Шууд Chart

Ш.Түвдэндорж: АН-ын гишүүд Казиногоос орж ирэх мөнгийг нийгмийн шинж чанартай ажилд зарцуулах ёстой гэж үзэж байгаа

2015-04-13 13:20:03

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Бүлгийн хуралдааны талаар тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндоржоос дараах тодруулгыг авлаа.

- Бүлгийн хурал дээр улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонссон гэлээ. Одоогоор уг өвчний нөхцөл байдал ямар байгаа болон хэрхэн намжаах асуудлаар ярилцав уу?
-  Улаанбурхан өвчин устсан гэж байсан ч дахин сэдэрлээ. Вакцинжуулалт муугаас болж энэ өвчин дэгдсэн. Засгийн газраас  дэгдэлтийг нь намжаахад хэрэгтэй эм, тарианаас эхлээд бүхий л зүйлээр хангаж ажиллахыг Онцгой байдлын газар болон Эрүүл мэнд, спортын яаманд үүрэг болгосон байгаа.
 
- Уул уурхайгаас олсон мөнгийг орон нутгийн хөгжлийн санд оруулахдаа юунд  захиран зарцуулахыг нь нарийн зааж өгсөн үү. Тухайлбал, юунд зарцуулж болох, болохгүй гэсэн заалт байгаа юу?
-Уул, уурхайгаас орж ирсэн мөнгийг ямар ажилд зарцуулах саналыг сумын иргэд гаргана. Сумын иргэдийн саналыг хэлэлцэж, хэрэгжүүлээд явна. Харин улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, ТББ-ууд, Үндэсний баяр наадмаас бусад арга хэмжээ, иргэдийн саналыг тусгаагүй зүйлд тус мөнгийг хэрэглэхийг хориглосон байгаа. Мөн ямар нэгэн өр зээлийн төлбөрт төлөхгүй. Уул, уурхайн том төслүүдээс орж ирэх мөнгө улсын төсөвт орж ирдгээрээ ирнэ. Харин зарим хөрөнгө төсөв рүү бус орон нутаг руу орно.
 
- Төсөв рүү ордог мөнгө орон нутгийн сан руу орохоор Төсвийн бүрдүүлэлтэд нөлөөлөх магадлал хэр байгаа бол?
 - Төсөвт нөлөөлөхгүй. Ашигт малтмалын олборлолт явуулж байгаа орон нутагт мөнгө нь орж иргэдэд нь ашигтай байх хувилбар гарч ирнэ.
 
-  Бүлгийн өнөөдрийн хурал дээр Тавантолгойн асуудлаар дахин ярилцсан уу?
- Намын бүлгийн удирдлагууд УИХ-ын удирдлагатай ярилцаад одоо хийгдэх гэж байгаа гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж байгаа. Энэ долоо хоногт багтан уг асуудлаар байр сууриа нэгтгэнэ.

- Казиногийн хууль дээр байр сууриа нэгтгэсэн үү?
- АН-ын гишүүд Казиногоос орж ирэх мөнгийг нийгмийн шинж чанартай ажилд зарцуулах ёстой гэж үзэж байгаа. Ер нь энэ хуулийг батлахад буруудахгүй гэж байгаа. АН-ын гишүүд өөр, өөрийн байр сууринааас хандана.
 
-Эрчим хүчний байгууллагуудын тавьсан өрийг улсын өрд тооцохгүй гэсэн хуулийн заалт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаа гэсэн. Үүнийгээ тодруулаач?
- Эрчим хүч, Төмөр замын өрийг улсын өрөнд хамааруулахгүй гэж байгаа. Тус хоёр чиглэлийн төслийг тухайн зээл авч байгаа аж ахуйн нэгж, зээл өгч байгаа банк хоёр хариуцлагыг нь үүрнэ. Түүнээс улс ямар нэгэн баталгаа гаргаагүй. Тиймээс аж, ахуйн нэгж, банк, даатгал нь хариуцлагаа бүрэн хүлээнэ.
       
Нийтэлсэн: О.Энхмаа

Ш.Түвдэндорж: АН-ын гишүүд Казиногоос орж ирэх мөнгийг нийгмийн шинж чанартай ажилд зарцуулах ёстой гэж үзэж байгаа  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй