод байсан залуусыг бүгдийг нь Монголдоо дуудсан. Зарим нэг нь ирээд энд ажилласан, эдийн засаг ч сайхан явсан. Чаддаг мэддэг, намайг сонсдог бүх найз нараа намд элсүүлсэн. Өөрсдөө амжилтад хүрээд улс төрөөс хамаарахгүй болчихсон байсан 30-40 насны найз нар надад итгээд, намайг дэмжээд улстөрд орсон. Тэр хүмүүс одоо хаана байна. Улстөрд лав байхгүй. Би хаана байна. Бас л улстөрд байхгүй. Нам доторх боловсон хүчний бодлого өөрөө буруу байна гэж би боддог. Өнөөдөр хийсэн бүтээснээр нь биш гоё ярьснаар нь, даргад таалагдсанаар нь, хамгийн их хор найруулснаар нь үнэлдэг. Ийм байдлаар энэ улс удаан явахгүй. Гэхдээ би одоо бизнес хийж байгаа болохоор чөлөөтэй байна, элдэв дарга, цэргийн дарамт байхгүйгээр сайхан ярьж болж байна.
 
-Та өөрийнхөө намын тогтолцоо буруу байгаа талаар болон бусад намууд буруу байгаа талаар ярьж байна. Тэгвэл түрүүний хэлсэн үнэхээр мэдлэг чадвартай залуустай нэгдээд шинэ нам байгуулж болохгүй гэж. Танд тийм бодол байгаа юу?
- Яг ний нуугүй хэлэхэд надад тийм сонирхол алга. 2008 оны долоодугаар сарын 1-нд би Баян-Өлгий аймагт казах элчин сайдтай ажлаа хийгээд явж байсан. Тэр үйл явдал надад бол маш хүнд туссан. Есдүгээр сард тэр цочрооноосоо гараагүй байж байгаад ИТХ-д нэр дэвшихээр хамгийн сүүлчийн мөчид шийдээд, материалаа бүрдүүлээд бие дааж дэвшсэн. Бие даагаад дэвшихэд сонгуулийн саналыг яаж луйварддагийг би өөрөө харсан. Бичлэгүүд нь надад байгаа. Тухайн үеийн МАХН, АН нийлж байгаад бие даагчийн саналыг санал тоолохдоо яаж дарж байгааг би өөрөө бичлэгээр нь харсан.
Нийгмийн тийм том тэсрэлт болоод бие бие рүүгээ буудах хэмжээнд хүрчихээд байхад зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Өөрийгөө шударга, мундаг гэж боддог бол би үүнийг засаж залруулахын төлөө явна гэж шийдсэн. Тэгээд 2009 онд С.Баяр дарга намайг дуудаад уулзсан. Үзээд алдах уу гэж асуусан. С.Батболд сайд намайг “Эдийн засгийн форумаа хий, миний зөвлөх бол” гэсэн. Д.Зоригт гишүүний нөхөн сонгуулиар Баянгол дүүрэгт дэвшиж байхад нь сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр хэдэн найзуудаа дагуулж очоод, У.Хүрэлсүхээс би намын батлахаа авч байсан. Д.Зоригтыг дэмжээд, Оюутолгойг дэмжээд, С.Батболд, С.Баярыг дэмжээд, тэр засгийг дэмжиж намд элссэн. Би Монголоо сонгосон. Өнөөдөр харин би Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын энэ засгийг дэмжинэ. Яагаад гэвэл энд эрүүл улс төрчид бас байгаа. Заавал би орж үүнийг засах биш хийж байгаа зүйлийг нь дэмжээд явахад болно. Сая Эдийн засгийн чуулган дээр харсан байх, би өөрөө энэ ажлыг санаачлаад хийж ирсэн ч өмнөх хоёр жил бараг оролцоогүй. Энэ удаад бол би өөрөө оръё гээд ажлын хэсэгт нь орж, эрвийх дэрвийхээрээ л дэмжлээ. Санхүүгийн хувьд ч дэмжлээ. Би Монголын төлөө гэж ажиллаж байгаа хүмүүстэй намаас нь үл хамаараад иргэний хувьд, хувь хүнийхээ хувьд хамтарч ажиллана.
 
-Тэгэхээр та Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хоёрыг дэмждэг гэсэн үг үү?
-Би дэмждэг. Би энэ хамтарсан засгийг дэмждэг. Ч.Сайханбилэг 45 настай, надаас дөрвөөр ах. Би С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёрын аль алинтай нь ажиллаж үзсэн. Тэд залуу хүний хувьд зоригтойгоор өмнө нь болохгүй байсан зүйлүүдийг болгоод авъя, улс орондоо хийсэн шиг хийгээд өгье гэдэг зорилго дэвшүүлээд энэ богино хугацаанд асар их зүйлийг хийхээр хүсээд, зориод гараад ирсэн болов уу гэж би бодож байна. Тэрнээс Н.Алтанхуяг нь дэмжсэн үү, З.Энхболд дэмжсэн үү гэдэг нь надад сонин биш. 
 
-Шийдлийн Засгийн газарт хоёр жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Хоёр жил битгий хэл дөрвөн жил ажилласан Засгийн газрын дараа шинэ Засгийн газар гарч ирэхдээ өмнөх бодлого шийдвэрүүдийг өөрчилдөг шүү дээ. Засаглалын хямралын талаар олон ч хүмүүс ярьдаг. Засгийн газраас өнөөдөр гаргаж байгаа бодлогын үр дүн мэдээж долоо хоногийн дараа гарахгүй. Тэгэхээр энэ засгийн бодлого шийдвэр хэр үр дүнтэй байх бол?
- Бодлого 180 градус өөрчлөгддөг гэдэгт би итгэхгүй байгаа. С.Баярын эхлүүлсэн ажил явж байгаа, Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийн, М.Энхболдын эхлүүлсэн ажлууд бүгд 100 хувь биш ч гэсэн явж л байна. Оюутолгой, Тавантолгой, төмөр зам, Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал, тэтгэврийн шинэчлэл, боловсрол, дэд бүтэц, зам тээвэр, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх гээд С.Батболдын эхлүүлсэн ажил ч явагдаж байгаа. Тэгэхээр сэтгэл зориг болоод ухаан чадвартай, хурдтай байвал хийх боломжтой. Одоо бол энэ засагт ажил хийхэд 10 сарын л хугацаа байна.  
 
-Та Шийдлийн Засгийн газраас тодорхой хэмжээний үр дүн хүлээж л суугаа хүний нэг юм байна?
-Тавантолгойн хэлэлцээрийг энэ сардаа хийх ёстой. Оюутолгойгоо энэ чуулган завсарлаж найр наадам болохоос өмнө хэлэлцэж, батлах ёстой.
 

-Үгүй болчихсон байсан үндэсний бахархлыг бий болгосон-
 
- Таны бодлоор ер нь мега төслүүдийг хурдан хугацаанд хөдөлгөөнд оруулах нь хэр зөв юм бэ. Үүнийг эсэргүүцдэг хүмүүс бас байдаг шүү дээ?
-Би одоо 42 настай. 50 хүртлээ тодорхой, тодорхой ажлуудыг хийж үзье гэж боддог. Би өөрийнхөө хүүхдүүдийн амьдралыг үрэн таран хиймээргүй байна. Надад яг өнөөдөр үр дүн нь хэрэгтэй байна. Манай боловсролын тогтолцоо барууны жишигт хүрээд хүүхдүүд маань сургуулиа төгсөхдөө барууны хүүхдүүдтэй ажлын байрны төлөө өрсөлдөж дийлдэг, дэлхийн иргэд болсоосой гэж хүсч байна. Үүнийг нэг хоногоор ч болов ойртуулахыг хүсч байна. Надад энэ гудамжинд, их хурлын танхимд хашгичаад байгаа нөхдүүдийн яриаг сонсоод, тэд нарын хэрүүлээр хоол болгоод хүүхдүүдээ сайн хүмүүс болгоно гэдэг итгэл байхгүй. Зарим эсэргүүцэж байгаа хүмүүс нь ухаад дуусчихлаа ш дээ гэдэг. Тавантолгойг 300 жил ухаад дуусгахгүй, Оюутолгойг 100 жил ухаад дуусгахгүй, миний хүүхдийн амьдрал харин одоо явж байна. Өнөөдөр улс төрчид гадаа ажилгүй, архи уугаад явж байгаа залуучууд, хасах 40 градуст гадаа модон жорлонд сууж байгаа эхчүүдээс нэг хоногоор ч гэсэн тэр сайхан амьдралыг нь ойртуулахгүй байгаадаа уучлалт гуйх ёстой. 
 
-Тавантолгойн төслийн эргэн тойронд дэлхийн нүүрсний зах зээлийн үйл явдлыг анхааралтай ажиглаж санал бодлоо хэлж байгаа олон хүн бий. Зарим нь ерөөсөө хэрэг байна уу, ингээд л  байж байя гэж байна. Нөгөө хэсэг нь энэ цаг хугацааг бид хожих ёстой, алдаж л  болохгүй гэх юм. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?  
-Би энэ асуудлаар маш олон давтаж хэлж байгаа зүйл гэвэл бидэнд цаг алдах эрх байхгүй. Улс орноо хойч үедээ яг одоо энэ байгаа байдлаар нь хүлээлгэж өгөх эрх бидэнд байхгүй. Тэгэхээр эдийн засгийн хувьд Монгол Улс баттай хөл дээрээ зогссон, улмаар бидний тусгаар тогтнол эрх чөлөө, хамтын нийгэмлэгийн хувьд улам их баталгаажсан байх ёстой. Манай хөршүүд биднийг буланд шахаж байгаад өөрсдийнхөө үгийг сонсгодог биш харилцан ашигтай наймаа хийдэг тийм нөхцөл бололцоог бидэнд санал болгох цаг ирсэн гэж би бодож байна. Ядуу улсыг яаж хавчиж шахдагийг  ойрхоны энэ Украины жишээн дээрээс харж байна шүү дээ.
 
-Тэгэхээр энэ удаа бид дэлхийн түвшинд ажиллаж чадах юм байна гэдгээ харуулах цаг болжээ дээ?
-Тавантолгойд Шиньхуа, Сумитомо, Энержи Ресурс гэсэн компаниуд нийлээд консерциум болоод орж ирсэн. Монголчууд бид дэлхийн шилдэг компаниудтай эн зэрэгцээд консерциум байгуулаад ажиллаж чадаж байна. Тэд биднийг тоож байна гэсэн үг. Энэ төслийг явуулах хэрэгтэй. Монголчууд бусадтай хамтраад бизнес хийж болдог, чаддаг гэдгийг олон улсад харуулах хэрэгтэй. Ер нь аливаа асуудалд өнгөцхөн хандах нь өөрөө явцуу. Зах зээл дээр эрэлт хэрэгцээ гэж байдаг. Шинэ стандартыг дагаж мөрддөг. Хүн болгон байгалийн асуудал, дулаарлыг ярьж байна. Үүн дээр нь маш хянамгай хашир байж өнөөдөр байгаа боломж баялагаа үнс шороо, хог болгохгүйн төлөө  хугацаа алдахгүй ажиллаж эхлэх шаардлага байна.
 
-Та яагаад улс төрч биш зөвхөн бизнес эрхлэгч байхыг хүсч байна вэ?
-Би хэн нэгэнд долигонож худлаа ярьж чадахгүй. Би өнөөдрийн энэ тогтолцоонд бол гаж хүн. Гэхдээ би тогтолцоог, системийг өөрчилье гэсэн зорилго дэвшүүлчихсэн гэж урьд нь хэлсэн байгаа. Би нэг л шугамаар явж байна. Цаг нь болоод намайг хүлээн зөвшөөрсөн үед энэ байдал өөрчлөгдөөгүй бол зөвхөн өөрийгөө, өөрийнхөө хүрээний хүмүүсийг үхэн үхтлээ дарга, цэрэг байлгах гэсэн, ард иргэдийг мунхаг байлгах гэж хүсдэг хүчинтэй тэмцэнэ.
 
-Та одоо намдаа итгэл алдарчихсан уу?
-Зарим хүмүүст итгэл алдарна уу гэхээс юу гэж сонгосон намаасаа урвах вэ. Намыг өөрчлөхөд би тодорхой хувь нэмэр оруулсан. Намын нэр, дүрэм шинэчлэгдсэн, үзэл бодол тодорхой хэмжээнд тодотгогдсон. Шинэ залуучууд оруулсан. Урам хугарсан нь бий. Итгэл зориг бол мохоогүй ээ. Би одоо ч гэсэн намынхаа ажилд оролцоод л явж байна.
 
-Таныг “Босоо хөх Монгол” ТББ-тай асуудалтай байгаа гэж сонссон?
-Би “Хас” банкийг байгуулахдаа монголчууд өөрсдөөрөө бахархаасай, уг түүхээ мэдээсэй гэсэн юм. “Бид эх орондоо хайртай” гэсэн уриаг байшингийн дээр тавихдаа байхгүй болчихсон байсан үндэсний бахархлыг бий болгох гэсэн юм. Д.Сосорбарам, Ш.Гүрбазар хоёрыг үндэсний телевизээр “Би Монголоор гоёдог” гэдэг шүлгийг нь жилийн 100 сая төгрөг төлж байж уншуулаад үндэсний бахархлыг бий болгож, Монгол гэдгээрээ омогших тэр үйл явцыг эхлүүлсэн. Тэрнээс ингэж мушгиулахыг хүсээгүй. Би Ганзоригийн Ганхуяг гэдэг бөхийг шүүхэд өгч байгаа. Яагаад гэхээр тэр нөхөр над руу, миний гэр бүл рүү, миний үнэт зүйл рүү нулимж, дэвсэлсэн. Намайг ХасБанкны ажилчидтайгаа эр, эмийн харилцаатай байсан гэж бичсэн байна лээ. Надад үр хүүхэд бий. Миний ээж, эхнэр, дүү нар харж байна. Тэд бас өөрсдийн гэсэн амьдралтай. Миний эргэн тойрны, дотны хүмүүс байна. Энэ явдлыг энэ нийгэм ажиглаж байна. Ингэж худлаа гүтгэж доромжилж байж, намайг муухай харагдуулж, өөрсдийгөө баатар болгож болдог гэж бодсон бол андуурчээ л гэж хэлье. Би энэ хоосон яриаг нэг мөр зогсооно гэж бодож байна. Надад буруутай, зөрүүтэй зүйл байдаг байх. Би ажил дээрээ, миний удирдлагын хүмүүстэй зүй бус, эр эмийн харилцаа үүсгэж байсан нэг ч тохиолдол байхгүй. Үүнийг одоо шүүхээр тогтоолгоно. Ийм байдлаар над руу залуусын үзэн ядалтыг чиглүүлж байгааг би мөн л тэвчихгүй.
 
-Юунаас болсон юм бэ?
-Бурхан Халдун ууланд хэдэн өвөрмонголчуудыг хашраалаа гээд нэг гитарчин зургийг нь тавьсан юм байна лээ. Би тэр зургийг нь олж хараад өөрийн твиттер дээр үүнийг зогсоо, хүний ёсонд нийцэхгүй, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав ажлаа хийгээчээ гэсэн юм. Тэгсэн чинь л над руу дайраад эхэлсэн. Намайг ор дэрний явдалтай гээд тэрэндээ миний хүүхдүүдийн эхийг доромжилж худлаа мэдээлэл тарааж миний нэр төрд халдсан. Би тэр нэр төрөө сэргээлгэнэ, тэр залуучуудад хариуцлага тооцохыг шаардаж, мөнгө нэхэмжилнэ. Гэхдээ тэр хэлсэн ярьсан, бичсэн зүйлүүдийг нь бүгдийг нь баримтжуулаад одоо хуульчаар хянуулаад, нэхэмжлэлээ өгөхөөр ажиллаж байгаа.
 
- Э.Бат-Үүл дарга уучлалт гуйсан шүү дээ?
-Зөв ш дээ. Би ч гэсэн монголчуудынхаа өмнөөс уучлалт гуймаар байна. Ийм дорой, бүдүүлэг, ухамсаргүй хүмүүсээс би гутаж, харамсаж байна.
 
-Хүн болгоны бодол өөр байдаг. Тэр хүмүүс үндэсний бахархал гэдэг зүйлийг өөрсдийнхөөрөө ойлгоод зөв гэсэн зүйлүүдээ хийж байгаа байх. Та бас арай өөрөөр ойлгодог бололтой. Таныхаар үндэсний бахархал гэж юу юм бэ?
-Би энэ үйлдвэрийн барилгыг засч ажлын байр болгосондоо өрөөнийхөө тавилгыг Монголдоо хийснээрээ бахархаж байна. Миний байгуулсан, оролцсон компаниуд олон мянган залуусыг ажилтай болгосондоо баярлаж байна. Олон зуун мянган иргэнд зээл өгөөд шилжилтийн үеийн эдийн засгийн хүнд хэцүү үеийг даван туулахад нь тус болсондоо баярлаж байна. “Best shoes” төвийн Түвдээд би анхны зээлийг ХасБанкнаас өгч байсан. Манай эхнэр Г.Уянга жижиг бизнес эрхлэгчдийн дэлгүүр гаргаад тэд нарыг дэмжээд бүтээгдэхүүнийг нь зарж борлуулах, бүтээгдэхүүнээ сайжруулахад нь тусладаг байсан юм. Тэгэхэд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч тэр дэлгүүр дээр хүрч ирээд гутлыг нь хийлгэж өмсч байсныг санаж байна. Түвдэнням сая бүр том үйлдвэрийн нээлтээ хийсэн гэнэ лээ. Ч.Сайханбилэг сайд үйлдвэрийг нь телевизээр дурдана билээ. Тэр хүнээр би бахархаж байна. Өнөөдөр би олон зуун тэрбум төгрөгийн татвар төлсөн, ажилчдынхаа өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдгээрээ бахархаж байна. Яагаад гэхээр тэр мөнгө олон зуун мянган багш, тэтгэвэр халамж авагч, хүүхдүүдэд очсон. Олон сургууль, эмнэлэг зам баригдсан.
“Дуулиан” гэх хүүхдийн хөлбөмбөгийн хөдөлгөөнийг эхлүүлсэндээ баярлаж байна. “Монголын эдийн засгийн чуулган”-ыг санаачилсандаа баяртай байна. Сагсан бөмбөгийн “Хасын Хүлэгүүд”-ийг байгуулснаараа бахархаж байна. Өнөөдөр Дэлхийн параолимпийн аваргын төлөө үзэж байгаа Содномпилжээгээрээ бахархаж байна. Хөдөө орон нутагт зүтгэж байгаа манай хөдөөгийн бичил санхүүгийн холбооны гишүүн хоршоодын удирдлага, идэвхтнүүдээрээ бахархаж байна. Монгол Улсын иргэн болсны хувьд миний аав, өвөө, өвөг дээдэс маань намайг тэнгэрээс харж байгаа бол баярлаж байгаа болов уу гэж бодож байна.
Монголд хувийн цахилгаан станц барьсан, говьд очоод хот, сургууль барьчихсан MCS-ээр бахархаж байна. Хийт бетоны үйлдвэр ашиглалтанд өгч байгаа МАК-аар бахархаж байна. Лондоны бирж дээр гарч, дэлхийн шилдгийг Монголд оруулж ирсэн “Петровис”-оор бахархаж байна. Бритиш сургуулийг Монголд нээсэн Оюунгэрэлээр бахархаж байна. Техник Технологийн Сургуулийг энэ хэмжээнд авчирсан Ганбатаар бахархаж байна. Өнгөрсөн хугацаанд надтай мөр зэрэгцэж ажилласан, энэ амьдралынхаа хамгийн сайхан үеийг хамтдаа өнгөрүүлсэн бүх анд найз, хамтран зүтгэгчдэдээ баярлалаа гэж хэлье. Би тэднээр бахархаж байна. Тэрнээс энгэртээ нэг юм зүүж, үсээ хусуулж, шивээс хийлгэчихээд өөрсдийгөө л жинхэнэ эх оронч гэж цээжээ дэлдээд явж байгаа нөхдүүд бол энэ нийгмийн гажиг.
Энэ байдлыг гаргаж тавихгүй бол шударгаар бизнес хийгчид хохироод үлдэж байна. Өнөөдөр 1990 оноос хойш хувьчилсан обьектуудын жагсаалтыг гаргачих хэрэгтэй. Хэн хэдэн төгрөгөөр ямар обьектийг авсан юм бэ. Тэрийг юунд нь нуудаг юм бэ. Яг нэртэй нь, устай нь. Тэр обьектуудыг авсан хүн хэдэн төгрөг татварт төлдөг, тэр татвараар нь хэний хүүхдүүдийг өнөөдөр сургуульд сургадаг юм. Аль эмнэлгүүдийн хэдэн эмчийг, багш нарыг цалинжуулдаг юм. Хэдэн км зам барьсан юм. Ингээд одоо ярья л даа.
 
 
-Эдийн засгийн хүндрэл өмнөх Засгийн газрын алдаатай бодлогоос үүдэлтэй-
 
-Саяхан Азийн хөгжлийн банкнаас манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд гурван хувь хүртлээ буурна, ойрын 2-3 жилд эдийн засаг сэхэх боломж алга гэж дүгнэсэн. Та эдийн засаг хүндэрсэн эсвэл хямарсан гэдэгт ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Сая төгрөгийн цалинтай хүний Эрээнээс авдаг байсан бараа 50 хувиар буурсан. Тэр хэмжээгээр худалдан авах чадвар бүх нийтээрээ буурсан. Энэ бол Н.Алтанхуягийн засгийн биднээс суутгаж авсан татвар. Эдийн засаг өсөлттэй байгаа ч гэсэн өмнөх өсөлтөөсөө огцом буурсан. Хямарна гэхээр эдийн засаг хасах үзүүлэлттэй гарахыг хэлнэ. Азаар хэд, хэдэн уул уурхайн төслүүд яваад байгаа болохоор бид амьд яваад байгаа юм.
 
-Тэгвэл эдийн засаг юунаас болоод гэнэт ингэж хүндэрсэн юм бэ?
-Өмнөх Засгийн газрын алдаатай бодлогын буруугаас. Хэт улстөржилт л бидэнд саад болсон. Үнэмлэхүй олонхио олж аваагүй байж сөрөг хүчнээ хүлээн зөвшөөрөхгүй, бүлэг байгуулахгүй, хараа хяналтгүй, УИХ-ын даргаа сөрөг хүчний оролцоогүйгээр хүчээр сонгож гаргаж ирсэн. Тэр хэт их хүчиндээ эрдсэнээс, Чингис бондын мөнгийг буруу зарцуулснаас болсон. Дахиж тийм алдаа гаргахгүйн тулд бид юунаас болсныг нь ярих ёстой. Тэр үед байсан хүмүүс гадны зах зээлээс болсон гэдэг. Тэр худлаа. Бидний бодлогын алдаанаас л болсон.
 
-Хөрөнгө оруулагчид манай улсаас үргэчихлээ, “Hotel Mongolia” гэдэг хочтой болчихлоо гэж их ярих юм. Эдийн засаг үнэхээр үүнээс болоод хямарчихсан юм бол бид яаж хөрөнгө оруулагчдыг татах ёстой юм бэ?
-Хөрөнгө оруулагчгүйгээр манай улс явахгүй. Аль ч улс тийм. АНУ, БНХАУ хүртэл хөрөнгө оруулагчдыг далладаг. Бидэнд хийж чадахгүй, мэдэхгүй зүйл их байгаа гэдгийг хүн болгон хүлээн зөвшөөрөх байх. Үнэндээ бид малынхаа бүтээгдэхүүнийг ч төгс боловсруулаад аятайхан юм хийгээд гаргачихаж чадахгүй байна шүү дээ. Дэлхийн ноолуурын 40 хувийг хамаг бэлчээрээ талхлан бүрдүүлдэг байж эцсийн бүтээгдэхүүн нийлүүлдэггүй. Одоо ч гэсэн бид шил, төмрөө хийж чадахгүй байна. Сая эдийн засгийн чуулганаар нэг залуу босч ирээд тулах цэг өгчих, цахилгаан өгчих, жаахан дэмжээд өг тэгвэл би тэр байхгүй байгаа 10 тэрбум долларыг чинь гайхалтай программ боловсруулаад оруулаад ирье гэж байгаа юм. Би залуучууд яагаад ийм амархан зүйлд итгээд, ярьдаг болчихсон юм бол, тэрнийгээ яагаад ичихгүй 1000 хүний өмнө ярьж чадаж байна аа гэж гайхсан. Харамсалтай нь тэр хүн ярьж байгаа зүйлдээ бас өөрөө автсан байх шиг санагдсан.
Би хүмүүсийн урмыг хугалах гээгүй шүү. Гэхдээ яаж монголчууд хамгийн шилдэг профессоруудтай сууж байгаад, хамгийн том зах зээл дээр, хамгийн их мөнгөтэй компанийн хөрөнгө оруулагчидтай ажиллаж байгаад, энэ дэлхийн хамгийн шилдэг тархинууд гаргаж ирж байгаа программ хангамжтай өрсөлдөнө гэж мөрөөдөж суудаг юм бэ. Яаж Америкийн Силикон Валлей, Энэтхэгийн Бангалортой, Орос, Хятадтай өрсөлдөнө гэж ярьдаг юм. Тэднийг хар л даа. Ямар сургуульд сурж байна, ямар боломжууд байна, Биднийг хар. Ямар сургуулиуд байна?
Бидэнд гадаадын компаниудаас мэдэж авах, сурах, оруулж ирэх технологиуд зөндөө байна. Хөрөнгө оруулагчид бидэнд шууд мөнгө өгчихдөг юм биш. Хөрөнгө оруулагчдыг дагаад зөв менежмент, зөв шинэ технологи, Ноу-Хау, ажлын арга барил, шинэ зах зээл рүү гарах боломж орж ирнэ. Гэхдээ мөнгө нь ч гэсэн бидэнд хэрэгтэй. Тэднээс бид нар суралцаж байж өөрсдөө юмаа хийдэг болно. Өөрсдөө хийдэг болсныхоо үр шимээр манайд үлдэх ашиг нь нэмэгдэнэ. Тэр ашгаа тусгай баялгийн сангуудад хийж байж, боловсролын, эрүүл мэндийн системд хийж байж, дэд бүтэцдээ хийж байж энэ нийгмийг хөгжүүлж байгаад дараа нь солонгоруулах, төрөлжүүлэх, гадны бизнесүүдтэй олон салбарт өрсөлдөх боломжууд гарч ирнэ. Тэрнийг би богино хугацаанд хийцгээе. “Азийн чоно” болж хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий нийтээрээ шагшрах хэмжээнд ажиллая гээд байгаа юм.
 
-Хөрөнгө оруулагч, үндэсний үйлдвэрлэгчид хоорондоо шууд холбоотой байх нь?
-Шууд холбоотой. Би Монголд гар утас үйлдвэрээд Apple болон Samsung-аас сайжруулж чадна гэдэгт итгэдэггүй, автобус үйлдвэрлээд Солонгос, Орос, Хятадын автобуснаар хямд тусна гэдэгт итгэдэггүй. Тийм л мундаг инженерүүд юм бол эхлээд буруу талдаа байгаа машины рулийг нь нөгөө тал руу нь шилжүүлдэг болчих. Бусад газар тэгдэг л юм билээ. Тийм л мундаг программчид юм бол эхний ээлжинд ядаж Apple-ийн программ дээр ө, ү үсэг нэмээд өгөөчээ л гэж хэлмээр байна.
 
- Тэгвэл бид одоо эдийн засгаа яаж сэргээх боломжтой юм бол?
-Азийн хөгжлийн банк гурван жил эдийн засаг сэргэхгүй гэсэн прогноз гаргалаа гээд тийм болчихгүй. Бид сая УИХ-ын нээлтийн үеийнх шиг аашилвал жинхэнэ хямарч эхэлнэ. Алдаагаа засахгүй бол картны бараанд ортлоо хямарна. Бүх бизнесүүд дампуурч хүсээд байгаа баян, ядуугийн ялгаа арилаад хувьсгал гараад бид нар 1917 оны Оросын хувьсгалыг Монголдоо өөрсдөө хийхийг үзнэ. Өвөг дээдсийн минь байлдан тэмцэж, халуун амьдралаа зориулсан Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг заналхийлнэ. Хэрэв бид алдаагаа ойлгоод Тавантолгойгоо энэ сард, Оюутолгойгоо долоодугаар сараас өмнө хийвэл энэ онд манай эдийн засаг гурван хувиас хэд нугараад өсөх боломж байна. Бидний үг, үйлдлээс л хамаарч таарна. Одоо хариуцлагаа бүрэн ухамсарлаж байж дуугарах, хөдлөх хэрэгтэй.

-Тэгэхээр таныхаар бол  манай эдийн засгийн аврал нь хоёр толгой л юм байна?

-Хоёр толгойг хөдөлгөхөөс өөр арга байхгүй. Тэгэхийн тулд бид мөрөн дээр байгаа нэгийгээ, цээжинд цохилж байгаа зүрхтэйгээ нэг хэмнэлд оруулах хэрэгтэй. 

-Та тэгвэл Монгол Улс баялгийн хараат улс гэдэг санал нэгддэг юм байна. Тийм үү?
-100 хувь. Манайх уул уурхайн улс гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидэнд далай байхгүй, Ли Куан Ю байхгүй учраас бид нар хэзээ ч Сингапур шиг хөгжихгүй. Ли Куан Ю ч гэсэн нэг өдрийн дотор бүх зүйлийг өөрчлөөгүй. Тэгэхээр бидэнд хугацаа хэрэгтэй. Уул уурхайгаас орж ирсэн баялгаараа бид ирээдүйн Ли Куан Юг сургуульд нь бэлдээд чиний, миний хүүхэд өнөөдөр барууны дээд стандартын сургалтыг авч байж Монгол толгой хөдөлнө. Тэрнээс хоосон толгойгоор юм хөдөлгөх гээд байх хэрэггүй. Өнөөдөр Монгол толгой гайхалтай гэдэг ойлголт залуучуудад их байдаг. Сая нэг машины зогсоолын асуудлаар мэтгэлцээн болсон чинь машин ачих бол Монгол хүний уламжлалт ёс жудагт нийцэхгүй арга гэж ярьж байна. Машин ачихад ямар юмных нь Монгол уламжлал байдаг юм бэ. Бид хотод амьдарч байгаагүй шүү дээ. Машиныг хийгээгүй. Хотод бол бид америк европын уламжлалаар л явна ш дээ. Тэр нь хүний подьездны аман дээр замыг нь хаагаад машинаа тавьсан бол чиний машиныг чинь хэн нэгэн нь хүрч ирээд, ачиж аваачаад, тэр аваачсан зардлаа нөхөөд дээрээс нь чамайг дахиж битгий тэгээрэй гэж торгож, шийтгэнэ. Гэсгээнэ. Барууны стандартын хотод амьдарч байж “Нууц товчоо”-ноос машин ачих талаар ямар шийдвэр гаргахаа харах гээд байгаа юм уу? Ингэж туйлшруулж болохгүй ш дээ. 800 жилийн өмнөх юм тэндээ тэгээд л үлдсэн. Одоо бид Чингис хаанаа сайхан дээдлээд, арагшаа биш урагшаа хараад л амьдаръя л даа.  
Эрдэнэт үйлдвэр 1990 оноос биднийг авч явж ирсэн. Тэрнээс малчид биш шүү дээ. Малчид бол яахав эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа ч гэсэн эргээд хариуг нь сайн авдаг. Хүүхдүүд нь үнэгүй сурч байна, татварыг нь өмнөөс нь төлж байна дээрээс нь малаа цасанд авахуулчихвал нийгмээрээ аян өрнүүлээд даавуугаар нэмнээ оёод өгдөг. Өгөөтэй, аваатай л байдаг байх. Харин Эрдэнэт үйлдвэр бол эмч нарын, багш нарын цалинг тавьсан, энэ хотыг хөлдөөчихөлгүй аваад явж ирсэн. Бид уул уурхайн улс гэдгээ одоо бүгд ойлгох хэрэгтэй. Яахаараа малчид нь баатар болоод уурхайчид нь болдоггүй юм. Би гэхдээ малчдыг бүр үгүйсгэж байгаа юм биш шүү. Зүгээр л малчдыг тэнгэрт өргөчихөөд уурхайчдыг газарт хийхээ боль, ядахдаа тэнцүүлчих л гэж байгаа юм. Малчдын байгаль орчинд үзүүлж байгаа хор нөлөө уурхайчдынхаас хэд дахин илүү. Тэр бол шинжлэх ухаанаар батлагдсан. Нэг айлын өвөлжөөн дээр нэг уурхай нээгээд 300 хүн очиж ажиллаад энэ улсад олон зуун тэрбум төгрөгийн татвар төлж байгаа. Би таалагдахгүй зүйл ярьж байгаа гэдгээ мэдэж байна. Яагаад гэвэл уул уурхай нь олон хүн буюу сонгогч ажиллуулдаггүй. Гэхдээ бүх хүмүүс талбай дээр байгаа цагаан хоолойтнуудыг дагаад дэмий ш дээ. Зарим нь үнэнийг байгаагаар нь, шалднаар нь, нүүрэн дээр нь хэлдэг байх ёстой.
 
-Оюутолгойг Эрдэнэт үйлдвэртэй улсад оруулж байгаа орлого, татвараар нь харьцуулж их ярьдаг?
-Эрдэнэт үйлдвэр 1973, 1975 оноос ажиллаж эхлээд нэг ч төгрөгийн татвар төлж, орлого өгөхгүй байж байгаад ерээд оноос л өгч эхэлсэн. Гэтэл Оюутолгой хэдэн онд гэрээ нь зурагдаад хэдэн онд ажиллагаа нь хагас дутуу эхлээд өнөөдөр хэдэн төгрөгийн татвар төлсөн байгааг харчих. Ажиллаж дөнгөж эхэлж байгаа үйлдвэр. Хагас дутуу байдлаар явж байгаа гэхэд манай улсын хоёр дахь том татвар төлөгч нь болоод явж байна. Тэднийг тойрсон бэлтгэн нийлүүлэгчдийн бүтэн арми байна. Цаана нь хичнээн хүн ажлын байртай, хичнээн хэмжээний баялаг бүтээгдэж, бизнесийн шинэчлэл хийгдэж, татвар хуримтлагдаж байгааг бүрэн дүүрэн тооцоход бэрх. Өмнө нь судлаачдын дүгнэлтийг харж байхад манай эдийн засгийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг болно гэсэн наад захын тооцоо явдаг байсан. Бид гацаагаагүй байсан бол шүү дээ. Бод доо, чиний эргэн тойрны хүний 30 хүний 10-ынх нь өмнөөс ажиллах үйлдвэр. Асар том нөлөө. Бидний амьд сэрүүнд Монгол Улсыг энэ дэлхийн хамгийн баян, хамгийн хүчирхэг, хамгийн аз жаргалтай улсын нэг болгох чадалтай төсөл. Ёстой амаа барина гэгч нь болж байна. Аймаар. Харамсаж байна. Биднийг ядуу, хараат, хоцрогдмол байлгах хар хүчин дийлж ирлээ. Одоо бид ухаарах, эргэлт хийх л үлдлээ. Би үүнийг өөрийн үр хүүхдийн ирээдүйн төлөө хийж байна.
 
Бид яагаад энэ Оюутолгойн бүтээн байгуулалтаар бахархаж чадахгүй байна аа. Миний харж байгаагаар бол энэ бол 21 зууны Монголын шилдэг бүтээн байгуулалт. Бидний ирээдүйг эргэлтгүйгээр өөрчлөх гайхамшигтай үйлдвэр. Дэлхийн амыг ангайлган алмайруулах амжилт. Тэр талаас нь нэг хараад үз. Тэгээд садаа хийхээ боль.
 
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ч.Ганхуяг: Надад айх зүйл байхгүй учраас популистуудад автах шаардлагагүй   
Үзсэн: 14708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-05-27 17:45
2 tolgoi zugeer suuj baigaa humuust mungu ugno gesen uls turchdiin hudlaa yaria bainga yavj baina. Harin 2 tolgoi ajillaad ehelbel ajil erhelj baigaa buh humuus orlogo olno.Unoodriinh shig belen mungu humuust ugno gej hudlaa yarisan heden uls turchdiin togloom bolbol humuus ur shimiig ny hurteegui baihad ih urond gadniihnii hool bolno.
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-05-27 16:29
Талх Ганхуяг ингэж ичих нүүргүй ХУДАЛ ярихаа болио: Ухаантай царайлж худлаа цэцэрхэсэн шоучин
70.192.238.xxx [70.192.238.xxx] 2015-05-18 11:23
bas ix er yumaa.zuv l bna shyydee.ta nariin tsag ye ireed bna.
103.229.176.xxx [103.229.176.xxx] 2015-05-15 09:14
манай УИХ-д маань энэ хүн шиг 76 гишүүн байсан бол өдийд Азийн бар болдоггүй юмаа гэхэд, өнөөдрийнх шиг ингэж алийгаа алдчихсн дампуу улс байж байхгүй л байсан байх даа
103.229.176.xxx [103.229.176.xxx] 2015-05-15 09:02
Би ч гэсэн монголчуудынхаа өмнөөс уучлалт гуймаар байна. Ийм дорой, бүдүүлэг, ухамсаргүй хүмүүсээс би гутаж, харамсаж байна. БИ Ч ГЭСЭН БАС ГУТАЖ БАЙНА.
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2015-05-05 14:39
Good luck
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2015-05-05 14:39
Good luck
202.131.236.xxx [202.131.236.xxx] 2015-05-05 12:05
Юун бухимдуу юм бэ дээ.
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2015-04-29 17:31
Зөв л ярьсан байна. Ганхуягийг дэмжиж байна. Энэ юу ч мэдэхгүй ховын үгийг мэдлэг гээд ойлгочихсон хийрхсэн улсууд их байгаа нь л харамсалтай байна. Ийм хийрхэгчид байхгүй болоогүй цагт улс яаж хөгжих вэ дэ. Юмыг яг ингэж олйгож байгаа хүмүүс дийлэнх болоогүй цагт садаа бологч нар хөгжилд саад болсон хэвээрээ л байна. Ганхуягт амжилт хүсье
202.131.232.xxx [202.131.232.xxx] 2015-04-22 14:24
ЗӨВ БОДОЛТОЙ ЗАЛУУ БАЙНА. ДЭМЖИЖ БАЙНА. ТЭР МУУ БОСОО ХӨХ МОНГОЛ ГЭГЧ ГАНХУЯГЫГ БОСОЖ ИРЭХГҮЙ БОЛТОЛ НЬ НАМ ДАРААД ӨГ. ХЭЗЭЭ Ч ИЙМ ЭХ ОРОНС МОНГОЛД БАЙГААГҮЙ. ЗААЛАНД ГАНЦ ДАВЖ ЧАДАХГҮЙ БОЛХООД ИРХЭЭРЭЭ МӨНГӨ ОЛОХ АРГАА ЭХ ОРОНЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ХУДЛАА НЭРЛЭСЭН ИЙМ НОВШНУУД МОНОГЛД ХЭРЭГГҮЙ...
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-04-16 23:33
Bravo.Amjilt
76.90.240.xxx [12.52.45.xxx] 2015-04-16 00:28
mongolchin sunuhguud bna oilgojinu umnun yahuu urgui baij bgad kartiin baraand orson odoo 2 terbum dollar buyu 4 mingan terbum tugrug zugeer sain gesen 4000 suragchid ughud bid nar terbumtnii too 4000 aar nemegdeh tiim ih urtui humuus yadaj baital bayalagaas uur uguh um yuch baihgui yagad gevel anhnaas uurhaigaa hhaj ediin zasagaa nuhsuur irsen bolohoor dotood iin uildverlel muu hugjsun dahiad helii ta nar bugd ulsuj uhne shuu esuul urunduu barigdaad paris iin club d hudaldagdan shuu
76.90.240.xxx [12.52.45.xxx] 2015-04-16 00:28
ter talh geed bga fukc garuud bnaa. hudalaa visda nar hunii g medehgui baij hudlaa zalhaa bolioch visda min erdenet ashigtai g harj chadaj bgan bol yagad ott bolon TT iig yagad uguisged bgan visda min oilgomjtoi bish bain gejuu iluu l deerdish dahiad neg erdenet bna ged bodoldoo bas deern hunii mungiig guij um hiih gej bga um bol nuguu hundee ashigtai bdin bgazdee zugeer chamaig tejeehged company aa ersdeld oruulan baij tiim ih hurungu oruulalt hiihuu ter talh ged bga nuhduudud helehed bas deern bisdaa naad
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-04-15 19:12
Ухаантай царайлж худлаа цэцэрхэсэн шоучин
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-04-15 17:49
Хахаха
194.95.1.xxx [194.95.1.xxx] 2015-04-14 05:42
ha ha medrel garuud baih yum aa. maluudaa erdenet uildwer olon jiliin omno ashigalaltand orood ajil ni jigderchisen gajar. naad oyu tolgoi chin dongoj ehelj baina.
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-04-14 01:57
Талх Ганхуяг ингэж ичих нүүргүй ХУДАЛ ярихаа болио:: --Эрдэнэт үйлдвэр 1973, 1975 оноос ажиллаж эхлээд нэг ч төгрөгийн татвар төлж, орлого өгөхгүй байж байгаад ерээд оноос л өгч эхэлсэн.-- Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа эхэлсэн жилээсээ эхлээд бүх татвараа жил алгасалгүй төлж ирсэн!!! Бүхэл бүтэн хотыг босгосон Монголын төсвийн 25% дангаараа бүрдүүлдэг бүтээн байгуулалтыг чам шиг тархи муутай, гадныхны бөгсгийг долоож голоо зогоодог долдой доромжлохгүй за!! Талхаа тэгээд зогсчих!! 2014 онд Эрдэнэт 365 тэр бумын татвар төлсөн байхад Эрдэнэтээс 5 дахин том Оюу Толгой дөнгөж 87 тэр бумын татвар төлсөн нь бодит баримт за!!! Мулгуу ТАЛХ ГАНХУЯГ чи цээжлээд ав за.
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-04-14 01:52
Талх Ганхуяг ха ха ёстой л талх нэрэндээ зохицож дээ та!! *Малчдын байгаль орчинд үзүүлж байгаа хор нөлөө уурхайчдынхаас хэд дахин илүү. Тэр бол шинжлэх ухаанаар батлагдсан" Ийм л малууд гадны гар хөл болж ухаантай царайлж, бөгс долоож яваад төрд гархыг санаархаад байхаар Монгол сөнөх нь зөв. Яг л энэ талх шиг дүнхүү новшнуудаас болж Монгол хөгжихгүй бүүр сүйрэл рүүгээ явж байна
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-04-14 01:51
Талх Ганхуяг ха ха ёстой л талх нэрэндээ зохицож дээ та!! Ийм л малууд гадны гар хөл болж ухаантай царайлж, бөгс долоож яваад төрд гархыг санаархаад байхаар Монгол сөнөх нь зөв. Яг л энэ талх шиг дүнхүү новшнуудаас болж Монгол хөгжихгүй бүүр сүйрэл рүүгээ явж байна ..
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-04-14 01:50
sdfadfa
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-04-14 01:30
Medeh ni bas medehl bh medehgui ni itgeh l bh Dandaa jalga dovnii uzeltei humuus bh yumaa setgehuinuud ni yatsan humuus bdag yum Bol oo Mongol Uls Mongol undestnii tsogts bodlogoor l hugjinu gehdee hen geh aaviin huu uuniig Bol
123.241.210.xxx [123.241.210.xxx] 2015-04-14 00:45
Зөв хэлжээ яадаг юм бүх улс төрч залуус нэг л их албархаг цэцэрхэг ярьдагаас шал өөрөөр байгаа юмыг байгаагаар нь тас түс л хэлж сайн, ер нь бид өөрсдөө л энэ зи энэ женко(төмөр зам ) алтантуяа портуна (бонд) энэ занданшатар хүрэлбаатар бямбацогт (хөрөнгө оруулалтын эсрэг хууль) гэх мэт эдийн засгийн алуурчидыг сонгож өнөөдөрөөс хэд дахин баян урагш ахичих байсан улсаа баллуулж байгаа ш дэ дэ. 25 жилд нэг тохиох циклийг алдсан. Бид одоо 35 тай, одоо намайг 60 тай байхад дахин ийм боломж гарна, гэтэл тэр үед нь дэлхий нүрс нефт ашиглаж эрчим хүч гаргадаггүй л болцон манаы нүүрс хог л болчихсон байх байхгүй юу да, манайх ойрын 20 жил хөгжихгүй ээ учир нь энэ 10 жилд багшилж байгаа багш нараа хар, их сургуулиудаа хар, шу аа хар, эрүүл мэндээ хар, юм мэдэхгүй байж энэ худлаа эх оронч царайлсан зангаа хар, хүн нь хөгжихгүйгээр хөгжсөн улс дэлхийд байдаггүй л юм да юу үнэн тэр үнэн ш дэ
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-04-13 23:28
Neg tiim uzel bodloor n angilsan ungu yastai bn aa. Uuriinh boddogoos uur bodoltoi bol huleen zuwshuuruh oigloh husel bhku yum shg sanagdlaa
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-04-13 23:25
Зоригтой сайхан л ярилцлага өгж. Бөхчүүдийн нэр хүнд унаж дууслаа. Нэрээ цэвэрлэж аваарай. бүү бууж өгөөрэй. дэмжиж буй шүү
203.169.52.xxx [203.169.52.xxx] 2015-04-13 23:24
Ter boh mohtoi hartsiulashgui tolgotoi zaluu bgain, amjilt
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-04-13 21:43
uhaantai tsarailj songuulid oroh geed l bnuu chi yavahguy ee
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-04-13 21:41
ӨМНӨХ ЗАСГИЙН ҮЕЭЭС Ч БИШ БАЙХ. 2007 2008 ОНЫ ҮЕЭЭС Л ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРЧ ЭХЭЛСЭНШДЭЭ.ЭНИЙГ ЯАЖ Ч БУЛХАЙЦААД НУУЖ ЧАДАХГҮЙШДЭЭ.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-04-13 17:53
хаяа жаахан овлиггүй улс төр хийгээд байдаг болохоос үнэн л ярилцага байна энхболд дарга сая том тэнэгтсэн дээ ухаарсан болвуу улам ичсэн хүн хүн ална гээч болох болвуу уул нь зөв бодолтой л хүн шиг санагддаг байсан юм ямар чөтгөр нь хатгаад тэгсэн юм болдоо
119.57.66.xxx [119.57.66.xxx] 2015-04-13 14:58
Mongol bohchuud ihenh ni mahan tolgoitnuud. Eersdiigee Mongolyn ard tumnees avlagatai meteer bodoj aashildag. Barildahdaa ch bulhai, luivar hiine. Nairna, sergeesh hereglene. Ganhuyag uneheer zev yum yarij bn. Iim sain zaluug gutgej doromjilj bgaa Ganhuyag gedeg mahan tolgoitnuudyg stadiond endgeer shidej heej, Mongol behiin devjeeg tsever ariunaar ni avch uldie! Bid uul uurhaigaa hedelgej baij l uls rorn eedlen devjine. Gadny har huch gedeg ni Oros, Haltmaagiin Battulga, Gansukh, Zi. Enkhbold metiin yavuullaga.
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2015-04-13 14:35
Uhaantai l zaluu bn amjilt huseye
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-04-13 13:06
хөөрхий дөө л гэхээс амар хялбар боломжоор хөрөнгөнд хүрвэл сохордог мартдаг хүний балай яриагаар хүмүүний амьдралыг ангилж харчихаад нэг талд суусан бас нэгэн адилхан нөгөө талаас нь хуурамч популизм хийдэг л хүн байна ш дээ ийм хүмүүсийн арга өөрсдийнхөө эхлүүлсэн хүндрэл хямралаар халхалж үүсгэсэн хүндрэл гэж гаргасан ногоонуудаа хэлбэлзэл оруулах гэж мунхруулж даапалж суугаа хүн юм
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2015-04-13 12:04
Ер нь энэ Ганхуяг гэдэг залуу их зөв бодолтой. Залуучууд ийм нэгнийхээ хэлсэн ярьсан, байр суурь зэргээс нь сурч авах хэрэгтэй. Харин тэр босоо хөх Монгол гэгчийн Ганхуяг гэдэг бөх нөхөр хэн нэгнийг утгагүй муухай гүтгэнэ гэдэг өөрөө хэн болохоо л харуулж байгаа юм. Тийм юм ярьж явна гэдэг хүмүүжил, боловсролын байдлаа л харуулж байгаа хэрэг. Иймэрхүү нөхдүүдээр олон түмнийг үймүүлэх бололцоогоор хангаад байгаа юм шиг санагдах юм. Тэр гадаадын хүмүүсийг айлгаж ичнээнэ гэдэг байж болох уу таминь ээ.???????????????
43.242.241.xxx [43.242.241.xxx] 2015-04-13 12:03
Бид яагаад энэ Оюутолгойн бүтээн байгуулалтаар бахархаж чадахгүй байна аа. Миний харж байгаагаар бол энэ бол 21 зууны Монголын шилдэг бүтээн байгуулалт. ОВОО ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ӨӨДРӨГ ҮЗЭЛТЭЙ ЗАЛУУ БАЙНА ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕ

Бидэнтэй нэгдээрэй